Хүннүгийн ертөнц бол яах аргагүй Төв Азийн нүүдэлчин ард түмнүүд хийгээд алс өрнө зүгт нүүж одсон Европ дахь Хүн нарын нийтлэг ертөнц, нэг угшил гарваль, нэг аж төрөх ёсон, нэг соёл иргэншлийн цөм нь байсан болой. Тэднээс хожим хойдын олон нүүдэлчин ард түмэн төрөн гарч, тэдний ахуй ёс, амьдрал хэвшлийг нь өвлөн залгасаар ирсэн юм. Тэр тухай бид багагүй мэднэ. Харин Хүннүгээс өмнө хэн хэн, ямар амьдрал замналаар замнаж өнгөрснийг бид цаашид судлан гаргаж ирэх нь зүйн хэрэг болон тавигдаж байнам.
Хүннүгийн нэг удам хойчис болсон Монголчууд бид, бидний өвөг дээдэс гайхамшигтай түүхтэй ард түмэн билээ. Харин бид ийм агуу гайхамшигт түүхтэй гэж хэнхдэг цээжээ дэлдэн, монгол хүн бусдаас онцгой агуу, монголчууд л дэлхий ертөнцийг аварна гэж хийрхэн цэцэрхэх хэрэггүй. Хүн болгон, ард түмэн бүхэн адилхан. Харин хэн нь ямар түүх намтартайгаараа л ялгаатай. Тэгэхлээр бид энэ түүхээ мэддэг байх хэрэгтэй, эх цадигаа санадаг байх хэрэгтэй, тэгэх тусмаа улам ухаалаг, улам даруу, хичээнгүй зөв явдалтай болох ёстой.
Гэтэл өнөөдөр энэ бүхнийг ухаарч ойлгодог хүн олон биш, уншиж судалсан нь бүр цөөхөн, үзэж бичсэн нь бараг үгүй байнам. Бидний мэдлэг өчигдрөөр хязгаарлагдаж, бидний түүх саяхан эхэлсэн мэт л ойлгодог аж. Хүн төрөлхтөн урагшлан хөгжихийн хэрээр, удам судраа эргэн харж, эх түүхийнхээ уг руу ярган орж судлан тогтоож байх учиртай. Гэтэл бид өнөөдөр XIII зуун дээр л овоорсоор, түүнээс чанагш бидний түүх байгаагүй юм шиг, түүнээс урагш монголчуудын өвөг дээдэс байгаагүй юм шиг хандсаар байна.
Гэтэл тэртээх XIII зуунд дэлхийн дайдыг монгол морины туурайгаар тамгалан хураасан Тэмүүжин Чингис хаан, нангиадын бомбын ёсны их арш Чанчунь бомбод илгээсэн урилгын захидалдаа: "...Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэг улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой..." гэж дурдсан байдаг нь бидэнд маш ихийг өгүүлж байна. Нэгдүгээрт, Чингис хаан түүхийн гүнзгий мэдлэгтэй байжээ гэдэг нь харагдана. Хоёрдугаарт, Хүннү бол Монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг нотолж өгч байна. Их хааны амнаас гарсан энэ үг бүхэн үнэ цэнтэй.
XIII зууны монголчууд тэнгэрээс бууж, газрын гүнээс гарч ирээгүй. Тэдний өмнөх үе гэж байсан, бас тэдний өмнөх үеийнхэн ч гэж байсан нь мэдээж. Иймд бид эх түүхээ, удам судраа найман зуунаар хязгаарлалгүйгээр, даруй хоёр мянга, гурван мянга, таван мянганы тэртээх цаг үе рүү ярган хүрч, нүүдэлчин угсаатнуудын намтар цадигийг сэргээн гаргаж ирэхийн төлөө явах ёстой. Ийм боломж бий, бий учраас хийх хэрэгтэй. Азийн хүннү нарын тухай эртний түүх бичлэг ихэвчлэн хятад хэлээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ тухай маш ихийг өгүүлэх хэрэгтэй болдог тул жич өгүүлэх нь зүйтэй юм.
Европ дахь Хүн нар хийгээд тэдний агуу их эзэн хаан Аттилагийн дүр аажмаар үлгэр домог, уран сэтгэмжийн дүр болон амилж, уран зохиолын олон янзын бүтээл туурвилд мөнхөрсөн байдаг. Тэгэхдээ Хүн нарыг, тэдний хаан Аттилаг сайнаар ч, муугаар ч, аль алинаар нь дүрсэлж иржээ. Ялангуяа дэлхийн нэгдүгээр дайн дэгдэснээс хойш европчууд германчуудыг Аттила хааны хүннүчүүдтэй зүйрлэх болсноор хүннүчүүдийн тухай урьдын үзэл ойлголт нь ихээхэн өөрчлөгдсөн юм. Орчин үеийн тийм зохиол бүтээлүүдийн нэрсийг дурдаж барахын эцэсгүй тул энд би зөвхөн эртний хэдэн уран бүтээлээс цухас дурдья.
