Дорнод аймгийн удирдлагууд тендерээр тоглож байна гэсэн гарчигтай
мэдээлэл Үндэсний шуудан сонин болон төвийн сайтуудаар гарч эхэлсэн.
Харин уг мэдээллийг ор үндэсгүй зүйл хэмээн холбогдох хүмүүс нь хариу
мэдэгдлийг "dornodmedee.mn” сайтаар өгсөн билээ. Энэхүү хэл ам татлаад
байгаа тендер нь Дорнод аймгийн Онцгой байдлын албанд шаардлагатай
автомашин, тоног төхөөрөмж нийлүүлэх 253 сая төгрөгний тендер байлаа.
Харин тендерт ялсан "Дорнод худалдаа” ХХК нь одоогоор ганц сайтаар хариу
мэдэгдэл гаргасан. Тун удахгүй орон нутгийн ТВ-ээр ард түмэнд үнэн
бодит мэдээлэл хүргэх байх гэж найдъя. Ингээд хэвлэлд гарсан
мэдээллүүдийг хүргэе.
Дорнод аймгийн удирдлагууд тендерээр тоглож байна
www.news.mn
Саяхан нийтлэлч Баабар улстөрчид төсвийн мөнгийг завшдаг технологийг
олон нийтэд дэлгэсэн. Түүний хэлсэн хамгийн сонгодог жишээ нь, УИХ-ын
гишүүд сумын төвд "10 сая төгрөгөөр хөгжим авч өглөө” гээд Эрээнээс
гурван саяар Хятад хөгжим худалдаж аваад долоон саяыг нь халаасалдаг
байсан тухай юм. Энгийн бөгөөд хорон арга. Баабар гуайн хэлсэн энэ жишээ
бол 10 жилийн өмнө явдал. Өдгөө мөнгөн дүн нь л өөрчлөгдсөн болохоос
мөнгө хулгайлдаг технологи нь хэвээр байгаа аж. Дорнод аймагт ажилаарх
явах зуураа иргэдийн амнаас сонссон нэгэн жишээг энд өгүүлье.
Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны хэлтсээс аймгийн Онцгой
байдлын хэлтэст орон нутгийн төсвийн санхүүжилтээр Гал унтраах болон
тусгай зориулалтын автомашин нийлүүлэх тендер зарлажээ. Тендерийн бичиг
баримтад дурдсан техникийн тодорхойлолтод ОХУ-д үйлдвэрлэсэн "Камаз”
болон түүнтэй дүйцэхүйц автомашин нийлүүлнэ гэж тусгайлан зааж өгчээ.
Энэ дагуу компаниуд ч бичиг баримтаа бүрдүүлж, тендерт оролцсон байна.
Нийт таван компани оролцсоноос "Дорнод худалдаа” компани 253 сая буюу
хамгийн бага үнийг санал болгосноор ялагч болжээ. Энэ үнэ бол ОХУ-д
үйлдвэрлэсэн тусгай зориулалтын "Камаз” машиныг нийлүүлэх боломжтой үнэ
юм. "Дорнод худалдаа” компанийнхан ямар нэгэн хэл ам, хэрүүл
заргагүйгээр тендерээ авчээ. Гэтэл хэдэн сарын дараа "Дорнод худалдаа”
компанийнхан БНХАУ-д үйлдвэрлэсэн "Dongfeng” маркийн автомашин оруулж
ирж, аймгийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэж өгсөн байна.
Өөрөөр
хэлбэл, тендерийн шалгуурт дурдсан "Камаз” болон түүнтэй дүйцэхүйц
автомашин бус хүчин чадлын хувьд "Камаз”-ын хаана нь ч хүрэхгүй муу
машин нийлүүлсэн хэрэг. Үнэ болон техникийн хүчин чадлынх нь талаар
"Dongfeng” үйлдвэрийн албан ёсны вэб сайтаар ороод үзэх юм бол
"Камаз”-ын хаана нь ч хүрэхгүй бөгөөд Монгол төгрөгөөр тооцвол 80 орчим
сая төгрөгийн өртөгтэй болохыг түвэггүй мэдэж болно. Уг нь тендерийн
бичиг баримтад зааснаар бол "Камаз болон түүнтэй дүйцэхүйц автомашин
нийлүүлнэ” гэсэн байгаа. Энэ нь "Хамгийн доод шалгуур нь "Камаз” шүү”
гэсэн үг болохоос түүнээс хэд дахин бага үнэтэй, хүчин чадал дорой
техник нийлүүлээрэй гэсэн үг биш юм. Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын
Засаг дарга н.Мөнхтөрийн зөвлөхийн компани болох "Дорнод худалдаа”-ныхан
253 сая төгрөгийг санал болгочихоод Хятадад үйлдвэрлэсэн муу машин
нийлүүлж, өөрсдөө их хэмжээний ашиг халаасалжээ.Гэвч Онцгой байдлын
хэлтсийн дарга н.Гантөмөр шууд техникийн тодорхойлолтоос тэс өөр хямдхан
машиныг хүлээн авсан бөгөөд энэ нь албан тушаалтан албан тушаалаа
урвуулах болон хэтрүүлсэн Эрүүгийн шинж чанартай гэмт үйлдэл гэж
харагдахаар байгаа аж.
Тендерийн энэ булхай дорнодчуудын нүдэн дээр
шахуу өрнөсөн болохоор иргэд АТГ-д гомдол гаргасан ч, томилогдож ирсэн
байцаагч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан сурагтай. Түүнчлэн
аймгийн прокурорт өргөдөл өгсөн ч мөн л татгалзсан хариу өгчээ. Ийн
хууль, прокурорын байгууллагууд "Дорнод худалдаа”-ны талд шийдвэр
гаргасан нь тус компани цаанаа МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн дэмжлэг
авдагт байдаг бололтой. Ийнхүү төр, хүчний байгууллагын өмнө хүчин
мөхөсдсөн иргэд юунд итгэж найдахаа мэдэхээ байжээ. Хамгийн гол нь
Дорнод аймагт хээрийн түймэр их гарч, хүний амь авч одох эрсдэл өндөр
байдаг. Өнгөрсөн 2012 онд л гэхэд Онцгой байдлын албаны гурван ажилтан
нь түймэрт өртөж нас барсан эмгэнэлт явдал болсон. Тухайн үед түймрийн
голомтод ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчид техник хэрэгсэл
дутмаг, хамгаалах хувцас хэрэглэл хангалтгүйгээс болж амь үрэгдсэн гэхэд
хилсдэхгүй. Ямартаа л нэг нь нөгөөгөө биеэрээ халхалж амь үрэгдэж байх
вэ дээ.
Үүнийг мэдсээр байж хүчин чадал муутай, найдваргүй техникийг
хүлээж авсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Гантөмөрт ч
гэсэн дорнодчууд ам муутай байна. Иргэдээ байгалийн гамшигт үзэгдлээс
хамгаалах үүрэгтэй байгууллагын дарга хувийн компанитай ашиг сонирхлын
зөрчилтэй болсон эсэхийг шалгуулахыг иргэд хүсч байна. Түүнчлэн
удирдлагад нь ажиллаж байсан гурвын гурван албан хаагч нь амь насаа
алдчихаад байхад түүнд хариуцлага тооцохын оронд хэдэн сарын дараа баяр
наадмаар юу ч болоогүй юм шиг Алтангадас одон зүүчихсэн явж байсан нь
олны эгдүүцлийг хүргэж байжээ.

"Дорнод худалдаа” компани Камазын тендерт хятад машин нийлүүлсэн гэсэн нийтлэлийн залруулга
www.dornodmedee.mn
Манай компанийн нэр төрд халдаж тендерийн бичиг баримттай танилцаагүй байж худал мэдээлэл сайт-д нийтэлсэн байна.
Манай компани 2014 оны 04-р сарын 28-ны өдөр Онцгой байдлын хэлтэст
галын болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор шаардлагатай техник
хэрэгслийг шинэчилж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын
автомашин худалдан авах тендерт оролцсон тендерт 5 аж ахуй нэгж
байгууллага орлоцсоноос манай компани 253,0 сая төгрөгийн хамгийн бага
үнийн саналаар ялсан. Компани байгуулагдсанаас хойш 20 -иод жилийн
хугацаанд анх удаа тендерт оролцсон нь энэ болно.
Манай компани Онцгой байдлын хэлтэстэй хөрш зэргэлдээ оршдог. 2011
оны 07-р сард 2 давхар цайны газрын үйл ажиллагаа явуулж байсан модон
барилгаа галд авахуулж байсан. Тэр үед гал унтраах зориулалттай ОХУ-ын
ЗИЛ-130 маркын машин нь хуучирсан байсан нь галыг унтрааж дийлэхгүй
шатаалгаж байсан болохоор галын багаж хэрэгсэл гал унтраах автомашины
дутмаг байдлыг бид өөрсдийн биеээр мэдэрч үүнд сэтгэл санаа зовнин явж
байсан. Манай компани нь аймгийн захын үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй
худалдаа эрхлэгчдийн бараа таваарыг хадгалж хариуцаж байдаг болохоор энэ
тендерт оролцож ашиг харахаасаа илүүтэйгээр галын аюулгүй байдлыг
хангах үүднээс чанарын шаардлага хангасан техник тоног төхөөрөмж, багаж
хэрэгсэл нийлүүлэх зорилгоор бодитой үнийн санал гаргаж оролцсон
болно.
Тендерт:
1. Гал унтраах тусгай зориулалттай автомашин
2. Аврах албаны зориулалттай 2 ширхэг пургон автомашин
3. Галын багаж хэрэгсэл 21 нэр төрлийн 142 ширхэг хэрэгслүүдийг нийлүүлэх байсан.
Гал унтраах авто машиныг БНХАУ-д тусгай зориулалтын автомашин гэдэг
утгаар тухайн тендер, тавьсан чанарын шаардлагын дагуу захиалгаар гэрээ
байгуулан хийлгэсэн. Захиалахад 45 хоногийн хугацаанд үйлдвэрлэж угсарч
бэлэн болгосон. 150 сая төгрөгийн үнэ өртөгтэй. МУ-ын гаалиар НӨАТ ,
гаалийн татвар болох 14,2 сая төгрөг төлж оруулж ирсэн. Үйлдвэртэй
байгуулсан гэрээ, гаалиар оруулж ирсэн бичиг баримт бүгд манай компани
болон аймгийн санхүүгийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэст бүгд байгаа. Энэ
бичиг баримтаас харахад хэдэн төгрөгийн ашиг олсон нь тодорхой
харагдна.
Аврах албаны зориулалтаар пургон маркын авто машиныг цоо шинээр нь
Улаанбаатар хотын Хурд авто ХХК-с нэгийг нь 28,5 сая төгрөгийн өртөг
бүхий 2 ширхэг пургон нийт 57,0 сая төгрөгөөр худалдан авч нэмэлт
гэрлэн дохио, насилк, хаалганы наалт гэх мэт бүрэн тоноглол хийж
хүлээлгэн өгсөн.
Онцгой байдлын хэлтэст дутагдалтай байгаа галын багаж хэрэгсэлийг
тендерт заасан тоо ширхэгээс илүүг ч хүлээлгэн өгсөн. Галын багаж
хэрэгсэл, захиалахаар очиж ирэх зардлууд, машин оруулж ирэх тээврийн
зардал гэх мэт бусад зардал гарсан. Мөн татварын албанд НӨАТ 10,2 сая
төгрөг төлсөн.
Нийтлэлд гал унтраах зориулалтын авто машиныг л 253 сая төгрөгөөр
нийлүүлэх байсан гэж худал бичсэн байсан. Үүнд гал унтраах кориулалттай
автомашин, аврах албаны зориулалтаар 2ш пургон маркын автомашин, гал
унтраах багаж хэрэгсэлүүдийг нийлүүлэх байсан. Мөн захиалгаар хийлгэсэн
энэ машиныг ямар хаягаар орж үнэ өртөгийг нь харсан юм болдоо. Тендерт
тавигдах шаардлагад ОХУ-д үйлдвэрлэсэн гэсэн ямар нэгэн улсын нэр заасан
заалт байгаагүй, камаз эсвэл түүнтэй дүйцэхүйц гэж заасан байсан.
Манай нийлүүлсэн гал унтраах автомашин түүнтэй дүйцэхүйц хүчин чадалтай
DONGFENG HXF5140GXFSG55K, арал:LGAX2B13XEL0009448 хөдөлгүүр: 87935970,
Багтаамж: ус 5000л, хөөс 1000кг, өнгө: улаан, хөдөлгүүрийн багтаамж:
5900СС, явах анги 4*2 Hubei Fighting Apparatus Works гэсэн авто машиныг
тусгай захиалгаар хийлгэсэн.
Тендерт оролцох үед манай захирал Хэрлэн сумын захирагчийн зөвлөх
ажилд томилогдоогүй байсан болно. Иймд нийтлэлдээ Хэрлэн сумын
захирагчийн зөвлөх гэж нэр дурьдсан нь ямар учиртай вэ? Үүнээс үзэхэд
ямар нэгэн нам улс төржсөн байдал, энэ тендерт оролцож ялагдсан аль нэг
компанийн шунахай сэдэлтэй үйлдэлээс болж ийм худал нийтлэл гаргасан
гэж үзэж байна. Мөн энэ нийлтлэл бичсэн хүн Онцгой байдлын хэлтсийн
даргатай ямар нэгэн маргаантай байсан болоод үүнийг худал нийтлэх болсон
гэж ойлгогдохоор байна.
Авилгатай тэмцэх газраас Онцгой байдлын хэлтэст шалгалт хийснийг бид
сонссон. Авилгатай тэмцэх газар манай байгууллагад ямар нэг байдлаар
шалгалт хийж уулзсан зүйл байхгүй.
Бид энэ нийтлэлийг хувийн шинж чанартай байгууллагын нэр төрд халдах
зорилгоор худал нийтэлсэн гэж үзээд энэхүү нийтлэл бичсэн хүн өөрийн
биеээр манай компани дээр ирж тендерийн бичиг баримттай танилцан биднээс
уучлал гуйхыг хүсэж байна.
Тайлбар бичсэн: Дорнод худалдаа ХХК
www.dnews.mn