
Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцож, техникийн зургаа, сэдэвчилсэн найман хуралдааныг зохион байгуулж байгаа юм.
Мөн дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц, дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэх юм байна.
Тэгвэл энэ удаагийн хурлаас бид юуг хүлээх вэ
Бодлогын гурван баримт бичгийг батална
Азийн сайд нарын бага хурлын үеэр "Сендайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргана. Хурлаар зургаан техникийн хуралдаан, найман сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан олон амжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах "Улаанбаатар тунхаглал", "Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл" гэсэн баримтын бичгүүдийг гаргана. Үндэсний орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитэй улс орны тоог нэмэгдүүлэх, 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглалыг батлан гаргах юм.
Онцлох хоёр хуралдааныг Монгол Улс удирдана
МУ-ын Засгийн газар "Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь", "Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь" сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж буйгаар ихээхэн онцлог ач холбогдолтой юм. Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж, үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэгдэх юм.
Азийн манлайлагчдын уулзалт болно
ОУ-ын бага хурлын нэгэн онцлог нь Азийн манлайлагчдын уулзалт юм. Энэ нь бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум байх бөгөөд бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлно. Уулзалтыг МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизутори нар даргалан явуулна. Азийн манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцох юм.
Монгол хүүхдүүд дуу хоолойгоо хүргэнэ
Азийн сайд нарын бага хурлыг угтан Японы хүүхдийг ивээх сан удирдан НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд залуучуудын зөвлөгөөнийг зохион байгуулна. Уг зөвлөгөөнд 40 гаруй хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцсоноос гадна Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд хүүхэд залуучуудын төлөөлөл болон оролцох гурван төлөөлөгчийг сонгох юм. Энэхүү зөвлөгөөнөөс боловсруулсан хүүхэд залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж гарц, шийдлийн талаарх санал, уриалгыг хүүхэд залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм.
12000 ам.долларын шагналын сантай видео бүтээлийн уралдаан
Азийн сайд нарын бага хурлын үеэр уламжлал болон зохион байгуулагддаг арга хэмжээ бол Ази, Номхон далайн бүс нутгийн оролцогчдын дунд зарлагддаг 12000 ам.долларын шагналын сан бүхий богино хэмжээний видео бүтээлийн уралдаан юм. Оролцогчдын бүтээлээр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, "Сендайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн хэрэгжилтийг ахиулахад үр дүнтэй, шинэлэг шийдлийг харуулахыг зорьдог байна.
Б.Анир