"Миний араас унагасан нулимсан дуслын тоогоор, миний араас асаасан лаа бүхний гэрлээр, миний нисч ирсэн тэнгэрийн оддын тоогоор гашуудан байж хүн төрөлхтөнд аялах бүүвэйн дууг минь сонсооч.
Хог хүн хоёрыг ялгахгүй хүний ертөнц бүүвэй, бүүвэй
Хожим энд уулзахгүй мэт харгис аав минь бүүвэй.
Миний ээжийн нулимс надаар төгсөг бүүвэй, бүүвэй
Монгол эхийн тэвчээр хайраар төгсөг бүүвэй, бүүвэй.”
Хэрцгий эцэг, хойд эхийнхээ гарт зодуулан, үй түмэн хүний цээжинд гашуудал үлдээн одсон дөрөвхөн настай бяцхан охины талаарх "Ээждээ бичсэн захидал” зохиомжийн хэсгээсээ зүгээр нэг дурссангүй ээ.
Үр аалзаа төрүүлээд зулзагандаа өөрийгөө идүүлдэг нэгэн төрлийн аалз байх. Өөрийнхөө амийг золиослон үр зулзагаа үлдээх уутат аалзанд хүртэл эхийн хайр шингээстэй атал ухамсар, оюун ухаантай гэдгээрээ л хорхой шавьжнаас ялгагдаж байдаг хүн төрөлхтөн аалзнаас дор авирлахыг гашуудахын учрыг эрье.
Аав нь охиноо зодож аллаа л гэнэ. Аавын охиныг дайрч хороолоо л гэнэ. Хүүгээ заазуурдлаа л гэнэ. Хогийн савнаас хүүхэд олсон л гэнэ. Сээмгэр нялх охид, бяцхан хүүдийн чинь амь ямар их үнэ цэнээр бүрэлддэгийг мэдэх хүн цөөхөн болов уу. Хэдэн хүүхдийн амиар гэр бүл дэх хүүхдийн хүчирхийллийг зогсоох юм бол гэж хэргийн эзнийг энэ тэндээс хайхын оронд хүүхэд төрнө гэдэг хичнээн эрхэм болохыг ухаарах гээд үзвэл яах бол?
Эдүгээ дэлхий дахинаа 24 секунд тутамд нэг ураг хөндөгдөж, цаг тутамд 147 ураг, өдөр тутамд 3542 ураг, 7 хоног тутамд 24 865 ураг хүүхэд болж бүрэлдэх явцдаа халуун хэвлийг эмгэнэлтэйгээр орхиж, өдөрт дунжаар 125 000 ураг хөндөгдөж, сар тутамд 107 750 ураг, жил бүр 40-50 сая ураг эхсийн ертөнцөөс хүүхэд болж мэндэлж чадалгүй эмнэлгийн хогийн саванд хаягдаж байна.
Үр хөндөлт нэг иймэрхүү. Энэ тоо харин хөөж гүйцэж тоолох аргагүй, тогтворгүй. Өдөр өдрөөр нэмэгдэнэ. Тэгвэл үр суулгалт яадаг бол?
Хуруу шилний хүүхэд олдох хэцүү юу?
5DW булан энэ удаад үргүйдлийн шалтгаан, статистик тоо баримтыг дурдах гэсэнгүй. Гагцхүү үрийн хүслэн болсон аав ээжүүдийн эцсийн арга болох үр шилжүүлэн суулгах талаар бодит мэдээлэл хүргэхээр нэгэн бүсгүйтэй товчхон боловч илэн далангүй хүүрнэв.
-Та үр суулгах гэж байгаа гэж сонслоо. Энэ талаараа яриач?
Хүмүүс хүүхдээ аллаа гэх нь бүү хэл зодлоо гэж сонсох ч надад аймаар байна. Ёстой атга будаа дээш цацаад зүүний үзүүр дээр ганцхан ширхэг нь тогтож үлдэхтэй адил тийм ховор тохиолоор хүүхэд мэндлэхийг зүйрлэхээс ч аргагүй юм. Хүүхэдтэй болох гээд багшрах хар мянган хүмүүсийг харахад сэтгэл өвдмөөр. Би одоо хоёр дахиа суулгачихаад хэвтрийн дэглэм сахиж байна. Өмнө нь нэг удаа суулгаад тогтоогүй.
-Тогтоогүй гэж юу гэсэн үг вэ? Ингэхэд үр суулгах талаар анагаах хэр өндөр магадлал амладаг юм бол?
Миний хувьд өмнө нь хүүхэд төрүүлж байсан болохоор харьцангүй эмч нар ч, би өөрөө ч их найдаж байгаа. Ер нь бол олон улсын түвшиндээ үр тогтох магадлалыг 35-40 хувьтай гэж үздэг юм билээ. Надтай хамт ийм эмчилгээ хийлгэж байгаа гэр бүлүүдийн бас эмч нарын яриагаар бол ихэнхдээ анхны суулгах үед тогтдоггүй гэж байна билээ.
-Тийм үү. Төлбөр мөнгө ямар байдаг вэ? Та тэр талаар нуулгүй яриач.
Өө тийм хямдхан биш ээ. Шинжилгээний мөнгө 800 мянга орчим. Тухайн хүний биеийн байдлаас болоод сая ч төлж байгаа хүн байдаг юм билээ. Үр шилжүүлэн суулгах үндсэн эмчилгээ нь 5 сая төгрөг. Хяналтанд 50 мянган төгрөгөөр ороод өдөр бүр ЭХО-д харж эсээ хянаж байгаа. ЭХО нэг удаа харах үнэ 25 000. Өдөрт хоёр гурав харна. Өндгөн эс дэмжих тариа 1 ширхэг нь 240 мянган төгрөг. Тэгээд энэ тариагаа өдөрт дунджаар 3-ыг хийнэ гээд боддоо. Бараг 700 мянга болж байгаа биз. Ингээд нийтдээ 10 сая хол давна аа.