Европ дахь христосын шашны сүм хийдүүдийн он дарааллын бичиг сударт Хүн нарын тухай ихээр бичиж тэмдэглэсэн байдаг бөгөөд тэр бүхэн нь ямагт сөрөг утга агуулгатайгаар дүрслэн бичсэн байдаг. Хүннү нартай нэгэн цаг үед аж төрж, уулзаж учирч, хэрэг хэлэлцэж явсан олон хүн тэдний тухай бичиж үлдээсэн байдаг. Херодот, Плиний, Прискус, Прокопиус, Марселинус, Иорданис, Проспер, Каллиника, Кассиодорус, Олимпиодорус, Зозимос... гээд тэр бүгдийн нэрсийг жагсаах гэвэл ихээ урт болно. Бас орчин үеийн судлаачид болох Де Гинн, Эдвард Гиббон, Прицак, О.Мэнчен-Хэлфен, Франц Альтхайм, Рене Груссе, Яакинф Бичурин, Жон Манн гээд бүр олон арван нэрсийг энд тоочихын эцэсгүй.
Хүн нар хийгээд Аттила хааны нэр алдар хамгийн ихээр гардаг зохиол бол эртний германы "Нибелунгийн дуулал” хэмээх томоохон туульсын найраглал юм. Энэ найраглалд Аттила шилдэг удирдагч, гарамгай жанжин, харьяат албатдаа тэгш шударга, халамжтай ханддаг энэрэнгүй сайн хааны дүрээр гардаг. Тэгвэл мөн үеийн скандинавийн ард түмнүүдийн туульсын найраглал болох "Эддагийн дуулал”-д Аттила аймшигт догшин, харгис хэрцгий хаан, хамгийн муу муухайгийн үлгэр жишээ болон дүрслэгдсэн байдаг.
Энэ мэтээр цаг хугацаа улиран өнгөрөх тусам Аттила хааны дүр төрх бодит намтар бүхий бие хүн байсан гэхээсээ илүүтэйгээр үлгэр домгийн дүр болон хувирчээ. Тэрбээр дундад зууны үеийн алдарт яруу найрагч Данте Алигерийн "Тэнгэрлэг хошигнол” туульсын найраглалд "Тэнгэрийн ташуур” алдраараа мөнхөрч, алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн "Аттила” дуурьт догшин эзэн хааны дүрээр тодордог бол, 1667 онд тавигдсан францын Пьер Корнейлэгийн 20 үзэгдэлт жүжиг, 1808 онд тавигдсан германы Захария Вернерийн эмгэнэлт жүжигт Аттилагийн дүр голлодог юм. Ийм сэдэвтэй ардын дуу, шүлэг найраг, зүйр цэцэн үг хэллэг, роман тууж, жүжиг, дуурь, уран зураг, хөшөө баримал, одон медаль, мөнгө зоос маш олон бий. Тэр бүхний хамгийн сүүлийнх гэж одоохондоо хэлж болох Аттила хааны дүр бүхий мөнгөн зоосыг 2009 онд Казахстан улсын банкнаас үйлдвэрлэн гаргасан байна.
Нэг үгээр хэлэхэд эртний дэлхий дахины түүхэн дэх өөр нэг ч бодит хүн түүн шиг ингэж ихээр уран бүтээлд дүрслэгдээгүй хэрэг. XX зуун дөнгөж эхэлж байхад германчууд Дэлхийн нэгдүгээр дайныг өдөөснөөр европчуудад мянга таван зуун жилийн тэртээх Хүн нарын байлдан дагууллыг эргэн сануулж, тэдэнтэй хүч хавсран Европыг эзлэн түрэмгийлсэн готуудын удам угсаа болсон германчуудыг Хүн нартай адилтган догшин зэрлэг, бүдүүлэг харгис ард түмэн гэж үзэж, тийм дүр төрхөөр уран бүтээлд дүрслэн, жигшин үзүүлэх давалгаа өрнөсөн билээ. Өнөөдөр тэр бүхэн дээр нэмэгдэж орчин үеийн урлагийн ололт болсон баримтат ба уран сайхны кино, хүүхэлдэйн кино, бусад төрлийн тайз дэлгэцийн бүтээл, компьютер тоглоом гээд янз бүрийн зүйлс үй олон болжээ.
Гэхдээ Азийн Хүннү, Европын Хүн нарыг хоорондоо огтын ялгаагүй адилхан нэг янзын хүмүүс байсан гэж үзэж болохгүй. Үүнд цаг хугацааны ялгал ч нөлөөлж буй, орон зайн ялгал ч нөлөөлж буй. Азийн цээжнээс нүүдэллэж одсон хүннүчүүд гурван зууны дараа сая Европын гүнд хүрч очихдоо зам зуурын олон арван угсаатан, үндэстнийг өөртөө нэгтгэн авч, тэр хэрээр уусч холилдон өөрчлөгдсөн нь мэдээж. Харин хүннү угсаатны гэгдсэн өвөрмөц онцлог бүхий үндсэн гол шинжүүд хадгалагдсаар байсан гэж үзэх нь зүйтэй юм.
