Зуны өглөөний хурц нарны туяа нүүрэн дээр тусахад нойроо харамласандаа буруу харж хэвтлээ. Үл ялиг дутуу хаасан цонхны хөшигний завсраар шургачих тэр гэрэл ч бас надад бууж өгөхийг хүссэнгүй, дагзан дээрээс минь төөнөж эхлэх нь тэр. Тархи заадлаараа салж уначих шахам янгинаж, хамаг биед хөндүүр суучихаад хөдлөх тэнхээгүй болчихоод байхад энэ муу нар хүртэл бас юу ч билээ дээ. Бухимдсандаа хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн боловч амьсгал давчдаад, бүтэж үхчих гээд болдоггүй. Муухай чарлан, хөнжлөө гар, хөл хоёроороо зэрэг авч шидэхдээ л урьд шөнийг ганцаар өнгөрөөгүйгээ санав. Зовхи минь хэтэрхий хүнд санагдаж байсан учир нүдээ ч нээлгүй гараараа тэмтэрлээ. Зөөлөн даавуунаас өөр юу ч гарт баригдсангүй. Гэвч бас л нүдээ нээхээс залхууран хөлөөрөө тэмтчив. Юу ч торсонгүй.
Ухасхийн өндийгөөд харвал хэн ч алга. "Тэр хааччихдаг байна аа?” гэж бодохтой зэрэгцээд Угаалгын өрөөнд ус шоржигнох чимээ сонсогдсонд төдхөнөө тайвшираад гэдрэг савж унаад, нүдээ анин хэсэг хэвтлээ. Мөнөөх нарны туяа яг зулай дээрээс төөнөөд тавгүйтүүлнэ. Хурц гэрлээс зугтаж, орон дээгүүрээ хэдэнтээ хөрвөөгөөд бие засахаар ухасхийлээ. Ариун цэврийн өрөөний үүдэнд очмогцоо "Өө, нээрээ хүнтэй байгаа шүү дээ” гэж өөртөө шивнээд хоолойгоо засан чимээ өгөв. Хаалганы цаана ус шоржигнох чимээ үл мэдэгхэн дуулдана. Хаалгыг зөөлөн татвал түгжээгүй байлаа. "Тэр усанд орж байгаа байх нь” гэсэн бодол тархинд харвахтай зэрэгцээд урьд шөнө амссан давтагдашгүй таашаалын бал бурам сэтгэлд амтагдах шиг болов. Түүний хотгор нуруу, томбогор өгзөг, торго шиг зөөлөн арьсыг гар, уруул минь хүртэл дахин мэдрэх шиг болж, биеэ барьж ядахдаа хаалгыг алгуурхан цааш түлхлээ. Урьд шөнө бид хэтэрхий оройтож ирсэн учир би түүний биеийн уран гоолигийг гараараа л мэдэрснээс харж чадаагүй юм. Тиймээс ч түүний нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг төсөөлөн, сэтгэлийн цэнгэл эдэлсээр хаалгыг зөөлөн түлхэн орлоо. Гэвч энэ л эгшинд сэтгэлийн цэнгэл минь нүд, биеийн цэнгэл болж хувирна гэж төсөөлсөн минь эндүүрэл байжээ. Ариун цэврийн өрөөнд хэн ч байсангүй. Угаалтуурын усыг хаалгүй мартсанаас л ус шоржигноод байж. Цочирдсондоо би ухасхийгээд л крантаа хүчтэй мушгин хаав. "Тэр хааччихдаг байна аа?” гэсэн бодол дотроос зурж, юу юугүй л хагарчих гээд муу тархийг минь улам ихээр өвтгөнө.
Толины өмнө зогсоод Ариун цэврийн өрөөний өнцөг булан бүрийг харцаараа нэгжлээ. Надаас өөр хэн нэгэн байсны ул мөр ч алга. Ядах нь ээ, шалан дээр ганц ширхэг урт үс унаж хоцорсон байж болно оо доо. Гэтэл бүр ганц ширхэг тоос ч үгүй цэв цэмцгэр шүү. Крантаа дахин хүчтэй эргүүлээд хүйтэн ус гоожуулан, алгандаа тосоод хэдэнтээ залгив. Нүүр, цээж рүүгээ ч цэл хүйтэн ус цацалж, хэрэндээ л тайвшрах гэж хичээлээ.
"Өө, тэр яг Гал тогооны өрөөнд байгаа байх нь” гэсэн бодол толгойд харвахтай зэрэгцээд л гүйгээд гарлаа. Гал тогооны өрөөний үүдийг цэлийтэл дэлгэсэн боловч тэнд ч бас хэн ч байсангүй. "Намуу, Намуу... Намуулин... Намуулин” хэмээн хэдэнтээ давтан дуудсан ч хэн ч хариулсангүй.
Өрөө өрөө хэсэн хэсэг гүйгээд, үүд рүү зориг муутайхан алхлаа. Алсханаас өлгүүр рүү өнгийж харвал Намуулингийн өчигдөр өмсөж явсан номин ногоон цув ч алга. Уртаар амьсгаа аваад гутлын тавиур руу шагайвал цувтайгаа хослуулж өмсдөг номин ногоон шаахай нь ч алга. Дотор давчдаж, тэнхээ мэдэн хашгирмаар болно. Гэвч тэвчээд Унтлагын өрөө рүүгээ хурдан хурдан алхлаа. Өрөөнийхөө хаалгыг өшиглөн ороод хэд хоногийн өмнө манайд ирмэгцээ хувцасны минь шүүгээний баруун буланд түшүүлэн тавьсан бор чемоданыг нь харцаараа хайлаа. Тэр чемодан ч бас эзэн шигээ ор мөргүй арилжээ.
Дотор давчдаад, амьсгалахад ч бэрх санагдахад өглөөнөөс хойш ад үзээд байсан өнөө муу нарны цацрагаа хань татахаар цонхоо цэлийтэл нээлээ. Хурц гэрэл нүд гялбуулахад харц буруулан дальдарсан боловч "Магадгүй, тэр явахаар гарсан боловч явж чадахгүй...” гэсэн бодол толгойд харвав. Эгц өөдөөс төөнөх хорсолт тэр гэрэлтэй тэмцэлдэн байж цонхоор доош харлаа. Хэд хоногийн өмнө ажлаасаа ирэхэд минь мөнөөх бор чемоданаа хажуудаа тавьчихаад, хөлөө ачаад сууж байсан модон сандал нь нүдэнд тусав. Тэр сандал ч бас миний сэтгэл шиг л эзгүйрч хоцорчээ. Орь ганцаараа орхигдсоноо ухаарахуйд сэтгэл улам давчидна. Амьсгалахын тулд надад агаар хэрэгтэй. Хөшигөө хоёр тийш нь яраад, цонхоо ч бас цэлийтэл дэлгэлээ.
Хөшигнөөсөө тас зуурсаар хана налж гулссаар шалан дээр хоёр хөлөө тэлэн суугаад муухай хашгирлаа. "Тэр явчихлаа гэж үү?... Яаж?... Яагаад?... Яаж надад баяртай ч гэж хэлэлгүй явж чадаж байна аа?” гэсэн зэвүүн бодлууд тархи гогдон тарчилгана. Өмнө нь тэднийд хонох үед хувцасыг минь цэгцтэй гэгч нь эвхэж тавиад, дээр нь жижигхэн дөрвөлжин цаасан дээр зурвас бичиж үлдээж байсныг санав. Түүнтэй зэрэгцээд "үгүй, тэр надад баяртай гэж хэлэлгүй явдаггүй юм... явах ч учиргүй” гэсэн бодол харваж, ор хөнжлөө онгичин зурвас хайлаа. Юу ч алга...
Хөнжил, цагаан даавуугаа хол гэгч нь шидчихээд, өчигдөр өмсөж байсан өмд, цамцаа хайлаа. Бас л алга...
Өчигдөр тэр намайг ажлын газрын минь үүдэнд хүлээж байсан юм. Бид тэндээс гармагцаа нэгэн буйдхан зоогийн газар орж, оройн хоолоо идэж, хэдэн шил пиво уунгаа энд тэндхийн хэрэгтэй, хэрэггүй зүйлсийн талаар ярилцсан. Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэзээ ч найз байдаггүй гэдэг үгийг худлаа гэдгийг баталж, долоон жил дотно нөхөрлөж байгаа юм. Бид сүүлийн дөрвөн жил өөр, өөр улсад амьдарч байна. Тэр ажлын томилолтоор дөрөв хоногийн өмнө энд ирсэн юм. Энд зочид буудал нэлээд өндөр өртөгтэй учир тэр долоо хоногийн турш манайд байрлахаар шийдсэн. Мэдээж дөрвөн жил тохитой ярилцаж чадаагүй бидний хувьд энэ бол сайхан боломж. Нэг хотод, нэг хороололд амьдарч байхдаа өдөр бүр уулзаж яриад байхад л дуусдаггүй байсан тэр яриа өнөө хэр нь эцэс төгсгөлдөө хүрэх болоогүй хэвээрээ. Дөрөв хоногийн турш хоёр биенээ санаснаа гайхаж, хол, ойрын сонин сайхныг хуучилсан ч бидэнд ярилцах зүйл хэтэрхий их байлаа.
Бид зоогийн газарт шөнийн 04 цаг өнгөртөл суугаад, гэр рүүгээ зүглэсэн. Хөлсний тэргэнд сууж болох байсан боловч хэн хэн маань үүнийг хүсээгүй. Тэр миний тохойг халуу дүүгсэн гараараа ороон тэврээд, мөрөнд минь нүүрээ наагаад аажуухан алхаж байлаа. Бидэнд иймэрхүү үдшүүд олон тохиосон ч энэ удаа урьд урьдынхаас огт өөр мэдрэмж буй биеийг минь эзэмдэж эхэлсэн юм. Халамцсандаа бага зэрэг гуйвахад нь тохой минь түүний жижигхэн томбогор хөхийг шүргэх бүрт хамаг биеэр цахилгаан гүйдэл жирэлзэнэ. Өмнө нь би түүний хөхөнд уг нь олон удаа хүрч байсан, огт ингэдэггүй л байсан юм. Гэтэл энэ удаа түүний зүрхний цохилт, амьсгалах чимээ хүртэл урьдынхаасаа огт өөр болчихсон мэт мэдрэмж төрнө. Уг нь бид хэдхэн шил пиво, ганц шил улаан вино л уусан юмсан. Аан тийм, би бас 200 грамм цагаан архи уусан юм байна.
Намуулин хөлөө солбиж тавин, надаас түшиж, аажуухан алхах зууртаа хэд хэдэн ч удаа тэргүүнээ үл ялиг дээш өргөн, цангинатал инээд алдсан. Тэгэх бүрт амьсгал минь жижигхэн хуламгар чихний минь омгийг төөнөн халууцуулж байсныг санаж байна. Тэр уг нь их эршүүд эмэгтэй л дээ. Би түүнийг бага зэрэг бүдүүн хоолойгоор эрээ цээргүй, эмх замбараагүй зүйлс ярьж, эр хүн шиг хүг хүг инээд алддагийг нь сайн мэднэ. Харин ингэж намуухнаар шивнэж, цангинатал инээж байсныг нь огт мэдэхгүй юм. Тэр өнөөдөр нэг л биш ээ...
Ийнхүү замын турш дотны найзынхаа огт танихгүй дүр төрхийг гайхан бодлогоширсоор нэг л мэдэх нь ээ, байрныхаа үүдэнд ирчихсэн байх нь тэр. Намуулин гараас минь тавиад гэнэт гүйгээд явчихав. Богино даашинзных нь хормой дэрвэлзэх тоолонд түүний бага зэрэг махлагдуухан бор гуян дээр харц минь очиж тогтчихоод болж өгдөггүй.
Намуулин орцны харалдаа орших модон сандал дээр гүйж очоод, тэнгэр ширтээд хэвтчихэв. Араас нь аажуухан алхсаар хүрч очвол цээжээ өндийлгөөд "суугаач” хэмээн толгойн тушаа газар руугаа эрүүгээрээ дохиж байна. Заасан газарт нь очоод суутал өвдгийг минь дэрлээд хэвтчихэв. Уг нь тэр миний мөрийг л дэрлэдэг юм...
Од тоолоод л, дуу аялаад л... Богинохон буржгар үс нь салхинд сэвэлзээд нүүрийг нь халхлах бүрт би өөрийн эрхгүй гараа сунган арагш илчихээд байлаа. Намайг гараа сунгахтай зэрэгцэн Намуулин үсээ үлээж таарна. Гарыг минь халуун амьсгалаараа төөнөчихөөд цангинатал инээд алдана. Бөмбөгнөтөл чичрэн инээж байснаа гарыг минь чангаар атгаад хэвлий дээрээ тавиад санаа алдаж, дахиад л дуу аялна. Тэгэхэд нь би аажуухан тонгойгоод зогсоо зайгүй жимэлзэх ягаахан уруулыг нь шимэн үнсэхийг эрхгүй хүснэ. Биеэ барьсаар суутал уусан зүйл минь гарах нь. Гэвч уусан зүйлээ гарахаас өмнө амжиж түүний бүсгүй биеийн гоо үзэсгэлэнг бүрэн мэдрэх хүсэл дотроос минь хатгачин тарчилгана.
Цаг хэртэй гадаалсны эцэст Намуулан ухасхийн босоод орц руу гүйлээ. Би ч түүний араас гүйлээ. Бид юунаас ч болсон юм бэ бүү мэд, орцны хаалгаар хөөцөлдөн гүйж ороод шатаар ч хөөцөлдөн өгсөв. Намуулин амьсгаадсаар хаалга түшиж зогсоход би түүнийг гүйцэж ирээд халаасан дотроосоо түлхүүрээ хайж эхэллээ. Энгэрийн халаасанд түлхүүр минь алга. Эцэст нь өмднийхөө халааснаас хайлаа. Гар утас, бохь, асаагуур, тамхи... гарт тэмтрэгдээд байгаа хэрнээ түлхүүр л олддоггүй. Хоёр халаасаа удаан онгичсонд Намуулингийн тэвчээр алдагдав бололтой, хоёр гараа хоёр халаас руу минь зэрэг шургуулаад онгичиж эхлэв. Тэр байсхийгээд л миний гараас атгачихаад байсан учир би гараа гаргалаа. Халаасан дотор минь эгээ л халуун цог хийчихсэн мэт мэдрэмж төрж байлаа. Тэр халуун гуянд хүрэхийн төдийд дээш, доош зэрэг огшоод хамаг биеийн хөлс чийхарч эхлэв. Тэвчээр алдан халаасныхаа гаднаас гарыг нь атгатал Намуулин ч "Олчихлоо” гээд цангинатал инээд алдах нь тэр.
Гар минь чичирч, хамаг биений хөлс чийхарчихаад цоожныхоо нүхийг ч олохгүй хэсэг будилав. Эцэст нь, түлхүүрээ эв хавгүй хэдэнтээ мушгиад хаалгаа онгойлгож чадаагүй учир Намуулин бас л туслахаар шийджээ. Тэр хоёр гараараа гарыг минь чангаар атгаад "Баруун тийшээ нэг... хоёр” гээд л эргүүллээ. Хаалга ч онгойлоо. Тэгтэл Намуулин яах ийхийн зуургүй ар нуруун дээр хоёр алгаа дэлгэн тавиад хүчтэй түлхчихэв. Огт санаандгүй зогссон би эгээтэй л годройтоод уначихсангүй, хана түшин арайхийн зогслоо. Намуулин инээд алдсаар хаалгаа тасхийтэл хаагаад хажуугаар гарахдаа томбогор өгзөгөөрөө миний ташаа руу санаатайгаар хоёр ч удаа хүчтэй цохив. Тэгснээ тас тас хөхрөөд л номин ногоон цуваа тайлаад, толгой дээр минь тохчих нь тэр. Цувнаас нь эгээ л намрын ой шиг сэнгэнэсэн үнэр ханхийхэд бие, сэтгэлийг минь байгаль өөрөө тэврээд авах мэт л мэдрэмж төрлөө. Намуулингийн инээд ч ой модон дунд байгаа мэт цуурайтан сонсогдоно. Тэрхүү таашаалт орчиндоо уусан мансуурч зогстол тэр цуваа гуд татаад авчихав. Уур ч хүрэх шиг... гэвч мянган мөнгөн хонх шиг жингэнэх тэр инээд сэтгэлийг минь төдхөнөө уяраачихав.
Бүсгүйн инээд, уусан зүйл хоёртоо мансууран, гуйвж алхсаар Унтлагын өрөөндөө орж ирвэл Намуулин цонхны хөшгийг хаагаад эргэж байлаа. Хөшигний үл ялиг дутуу татсан завсраар гийх сарны гэгээнд түүний нүцгэн бие гялсхийгээд л алга болчихов. Түүнээс хойш чухам юу болсныг би огт санахгүй байна. Нэг л мэдэх нь ээ, би түүний хөлөрсөн нүцгэн бие дээгүүр гулсаж, уран гоолиг бэлхүүсээр нь ороон тэврээд хэвлий дээгүүр нь хэлээ гулсуулан энхрийлж байсан. Тэрхүү мансуурам таашаалт хормууд их удаан үргэлжилсэн санагдана. Гэвч би хэзээ нойрондоо автаад, нам унтчихсанаа ч санахгүй байна. Ямартай ч энэ нарны дэггүй цацраг л нүдийг минь гялбуулаад намайг сэрээсэн юм даг. Түүний намуухан гинших дуу одоо ч чихэнд сонсогдож, гар болоод уруул минь арьсных нь зөөлнийг өнөө хэр нь мэдрээд байх шиг санагдана. Гэвч... гэвч тэр энд алга...
Унтлагын өрөөгөө орвонгоор нь эргүүлэх шахаж байж гар утсаа олоод түүн рүү залгалаа. Дуудаад байгаа хэрнээ утсаа авахгүй юм. Тийм гайхамшигтай жаргалыг эдэлчихээд үг хэлгүй ингээд оргочихож болдог л юм байх даа... Ингэж бодох тусам хоолой аргаж, дотор зураад асгартал уйлмаар санагдана. Би түүний хувьд зүгээр л ганц шөнийн залуу байсан юм гэж үү? Тэр намайг яаж ингэж шархлуулж чадаж байна аа...?
...Яг үнэндээ тэр намайг үргэлж л шархлуулдаг. Тэр долоон жилийн өмнөөс шархлуулж эхэлсэн юм. Эхэндээ би түүнээс болж шархалж байгаагаа мэддэггүй байлаа. Харин түүнээс 11555 километрийн алсад амьдрах болсон цагаасаа л тэр бүсгүйгээс болж өдөр бүр шарх олдогоо мэдсэн юм. Учир нь, тэр хэтэрхий гэмээр эрх чөлөөтэй бүсгүй. Тэр анх надтай танилцахдаа л тийм байсан. Тиймээс л би хэтэрхий уйдамтгай зангаасаа болоод нэг залуутай гурван сараас илүү хугацаанд дотно харилцаатай байж чаддаггүй түүний ээлжит нэгэн залуу болохгүйн тулд дотны найз нь болж үлдэхээр шийдсэн юм. Би их сургуулиа төгссөн хойноо танилцсан боловч тэр хэтэрхий нээлттэй бүсгүй байлаа. Тиймээс ч тэр дотно харилцаатай залуу бүрийнхээ талаар л надад ярьдаг байсан юм. Харин янагласан бүсгүйчүүдийнхээ талаар түүнд ярина гэдэг миний хувьд тун утгагүй санагддаг байлаа. Тиймээс би зүгээр л сонсогч байхыг илүүд үздэг байсан юм. Тэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөр хэнийг ч дотны найзаараа сонгоогүйнхээ нэгэн адилаар хэнийг ч насан туршийн ханиараа сонгоогүй. Үеийнх нь бүсгүйчүүд аль хэдийнэ гэрийн эзэгтэй болж, үрийн зулай үнэрлэцгээж, зарим нь бүр "Алдарт эх”-ийн одон энгэртээ гялалзуулсан. Гэтэл Намуулин хэн нэгэнтэй нэг гэрт амьдрах тухай огт бодож байгаагүй. Тэр зүгээр л зугаацахыг хүсдэг. Магадгүй, урьд шөнө ч бас тэр зүгээр л зугаацсан бололтой. Гэхдээ тэр яагаад надаар зугаацна гэж?... Даанч би энэ асуултандаа хариулж чадахгүй нь...
Энэ асуултын хариултыг түүнээс л авах ёстой. Гар утсаа шүүрч аваад түүн рүү дахиад л залгалаа. Тэр бас л утсаа авсангүй. "Би чамд хайртай” гэж бичээд илгээлээ. Ингээд ч тайвширч чадахгүй байсан учир энэ зурвасаа хэд хэдэн удаа давтан илгээв. Хариу алга. Хариу хүлээж, өөрийгөө элдвээр тайвшруулж, ханын цагийн зүүг алдалгүй ширтэж, хором мөчийг тоолон хүлээгээд 40 минутын дараа түүн рүү дахин залгалаа. "Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэнэ. Тийм ээ, энэ цаг мөчөөс эхлээд тэр миний хувьд холбогдох боломжгүй нэгэн болж хувирсан гэдэгтэй эвлэрэх л хэрэгтэй болж.
Эвлэрэх гээд ч эвлэрч чадахгүй л явлаа. Ийнхүү долоо хоног тарчилсны эцэст танихгүй дугаараас дуудлага ирэв. "Time out” гэрэл зургийн студиэс ярьж байна. Та долоо хоногийн өмнө эхнэрийнхээ хамт манайд зураг авахуулснаа санаж байна уу?” гэхийг сонсоод би долоо хоногийн өмнөх тэр өдрийг хором бүрээр нь эргэн санахыг хичээж эхлэлээ. Гэвч чухам хэзээ, яаж зураг авахуулснаа огт санадаггүй.
-Уучлаарай, би нэг л санахгүй байх чинь...
-Та 04:00 цагийн үед намайг студиэ хаагаад гарах гэж байтал хүрч ирээд эхнэрийнхээ хамт залбирч, мөргөж гуйж байгаад хөрөг зураг авахуулсан. Та хоёр бага зэрэг халамцуу байсан байх л даа. Би ч бас мартчихсан байж. Өнөөдөр гэргийг чинь манай гадуур өнгөрч явааг хараад л гэнэт саналаа.
-Юу?... миний эхнэр... тэр танай гадуур өнгөрсөн гэв үү?
-Тийм ээ, юу болсон бэ?
-Тэр өдийд Монголд оччихсон байх ёстой.
-Үгүй ээ, богинохон буржгар үстэй, номин ногоон цувтай, намхан нуруутай, туранхай бүсгүй... тэр яг мөн байсан. Даанч би түүнийг дуудсан боловч сонссонгүй. Ингэхэд та зургаа ирж авах уу?
-Айн? За... би авъя аа.
Би яарснаасаа болоод гэрэл зургийн студийн хаягийг асуухаа мартсанаа гэнэт санасан ч тэр дугаараа нууцалсан байжээ. Тиймээс Намуулинтай хамт орсон зоогийн газар руугаа зам дагаад алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Ингэхэд бид ямар зураг авахуулсан юм бол оо?... Асуултандаа хариулт олж амжаагүй байтал гэрээс минь холгүйхэн, гудамжны нөгөө талд "Time out” photo studio гэсэн хаяг харагдав. Тэр хаягийн эхэнд урсаж буй цаган дээр суучихсан урт улаан даашинзтай дэгжин хатагтайн хөрөг бүхий лого гялтагнаж байлаа.
Энэ замаар би дөрвөн жилийн турш ажил руугаа ирж, очиж байгаа хэрнээ энэ жижигхэн газрыг яагаад огт анзаардаггүй байсан юм бол оо? Миний цаг хугацаа ч бас урсаж байна. Гэтэл Намуулин миний цагийн зүүн дээр гишгэчихээд огт хөдөлгөлгүй долоон жил барьчихжээ. Долоо хоногийн өмнө тэр уур мэт ууршаад, манан мэт сарниад алга болчихсон. Тэгсэн хэр нь л цагийн зүү минь огт хөдлөхгүй юм... ийнхүү элдвийн зүйл эргэцүүлсээр нэг л мэдэх нь ээ, гэрэл зургийн студи дотор ороод ирчихсэн байлаа. Өрөөний мухарт эртний хийц бүхий модон ширээний ард халзан толгойтой, махлаг эр суугаад ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн бичиж байна. Хоолой засан дохио өгсөөр ойртож очвол тэрбээр над руу духаараа харснаа:
-Аан, та хүрээд ирэв үү? Гэргий тань түрүүхэн ирсэн. Угаалгасан зургаа аваад одоохон гараад ирэх байх гэх нь тэр. Чухам юу гэж хэлэх учраа ч олохгүй, тээнэгэлзэж зогстол мөнөөх эрийн арын торгон хөшиг сэвхийтэл онгойгоод номин ногоон цув, цагаан бүрх малгайтай Намуулин инээд алдсаар гарч ирэв. Тэр намайг хараад л уруулаа хагас жимийсэн чигтээ хөшчихлөө. Хөдөлгөөнгүй хэсэг ширтэлцсэний эцэст би хоолойгоо засан, харцаа буруулсан түүний энгэртээ наан тэвэрч байсан дөрвөлжин цагаан цааснууд алгуурхан гулссаар шалан дээр унахыг нүднийхээ булангаар олж харлаа. Тэр зүйлсийг юу болохыг нь харах хүсэл сэтгэл гогдоод байсан учир нүднийхээ булангаар шал руу хяламхийгээдэхлээ. Тэгтэл Намуулинг өвөр дээрээ суулгачихаад, аз жаргалтай инээж буй миний дүр зурсхийх нь тэр. Лавшруулан харвал бидний тэврэлдсэн, үнсэлцсэн, энхрийлсэн, эрхлэлдсэн зургууд шалан дээгүүр хаа сайгүй тарсан байлаа. Би энэ зургуудыг чухам хэзээ, хэрхэн татуулснаа огт санахгүй байгаа ч Намуулинг санаж, тэр ч бүү хэл угаалгаж аваад явж байгааг хараад бага зэрэг уярах сэтгэл төрсөн ч хэтэрхий их гомдох мэдрэмж төрөөд болдоггүй. Тиймээс шуудхан л гараад алхчихлаа. Түүнийг араас минь гүйцэж ирээд аргадах болов уу гэж бодсонгүй.
Хоёр нүдний минь торлогийг нулимсан дуслууд хэрчихээд өмнөх замыг минь бүдгэрүүлээд байсан ч би хурдан, бүр хурдан алхсаар л байлаа. Тэгтэл хэн нэгэн амьсгаадан гүйж ирээд, суган доогуур минь хоёр гараа оруулан, цээжин дээр алгаараа дарж тэврээд, нүүрээ нуруунд минь наан мэгшиж эхлэх нь тэр. Би түүнийг Намуулин мөн гэдгийг зүрхээрээ мэдэрч байсан ч эргэж хараад тэврэхээс ч гол гогдом гомдол төрөөд болдоггүй.
-Уучлаарай...
-Зүгээр ээ.
-Уучлаарай.
-Надаас уучлалт гуйх хэрэггүй ээ. Чи надад хайргүй бол уучлалт ч гуйлгүй, эргэж ч харалгүй, баяртай ч гэж хэлэлгүй үүрд явж болно.
-Би чамд хайртай бол үүрд үлдэж болох уу?
-Хэр их...
Би түүнийг надад хайртай гэж огт бодож байгаагүй. Тэгсэн хэрнээ чухам яагаад ингээд асуучихснаа өөрөө ч ойлгосонгүй.
-Чиний төсөөлж чадахаас ч их.
-Тэгээд... тэгээд яагаад тэр өдөр намайг ганцааранг минь орхиод...
-Би айсан юм аа. Би үнэнтэй нүүр тулахаас айсан. Тэр өглөө намайг ямар харц, ямар харьцаа, ямар үгс угтах бол гэхээс айж байсан. Чамайг "Энэ бүхэн зүгээр л архинаас болсон. Бид ямар ч буруугүй” гэж хэлэх вий гэхээс айсан. Энэ бүхэнд намайг буруутай мэтээр ширтэхээс чинь айсан. Тэгээд бидний хооронд юу ч болоогүй мэт царайлж, урьдынх шигээ найзархах вий гэхээс айсан.
-Би чамд хайртай гэж зурвас илгээсэн.
-Би итгэхгүй байсан юм.
-Одоо тэгээд итгэж байгаа хэрэг үү?
-Үгүй.
-Тэгээд яах гэж ирсэн юм бэ?
-Би өөрийгөө чамд хайртай гэдгийг баттай мэдэх хэрэгтэй байсан юм. Тиймээс л хэсэгхэн зуурын завсарлага авч, өөрийгөө чагнасан юм.
-Миний долоон жилийн шаналал, чиний долоохон хоногийн завсарлагатай тэнцэж байгаа юм гэж үү?
-Үгүй дээ, би долоон жил хайрлаж, долоон жил эргэлзэж, долоохон хоног завсарласан юм.
-Намайг хэчнээн их шаналсныг чи мэдэх үү? Би бүр уйлж байсан.
-Чамайг тэгж их шаналгасныхаа төлөө дэргэд чинь үүрд үлдэж болох уу?
-Чи хэн нэгний дэргэд үүрд үлдэж чадна гэж үү?
-Чадна гэдэгтээ итгэх л гэж би чамаас явсан юм шүү дээ.
Жижигхэн хоёр гараас нь атгаад эргэж харахад тэр дугариг алаг нүдээрээ нүд рүү минь цоо ширтэн инээмсэглэж байлаа. Энэ нүд ингэж инээмсэглэхээрээ хэзээ ч худал хэлдэггүйг би сайн мэднэ.
2018.06.05