Төв, орон нутгийн прокурорын
байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж байна.
Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 60 орчим
удирдах ажилтан оролцож, прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг
үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял
эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд
оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, амжилт, алдаа,
оноо, цаашдын үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар
хэлэлцэж буй юм. Энэ үеэр Дорнод аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ууганбаатартай ярилцлаа.
Дорнод аймгийн хэмжээнд
эрүүгийн нөхцөл байдал ямар байна вэ.
Өнгөрсөн онд олны анхаарал татсан
хэд хэдэн ноцтой хэрэг гарч байсан шүү дээ.
Тус аймгийн хэмжээнд 2016 онд 506 гэмт
хэрэг үйлдэгдсэн. Хэргийн ангиллаар нь авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай
ангид заасан хөнгөн гэмт хэрэг 287, хүндэвтэр хэрэг 263, хүнд хэрэг 43,
онц хүнд хэрэг 25 гарсан байна. Үүнийг 2015 онтой харьцуулахад хөнгөн
нь 15.5, хүндэвтэр нь 35.5, хүнд хэрэг 33.8 хувиар буурсан. Харин онц
хүнд хэрэг 38.8 хувиар өссөн дүнтэй гарлаа.
2016 онд хэрэг бүртгэлт, мөрдөн
байцаалтын ажиллагаанд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан
нийт хэргийн тоон үзүүлэлтийн хувьд 618 хэрэгт хяналт тавьж ажилласан нь
2015 оноос 213 хэрэг буюу 25.6 хувиар буураад байгаа юм.
Онц хүнд хэрэг өссөн шалтгааныг судалж
үзэхэд ахуйн хүрээний архидалттай холбоотой нь батлагдсан. Дорнод аймагт
2014, 2015 онд ганц хэрэг гарч байтал энэ онд хүн амины хэд хэдэн
ноцтой хэрэг гарсан нь онц хүнд гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарах
шалтгаан боллоо. Бид 24-48 цагийн дотор онц хүнд гэмт хэргүүдийг шуурхай
илрүүлсэн.
Танай аймгийн зургаан боомтоор хууль бусаар эд зүйл гаргах хэрэг хэр их гардаг бол?
Урьд жилүүдэд загас, чоно, дэрвэгэр
жиргэрүү гэдэг өвс гаргасан, нэвтрүүлэхийг завдсан хэрэг гардаг байсан.
Улирч буй оны хувьд загас, чоно зэрэг ан амьтан, түүний гаралтай эд
эрхтэн гаргахыг завдсан хэрэг гараагүй. Харин хууль бусаар дэрвэгэр
жиргэрүү гэдэг ургамал хил давуулахыг завдаад баригдсан цөөн тохиолдлыг
шалгаж байна. Мөн орон нутагт уг өвсийг түүж бэлтгэн борлуулсан
тохиолдол ч нэг бус удаа гарлаа.
Дорнод аймгийн Халхгол суманд хилээр
гаргахыг хориглосон энэ ургамал их ургадаг юм. Гэтэл энэ жил Булган
суманд ургажээ. Сумын удирдлага холбогдох хууль журмынхаа дагуу 1-2 аж
ахуйн нэгжид түүж бэлтгэх зөвшөөрөл олгосон байгаа юм. Гэтэл нутгийн
иргэд бараг бүгдээрээ шахам түүнийг түүж бэлтгэн борлуулсан.
Тийм хүмүүсийг Эрүүгийн хуулийн 212
дугаар зүйлд заасны дагуу байгалийн ургамал зөвшөөрөлгүйгээр түүж
бэлтгэсэн үндэслэлээр 11 хэрэг үүсгэж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүгдэгч
нарт хорихоос өөр төрлийн ял шүүх ногдуулсан байгаа.
Мансууруулах бодис монголчуудыг түгшээж байна. Дорнод аймагт хар тамхитай холбоотой хэрэг гарч байна уу?
Дорнод аймгийн хэмжээнд энэ төрлийн
хэрэг харьцангуй гайгүй. Нэг л хэрэг гарсныг нь илрүүлэн шалгаж
шийдвэрлүүлсэн. Баян-Уул суманд мансууруулах үйлчилгээтэй ургамал
ургадаг юм байна. Түүнийг нь нэг нөхөр хэдэн хүүхэд дагуулан явж түүгээд
аймгийн төвд авчран хэрэглэж байгаад баригдсан.
Уг нь сумын Тамгын газраас нь уг өвсийг
жил бүр устгах арга хэмжээ авдаг ч хэсэг газарт үлдсэн байсныг нь тэр
этгээд олж авсан юм билээ. Шинжилгээгээр НҮБ-ын Мансууруулах бодистой
тэмцэх конвенцын жагсаалтад багтсан ургамал болох нь тогтоогдсон. Уг
хэргийг 2016 оны эцэст шүүх хэлэлцэн, мансууруулах бодис түүсэн,
хүүхдүүдэд болон уруу татсан нөхөрт ял шийтгэсэн.
"Шинь шинь” компанийнхантай холбоотой хэрэг ямар шатанд байна вэ?
Тус компанийн уурхайн хаягдлын далан
сэтэрч, хөрсөнд химийн хортой бодис шингэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн
207 дугаар зүйлд заасан "Газрын хөрс, усыг бохирдуулсан” гэсэн
үндэслэлээр хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт үргэлжилж байна. Уг хэрэгт
"Шинь шинь” компанийн хоёр том захирлыг нь сэжигтнээр тооцон шалгаж
байна.
МХЕГ-аас ажлын хэсэг очиж, шинжээчийн
дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Уг дүгнэлт гарсны дараа үнэлгээ
хийлгэх юм. Хуульд заавал хохирлын хэмжээ шаарддаг учраас үнэлгээг нь
тооцуулна. Мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас үүнээс илүү мэдээлэл
өгөх боломжгүй байна.
Өнгөрсөн намар айлын долоон настай хүүхдийг захиалгаар хөнөөсөн ноцтой хэрэг гарсан шүү дээ. Шалгаж дууссан уу?
Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт
долоон настай хүүхдийг Б гэгч залуу хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт
дууссан. Талийгаачийн эцгийнх нь гэр бүлээс гадуур бэлгийн харилцаатай
байсан С гэдэг эмэгтэй өөрийн дүү Б-д захиалга өгөн урьдчилан үгсэн
тохиролцож бүлэглэн хохироосон болох нь тогтоогдсон. Б онц ноцтой хүн
амины хэрэг хийснээ хүлээсэн.
Харин эмэгтэй нь хэргээ хүлээгээгүй ч
нотлох баримтаар тогтоогдож байгаа. Энэ хэрэгт би хяналт тавьж, шүүх
хуралд улсын яллагчаар оролцох юм. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. Б гэх
хүүхэд өмнө нь хулгайн хэрэг үйлдсэн байсан. Тэр нь хүн амины хэрэгтэй
нь нэгдэн бага зэрэг удааширсан тал бий.
"Зөв боломж” компанийн ажилчид хордож нас барсан хэргийн мөрдөн байцаалт хэдийд дуусах вэ?
2016 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр
Матад сумын нутаг дэвсгэрт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг БНХАУ-ын "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос
олборлолтын 21 дүгээр талбайд ажил үүрэг гүйцэтгэж байсан 31 ажилчин
химийн гаралтай бодис ууж хордон, дөрвөн хүн нас барсан хэрэг гарсан.
Аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, манай Прокурорын
газраас хяналт тавин ажилаж байна.
Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй.
"Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан
хохирогч нарт өчигдөр мөнгөн төлбөр олгосон байна лээ. Зөв боломж болон
"Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны
журам зөрчсөн, эсэхэд дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.
Аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт
хандсан ч тус газраас "Бид хийх боломжгүй. МХЕГ-т ханд” гэсэн хариу
өгсөн. Гэрч, хохирогч, холбогдогч нараас байцаалт аваад дууссан.
"Петро Чайна Дачин Тамсаг”
ХХК-ийн ажилтан галт тавьснаас онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг
шийдэгдэхгүй удаж байна. Юунаас болоод шийдэж чадахгүй байгаа юм бол?
Тус компанийн хятад ажилтан гал түймэр
тавьсан хэргийг шүүх хоёр удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Хохирлыг бүрэн тогтоож чадаагүй байна гэж үзсэн юм. Нэмэлт ажиллагаа
хийж байна. Хохирогч нар "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхныг
холбогдуулан шалгуулж, хохирлоо гаргуулж авах гэдэг юм.
Бид холбогдох байгууллагаар нь дүгнэлт
гаргуулахад "Тус компани холбоогүй. Сэжигтэн этгээд ажлын бус цагаар өөр
хүний хүсэлтээр ажлын байрнаас өөр газарт явж байгаад гал алдсан” гэж
дүгнэдэг учраас дээрх компанийг хэргийн холбогдогчоор татах боломжгүй.
Зөвхөн хятад иргэнийг нь л шалгаж байна.
Малын хулгай, тэр дундаа хил дамнасан адууны хулгай их гардаг байсан. Энэ төрлийн хэргийн үзүүлэлт ямар байгаа вэ?
-Нэг хэсэг малын хулгайн хэрэг их гардаг
байсан. Сүүлийн жилүүдэд буюу 2013 оноос хойш ийм хэрэг гараагүй,
тайван байлаа. Аймаг орон нутгаас малын хулгайн хэрэгтэй тэмцэхэд онцгой
анхаарч, унаа машинаар хангаж, эргүүл постыг байнга ажиллуулсны үр дүнд
буурсан. Малын хулгай хийдэг байсан бүлгүүдийг ч илрүүлэн ял шийтгэлийг
нь эдлүүлсэн. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Учир нь ял шийтгүүлсэн хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан
суллагдан ирсэн нь нөлөөлж байгаа юм.
2013 оноос хойш үйлдэгдсэн, 45
холбогдогчтой, 30 гаруй үйлдэлтэй малын хулгайн нэг хэрэг шийдэгдэлгүй
нэлээд сунжирч байна. Шүүхэд хоёр удаа шилжүүлсэн ч хоёр удаа буцаасан.
Шүүгдэгч нар өөр үйлдэл холбогдогч нэмж гаргаж ирээд байдаг учраас
ийнхүү буцаасан. Шүүх хамгийн сүүлд өршөөлд хамрагдах 30 хүнийг нь
хамруулсангүй, эрх зүйн байдлыг нь дордууллаа гэсэн үндэслэлээр дахин
шалгуулахаар болсон.
Бид давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл
бичсэн боловч хүлээж аваагүй. 30 хүнийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд
хамруулж, 15 хүнд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн ч хоёр
холбогдогч нь "дөрвөн хүнээ нуусан байсан юм” гэж мэдүүлсэн учраас
тэднийг нь шалга гэсэн. Бид эсэргүүцэл бичсэнийг удахгүй хэлэлцэнэ.
Халхгол суманд хууль бусаар газар олгосон асуудал эрүүгийн хэргийн шинжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон гэв үү?
-Тийм ээ. Энэ асуудалд эрүүгийн хэрэг
үүсгэн жил гаруйн хугацаанд шалгасан. Сумын Засаг даргад нь АТГ-аас
яллагдагчаар татсан байсан юм. 2016 оны намар эрүүгийн хэргийн шинжгүй,
хууль бус захирамж гаргасан нь захиргааны хэрэг байна гэж үзсэн юм.
Эрүүгийн хэрэг хохирлын хэмжээ шаарддаг. Гэтэл энэ хэрэгт хохирол тооцох
боломжгүй байсан. Мэргэжлийн байгууллагаас хохирол тогтоох боломжгүй
гэж дүгнэсэн учраас хэрэгсэхгүй болгосон.
Прокуроруудын нийгмийн хамгааллын асуудал ямар байна вэ?
-Манайд ажиллаж байгаа прокурорууд байр
орон сууцны асуудал хүндрэлгүй, бүгд орон сууцанд амьдардаг. Дорнод
аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудаасаа ганцаараа амралтын газартай.
Тэндээ ажилтнуудаа ч, хамтран ажилладаг байгууллагынхнаа ч амраадаг.
Сая прокурорын байгууллагын удирдлага
төр засагт хандаж цалин нэмүүлсэн нь орон нутагт ажиллаж буй бидэнд дэм
болж байна. Төрийн байгууллагуудын цалинг 2010 оноос хойш таван удаа,
шүүгчдийн цалинг огцом нэмэхэд прокурорыг орхигдуулсан байсан шүү дээ.
Өнгөрсөн онд харин шийдвэртэй арга хэмжээ авсны дүнд бидний цалин 50
хувиар нэмэгдсэн
Өнгөрсөн онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтоо танай газар биелүүлж чадсан уу?
-2016 онд УЕПГ-аас дэвшүүлсэн
"Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх”, "Шүүхэд төрийг төлөөлөх
үйл ажиллагааг өргөжүүлэх”, "Прокурорын мэргэжил, ёс зүйн үнэлэмж,
урамшуулал, хариуцлагын тогтоолцоог төгөлдөржүүлэх” бодлого, зорилт,
Улсын ерөнхий прокурорын 1/01 үүрэг, чиглэл, хяналтын ажлын аргачилсан
заавар, журмыг бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, хуулийн
байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж уялдуулах, хяналтын ажилд
буй аливаа зөрчил, дутагдлыг арилгах, прокурорын хяналтын ажлын арга
барил, чанар, үр нөлөө, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх,
прокуроруудыг чадавхжуулан сургаж ажиллахад гол анхаарлаа хандуулан
удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ үе шаттайгаар авч
хэрэгжүүлсэн.
Дорнод аймгийн Прокурорын газар 2016 онд
прокурорын хяналтын ажлын чиглэлээр УЕПГ-аас дэвшүүлсэн бодлого, зорилт
болон дотооддоо дэвшүүлсэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг эрчимжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй
хэргийг хуулийн үндсэн хугацаанд нь хянаж шийдвэрлэх, тодорхой төрлийн
гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, хэрэг бүртгэх,
мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чанар, үр нөлөөг
дээшлүүлэх, хяналтын чиглэлээр прокурорын бичсэн эрх зүйн баримт бичгийн
хууль зүйн үндэслэлийг сайжруулах, прокурорын байгууллагаас хийж буй
шалгалт, судалгааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх, эзэн холбогдогч нь
тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шалгаж
шийдвэрлэх, шинээр томилогдсон прокуроруудыг хяналтын ажилд
дадлагажуулан сургах асуудалд онцгой анхаарч, тодорхой үр дүн гаргасан.
2017 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
-"Прокурорын хяналтын ажлын арга хэлбэр,
үр дүнг тооцох, шалгуурыг боловсронгуй болгож, хяналтын ажлын чанарыг
дээшлүүлэх”, "Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, нийтийн ашиг
сонирхлыг хамгаалж шүүхэд төрийг төлөөлөн оролцох оролцоог нэмэгдүүлэх”,
”Прокурор бүрэн эрхээ бие даасан, гаднын нөлөөнд үл автах зарчмаар
хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг
олон нийтэд ил тод нээлттэй байх” гэсэн үндсэн гурван зорилт дэвшүүлэн,
бүтэн жилийн хугацаанд прокурорын хяналтын ажлын чиглэл тус бүрээр хийж
гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг батлан, төв, орон нутгийн прокурорын
байгууллагуудад хүргүүлж ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ "ӨНӨӨДӨР" СОНИН