Зарим хүн "монголчуудын өвөг дээдэс түүнээс ч урт намтар түүхтэй, тиймээс энэ тоо бол буруу, бид хэдэн мянган жилийн түүхтэй ард түмэн” гэж шүүмжилдэг. Тэр үнэн. Эртний хятадын түүх бичлэгээс хүннүгийн өвөг дээдэс болсон нүүдэлчин ард түмнүүд нийтийн тооллын өмнөх мянга шахам жилийн тэртээд төр төстэй нэгдэл байгууламж бий болгон нэгэн дээвэр дор нэгдэж ирсэн байдаг. Тийм ч учраас үүнийг өгүүлэгч бээр "Монголчуудын түүх бичлэг лавтайяа нэг мянган жилээр урагшлах боломжтой” тухай судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн билээ. Гэхдээ түүх бичлэг бол цаг хугацаа, он тоололтой нягт холбоотой байж, түүхэн үйл явдал чухамхүү он тооллоор л гэрчлэгдэж, баримтлагдаж байдаг. Нүүдэлчин ард түмнүүд төр улсаа байгуулсан тухай хамгийн анхны тодорхой он тоолол бүхий мэдээ баримт нь нтө 209 он юм. Тэгэхлээр бид үүнийг баримтлахаас өөр аргагүй.
Монголчууд уг гарваль, эх түүхээ эртний хүннүтэй холбон үзэж, судар шасдир, шүлэг найрагтаа титэмлэн дээдлэн бичиж ирсэн уламжлал бий нь шинжлэх ухааны ч үндэстэй, гүн утга учиртай юм. Тэр бүхнийг эс дурдан, энэхүү өгүүллээ их зохиолч Д.Нацагдоржийн нэгэн шүлгээр өндөрлөе. Их зохиолчийн маань мэндэлсний 110 жилийн ой энэ өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр тохиож байна. Их зохиолчийг би түүхийн мундаг мэдлэгтэй хүн байсан гэж болддог. Тэрээр зөвхөн дорно зүгийн хэл бичгээр буй түүхийн эртний эх сурвалжуудыг гүнзгий үзэж судалсан төдийгүй, Германд суралцаж байхдаа бас өрнийн хэл бичгээр байдаг түүх бичлэгүүдээс ч ихийг олж үзсэн хүн байжээ. Тэр ч бүү хэл, Берлин хотод байдаг Аттилагийн гудамж, Аттилагийн талбай зэргийг ч сайтар мэдэж, ямар учиртай нэр хаяг болох, түүний цаана ямар үүх түүх нуугдаж байдгийг ч эргэцүүлэн бодож явдаг байсан буй заа. Чингэж байж гэмээн энэ түүхийн шүлэг төрсөн нь гарцаагүй. Манайхан ч бас хүннү сүннүгийн сэдвээр зохиол бүтээл туурвиж байсны саяхны нэгэн гэрч нь энэ мөн:
ТҮҮХИЙН ШҮЛЭГ
Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх магад их гэрэлтэй.
Гэгээн наран мандсаар хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс бид энд оршсоор.
Хэдийн балар цаг таван мянган жилийн өмнө
Хойд газарт оршиж хол ойрыг хувьсгасан.
Хүннүгийн үед хүрээд хүчирхэг улсыг мандуулсан,
Хянган уулын тэндээс Тэнгэр ууланд тулсан.
Энэхүү Хүннүгийн улс хоёр мянган жилийн тэртээ
Өмнө Нангиадыг сүрдүүлж Урт хэрмийг цогцлуулсан.
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан.
Өөрийн дурсгалт зүйлээ Монгол орондоо үлдээсэн.
Сяньби, Тобагийн Монгол шасдир түүхийг залгамжилсан,
Түрэг, Уйгуртай нийлж төрөлх орноо сахисан.
Харь хязгаар газар дор Хитан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алин дор хэзээд эрэлхэг явсан.
Хаан Чингисийн үе дор хамаг улсын тэргүүн дор
Хөх Монголын үрс хуяг дуулгаа засацгаасан.
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхнээ манлайлсан.
Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүг дор мандсан эцэг өвгөдийн гавьяа.
Нармай төрийг байгуулсан дэлхий дахинаа гавьяа,
Манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтнөө гавьяа.
Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын төлөө хэмээх сэтгэл манай зүрхнээ холбоотой.
Өсөхөөс сурсан үндэсний хэл орхиж болшгүй соёл мөн,
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн.
Хангай дэлхий хэвээр атал хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж, урагших замыг давшилтай.
Харийн хөнөөл хэтрэх дор үндэсний хувьсгал гарсан,
Түмэн оны энхийг ийнхүү бид тэмцэн бүтээнэ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР