Өвлийн дунд сарын энэ өдрүүдэд тал нутагт амьдрал ердийнхөөр үргэлжилсээр…
Боловсролын салбарт ололт амжилтаар дүүрэн нэгэн оныг өнгөрөх гэж
байна. Өөрийн гэсэн орон зайг хэдийнээ эзэлсэн хувийн хэвшлийн англи
хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Flower” сургуулийн захирал
М.Байгалмаатай хийсэн ярилцлагаа толилуулж байна.
- Юуны өмнө танд сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн
баярын мэндийг хүргэе. Урилгыг хүлээн авч, ярилцлага өгсөнд талархлаа
дэвшүүлье.Дорнододоо анхдагч англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай
сургуулиа байгуулаад 10 жил болжээ.Сургуулийнхаа үүсэн байгуулагдсан
үеэсээ товч ярина уу?
Орон нутагт Төрийн бус өмчийн сургууль оршин тогтнож хөгжихөд
,боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа
сургуулийн нэг бол манай сургууль юм.
Тус сургууль нь Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 01 сарын 05
өдрийн № 05 захирамжаар хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын "Flower”
сургууль нэртэйгээр 2005 оны 09 сарын нэгэнд нэг багш, есөн
сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа эхэлж байсан билээ.
Боловсролын стандарт сургалтын зэрэгцээ Англи хэлний суурь мэдлэгтэй
сурагчдыг багаас нь бэлтгэх зорилгоор сургуулиа байгуулсан юм.
- Байгуулагдаж байсан цагаас өдий хүртэл хийсэн ажил болон амжилтаас дурдана уу?
Өнөөдөр манай сургууль өөрийн 3 давхар хичээлийн байртай сургалт
хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 оноос эхлэн Боловсрол
Шинжлэх Ухааны яамнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийг үе
шаттайгаар хэрэгжүүлэх бодит ажил хийгдээд явж байгаа бөгөөд тус
сургууль нь санаачлагатай гар бие оролцон манлайлан ажиллаж,орон нутгийн
боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
2005 оноос 10 жилийн хугацаанд бага боловсролын 127 суралцагч, суурь
боловсролын 85 суралцагч, бүрэн дунд боловсролын 63 суралцагч тус тус
төгссөнөөс бүрэн дунд боловсрол эзэмшсэн суралцагчдаас 2009 онд 11, 2012
онд 11, 2013 онд 25, 2015 онд 15 суралцагчид тус тус төгссөн байна.
4 удаагийн төгсөлтийг зохион байгуулж, сүүлийн 3 жилийн ЭЕШ-ын
үзүүлэлтээрээ аймагтаа тэргүүлж, 100% гадаад, дотоодын их дээд сургуульд
суралцаж байна. Үүнээс Тайвань Нанхау Их Сургуульд 2, ОХУ-д 2, Хятадын
Шанхай Их Сургуульд-1, дотоодод Анагаахын Их сургуульд 12, МУИС-д 7,
ШУТИС 20, МУБИС-3, Хүмүүнлэг Их Сургуульд-2, МУБИС-5, СУИС-1, Хууль
сахиулах Их Сургуульд -1, СЭЗДС-3, Дорнод Их Сургуульд -2 тус тус элсэн
орсон байна.
Нийт төгсөгчдөөс ЭЕШ-аас 2012 онд Ж.Мөнхзаяа англи хэлний хичээлээр
800 оноо, 2013 онд Х.Дөлгөөнбаатар химийн болон физикийн хичээлээр 800
оноо, 2015 онд Ү.Төгс-Итгэлт хими болон биологийн хичээлээр 800 оноог
хосоор нь авч, өөрсдийн сонирхсон мэргэжлийн сургуулийг сонгон авсан
бидний бахархал болсон юм.
ЕБС-иудын сургалтын чанарыг үнэлж, дүгнэдэг улсын болон аймгийн
чанартай олимпиад уралдаанд 2005 оноос хойш тасралтгүй оролцож, олон
сайхан амжилтуудыг үзүүлж ирлээ. Кенгуру олон улсын математикийн
олимпиадад 32 сурагч 1-3 зэргийн диплом, улсын олимпиадад сэтгэн бодох
чадвар, англи хэл, биологи, технологи хичээлийн төрлөөр 6 сурагч аймгаас
шалгаран улсад амжилттай оролцон 4-10 байруудад орсон байна.
-Сургуулийн онцлог, ямар зорилготой ажиллаж байна?
Одоо манай хамт олон үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага, суурь
боловсролын цөм хөтөлбөрийн зорилго болох "ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ”,
хүүхэд бүрт "БИ ЧАДНА” гэсэн урмын үгийг хайрлан,боловсролын чанарын
шинэчлэлийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга
барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч
сэтгэлгээтэй, хамтран ажиллах чадвартай иргэн болгож төлөвшүүлэхийн
төлөө эрхэм зорилтыг тавин ажиллаж байна.
Манай зорилго "ЧАНАРТАЙ,ХҮРТЭЭМЖТЭЙ,БИЕ ДААЖ БҮТЭЭЛЧЭЭР СУРАЛЦАХ, ШУДАРГА ЁСЫГ ЭРХЭМЛЭХ, ЭРҮҮЛ ШҮДТЭЙ БОЛОХ”
Алсын хараа "ДЭЛХИЙН ХЭЛТЭЙ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ,БИЕ ХҮН ТӨЛӨВШҮҮЛЭХ”
"Flower” сургууль нь стандартын түвшний хичээлийг чанартай зохион
байгуулахын зэрэгцээ англи хэлний хичээлийг 2 дугаар ангиас нь эзэмшүүлж
эхэлдгээрээ онцлогтой. Англи хэлний сургалтандаа олон улсын жишигт
нийцсэн Их Британы "Express Publishing” компаний WELCOME 1-2, Click
on1-4 хүртэлх түвшний сурах бичгүүдийг ашиглаж байгаагаараа ердийн
сургалтаас давуу талтай юм.
-Эвсэг бүтээлч хамт олны талаар юу хэлмээр байна?
2015-2016 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 18 багш, 4 ажилтан
нийт 13 бүлэгт 250 суралцагчидтайгаар сургалт хүмүүжлийн ажиллагаа
явуулж байна. Багш нарын 33,3% мэргэжлийн зэрэгтэй, 27,7% боловсролын
зэрэгтэй, алтан гадас одонт 1, хөдөлмөрийн хүндэт 2, боловсролын болон
бусад салбарын тэргүүний ажилтан 6 байна.
Суралцагчдын амжилтуудыг гаргахад сургуулийн багш нарын идэвхи,зүтгэл
их юм. Англи хэлний багш Е.Буд, монгол хэлний багш Ганганмөрөн,
математикийн багш Цэгмэд болон бага ангийн багш нарын нарын хичээл
зүтгэлийг үнэлж баршгүй.
Манай сургууль ажил үйлсээрээ тэргүүлэн ажиллаж, БСГ-аас 2015 онд
"ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН” –оор шалгарч, аймгийн засаг даргын болон
ХГБХХэлтэсээс "Хүүхдээ дээдлэгч байгууллага” –аар тус тус шалгарлаа.
Сүүлийн 4 жил сургуулийн үйл ажиллагааны ажлын үзүүлэлтээрээ аймагтаа
эхний байруудад шалгарч байгаа нь манай сургууль сайн стратеги
төлөвлөгөөний дагуу зөв бодлогоор ,зөв үйл ажиллагаа явуулж багш,
ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, халуун сэтгэлээр
нэг баг болон ажилласны үр дүн юм.
-Эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Бид бүхний амжилт бүтээлд сургуулийн эцэг эхийн оролцоо маш чухал
үүргийг гүйцэтгэж байдаг. Биднийг байнга дэмжин хамтран ажиллаж, бидний
хөндлөнгийн хяналт үнэлгээ болж, алдаа оноог харж, хүүхэд бүрийн хөгжих
таатай орчинг бүрдүүлэхэд тусалж дэмждэг эцэг эхчүүдэдээ талархаж явдгаа
илэрхийлье.
-Бусдад хандаж хэлэх таны үг
Сургуулийн маань түүх зузаарсаар, ололт амжилт арвижсаар, ажил үйлс,
арга барил шинэчлэгдсээр байгаа зах зээлийн өнөөгийн нөхцөлд сургууль
багш нарын арга барил ч хүрээ хязгаараа тэлж, сурагч, эцэг эхийн
сэтгэлгээ өөрчлөгдөн хөгжиж байгаа болохоор сургалт хүмүүжлийн ажил
хөдөлмөр өдөр ирэх тутам өгөөжөө өгч, арваин ургацаар дүүрэн он
жилүүдийг ардаа үдсэн байна.
Оюуны ундаргатай хос хөлөг дээрээ олон арван номд эрдэмд дурлагч багш
шавь нарыг тээн, хөгжлийн шинэ хойг руу тэмүүлэн яваагаа дурдаад,
энэхүү эрдмийн хөлгийн залуур дээрээс эрхэм хамтран зүтгэгчид, төгсөгчид
хийгээд ажил амьдрал ,номын ариун цагаан мөрөөр залгамжилж яваа хүмүүн
танаа 10 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлье.
Түншлэгч байгууллага болон хамтран ажиллаж, бид бүхнийг дэмжиж ажилладаг бүх хүмүүст талархаж байдаг.
-Сургуулийн ажил үйлс, өөрийн хамт олны талаар ярилцлага
өгсөн танд баярлалаа. Танд болон танай хамт олонд боловсролын шинэчлэлд
өөрийн хувь нэмрээ оруулж, Дорнод аймагт тэргүүлэгч нь байж, шавь нар
тань улс болон дэлхийд дурсагдан явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ж.Зоригтбаатар