-Энэ тариаг тэгээд хэр удаан хийх шаардлагатай байдаг вэ?
Сарын тэмдэг дууссан үеэс хүүхэд олох магадлалтай үе хүртэл тарина. Тэгээд өдөр бүр гэхээр сардаа 5 сая төгрөг элбэг орж байна. Гэхдээ энэ тариаг тухайн хүний өндгөн эс боловсрох байдлаас хамаарч хийнэ. Зарим хүн өдөрт 5 удаа ч тариулж байна билээ. Өөрөөр хэлбэл өндгөн эс муутай бол гэсэн үг шүү дээ. Энэ тариа нь өндгөн эсийг томруулж, дэмжиж өгдөг гэх үү дээ. Цаг тутамд ЭХО-гоор эсээ хуваагдаж байна уу, томорч байна уу, олширч байна уу гэх мэт хянана.
-Гэхдээ энэ тариаг их хийснээр үр тогтох магадлал өснө гэсэн үг биш биздээ?
Биш ээ. Хаа ч байсан болоогүй. Өндгөн эсээ авч эр бэлгийн эстэй хамтад нь хийгээд дахиад л ажиглана. Эр бэлгийн эс өндгөн эсийг нэвтэрч чадсан үед нь эмэгтэйн саванд суулгаж байгаа юм. Тэгээд эсээ боллоо гэсэн үед нь авч суулгаж байгаа юм. Ингэлээ гээд бас болчих биш. Нийлсэн эсийг саванд суулгахад савны хананд наалдан тогтоод, улмаар хуваагдан үр хөврөл явагдах ёстой гэнэ. Харин минийх эхнийх нь зулбачихсан. Одоо дахиж суулгаад яахыг хүлээж байна. Ихэнх бүсгүйчүүл эхнийх дээр тогтох магадлал муу гэнэ билээ.
-Тэгэхээр хоёр дахь оролдлого хийх үед үнэ төлбөр нь хэрхэн зохицуулагдах бол?
Үндсэн эмчилгээ дахиж төлөхгүй. Харин эм тариагаа бол дахиад л авна. Дахиад л ЭХО. Дахиад л ажиглалт. Эхнийхээ тогтоогүй үед нь хоёр дахиа нөгөө тариаг бүр ч их олон хийгээд унадаг юм билээ. Тэр тариандаа дахиад л доод тал нь 4 сая орно шүү дээ. Эс муутай хүн тэр чинээгээрээ л их хийлгэнэ.
-Та одоогоор хэр ихийг зарцуулчихаад байна? Сэтгэл санааны хувьд гайгүй юу?
Би эхний оролдлогоор 10 сая гаруй төгрөг зарцуулсан. Хоёр дахиа мөн л өнөөх тарианаас хийлгэж байгаад орсон болохоор бараг 3, 4 сая гарчихаж байгаа байх аа. Би мөнгөө тооцохоос илүү яаж ийгээд ганц хүүхэд тээчих юмсан гэж л хүлээж сууна. Миний сэтгэлийн хувьд гайгүй. Эхний оролдлого бүтэлгүй болж магадгүй гэж сэтгэлээ бэлдсэн байсан. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд уйлах, орилж хашгирах, эмчээ зодож цохих гэж дайрах гэх мэт сэтгэл санаагаар ёстой аймаар унадаг юм билээ. Тийм ч болохоор сэтгэцийн ийм өөрчлөлтөөс хамгаалсан өнчин тархийг цоожлох гэдэг нэг тариа байдаг юм байна билээ. Ингэж ингэж ард нь насаараа үргүй байгаа хосууд зөндөө. Миний найдвар одоогоор тасраагүй байгаа.
Ярилцсанд баярлалаа. Уншигчдад хандаж хэлэх үг?
Нэг хэсэг нь ийм зүдэрч байхад, нэг хэсэг нь хүүхдээ егүүтгэж байна. Бодохоос аймаар. Энэ тохиолдолд хүүхдээ муухай харж байгаа ээжийг харах ч сэтгэл шимширмээр. Үр хүүхдээ хайрлаарай. Тэд чинь ирье гэсэндээ л ирсэн юм шүү дээ гэж хүмүүст хэлье дээ.
Арав хорин сая... Горьдол тээсэн өдөр хоногууд... Эцэст нь аюулгүй тээх... Ингэн байж гарсан үрээ хэд насалж, хэрхэн амьдрахыг таахгүй... Хүүхэд ийм үнэтэй байхад айлын бяцхан үрийг дайрч алчихаад эдлэх ялаасаа зугтах арга эрэлхийлэх...
Цөөнхийн тавилан мэт боловч Монголд үнэндээ 6 айл тутмын 1 нь ийн гансарч аргаа барж суудаг аж.
Хэдэн саяыг төлчихөөд хуруу шилэн дэх өчүүхэн жижиг эсийг яах бол гэж харуулдан хүлээх ээжүүд, ганцхан шил вискний үнээр зулбуулах эм авч уугаад жорлонгийн ус хэнэггүйхэн татчихаад гүйлдэх бүсгүйчүүд... Даанч хол зөрүү...
Ч.Өлзийням /ЗУУНЫ МЭДЭЭ/