
Дэлхийн хамгийн баян 10 орныг баян хүний тоо олонтой биш, хүний хөгжлийн индекс, Дэлхийн банкны тооцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь эрэмбэлэн жагсаадаг. Энэ тооцоог Олон Улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас жил бүр гаргадаг байна. Ингэхдээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр нь жагсаажээ. Ингээд уг жагсаалтыг Катар улс тэргүүлжээ. Харин хоёрт Люксембург, гуравдугаарт Сингапур бичигдсэн байна.
Үүнд: Олон улсын худалдаа, үйлчилгээний салбарыг дэмжих, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, газрын тос, байгалийн хийн экспорт, электрон бараа үйлдвэрлэгч зэргийг харгалзан үзэж доорх судалгааг гаргажээ.
Ингээд Дэлхийн 10 хамгийн баян улсын жагсаалтыг танилцуулъя.

1. Катар улс

Катар улс дэлхийн хамгийн баян улс. 1.7 сая иргэнтэй. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 143,427 ам.долларт хүрчээ. Катар дэлхийн нефть, байгалийн хийн томоохон ханган нийлүүлэгч бөгөөд 2022 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад өрсөлдөж байна.
Ихэнх нутаг нь элсэн цөл, газрын баялаг-нефть, байгалийн хийг ашиглан дэлхийн хамгийн ядуу буурай орноос дэлхийн хамгийн баян тансаг орон болж чаджээ. Тэд аялал жуулчлал, худалдааны чиглэлээр ихэнх орлогоо бүрдүүлдэг бөгөөд ажилгүйдэл гэгч зүйл бараг байдаггүй гэнэ.
Катар улс өндөр хөгжилтэй орон болохын тулд 1971 оноос хойш маш урт хүнд, хэцүү замыг туулсан байна. 1971 оноос Их Британийн колониос гарсан бөгөөд өдийг хүртэл дэлхийн хамгийн баян орон болтлоо өөрчлөгдөж чаджээ. Ийнхүү хөгжин цэцэглэх болсон гол шалтгаан нь нефть болон газрын нөөцийг олж илрүүлсэн явдал бөгөөд энэ л үеэс Катарт тэнгэр баганадсан барилга, том том дэлгүүр, буудлууд баригдах болсон байна.
2. Люксембург

Хагас сая хүн амтай Люксембург жагсаалтын хоёрт бичигдсэн бөгөөд нэг иргэнд 81 мянган ам.доллар ногдож байгаа аж. Гадаад дотоодын 1000 орчим хөрөнгө оруулалтын фонд, 200 гаруй банктай. Өөрчлөлт шинэчлэлийн түвшин өндөр болж, инфляци болон татварын түвшин бага байгаа нь энэ орныг гадаадынхан бизнес эрхлэхэд нэн таатай орчин болоход чухлаар нөлөөлсөн байна. Люксембург эдийн засаг тогтвортой байдал болон өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсээр байна.
Татварын уян хатан бодлоготой учраас тус улсад хүмүүс ирж амьдрах нь элбэг. Тус улсад ажилгүйдлийн түвшин доогуур байдаг. Иргэд хөдөө аж ахуйгаас гадна төмөр, хуванцар, химийн зэрэг олон арван үйлдвэрээсээ ашиг орлогоо олдог байна.
Банк санхүүгийн системийн эрх зүйн таатай орчноос хамаарч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд тус улсад байрладаг. Өнгөрсөн зуунд тэд эрх зүйн орчноо таатай болгосноор санхүүгийн байгууллагуудыг татаж чаджээ.
3.Сингапур

Азийн арлын энэ жижиг улс найман жил дараалан уг жагсаалтад багтсаар байна. Сингапурыг Зүүн өмнөд Азийн Швейцарь гэдэгтэй маргах хүн үгүй биз. Загасчны ядуу боомтоос дэлхийн өндөр хөгжилтэй улс болсон Сингапур өнөөдөр дэлхийд боловсрол, эдийн засгаараа тэргүүлж аль хэдийнэ үлгэр жишээ улс болжээ. Хэдхэн жилийн өмнө зүгээр л нэг загасчны боомт байсан хот боомтоо татваргүй болгож зөвхөн хураамж авдаг болсоноор хөгжлийн шинэ гарцаа олсон юм.
Улмаар хураамжаас олсон орлогоороо боловсруулах аж үйлдвэрээ хөгжүүлэн ажлын байр, ядуурал зэрэг асуудлуудаа бүтээн байгуулалттайгаа хамтруулан шийдэж чадсан. Сингапур улсын хөгжил Сингапурын ард түмний нөр их хөдөлмөр, зүтгэл мөн мэдлэг боловсрол дээр л суурилдаг. Түүнээс биш уул уурхай, нефть биш юм.
Нэг хүнд ногдох ДНБ 56,319 доллар. Тус улсын 3.7 сая иргэн нь дундаж орлогоороо Европын ихэнх орнуудаас өндөр бөгөөд боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо зэрэг нь бүх талаараа Өрнөдийн орнуудтай өрсөлдөхүйц түвшинд хүрсэн.
Төр захиргаа нь авлигаас ангид, айл өрхийн 90 хувь нь өөрийн гэсэн орон сууцтай, татвар харьцангуй бага, явган хүний зам нь цэвэр цэмцгэр, орон гэргүй ядуу зүдүүс харагдаад байхгүй.
Мөн дээрээс нь ажилгүйдлийн ерөнхий түвшин 3 орчим хувь, төрөөс зориуд авч явуулдаг хадгаламжийн бодлогын үрээр банкинд мөнгөний арвин хуримтлал бий болсон.
4.Бруней Даруссалам

Дэлхийн хамгийн жижиг орны нэг бөгөөд хүн ам нь 415 мянга орчим. Зүүн Өмнөд Азийн улс Брунейн нэг хүнд ногдох ДНБ дунджаар 73,233 ам.доллар. Тус улсын экспортын 90 хувийг түүхий нефть, байгалийн хий эзэлдэг байна.
Бруней нь өргүй бас баян орон гэдгээрээ алдартай. Төрийн тогтолцооны хувьд бүрэн хаант засаглалтай. Бруней улс нь санхүүгийн бөгөөд эко-жуулчлалын томоохон дэлхийн төв юм. Эдийн засгийн хувьд газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэл ДНБ-ний тал хувийг эзэлдэг байна. Засгийн газар нь нийгмийн халамж болон эмнэлгийн тусламжиндаа ихээхэн анхаарал хандуулдаг аж.
Эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд нь Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээн дотор хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, банк санхүүгийн болон аялал жуулчлалын салбарыг бэхжүүлэх асуудлууд багтдаг юм байна.
5.Кувейт

Кувейтийн нэг хүнд ногдох ДНБ дунджаар 71,020 доллар байдаг. Ойрхи Дорнод буюу Персийн буланд оршдог уг улс 4 сая орчим хүн амтай ч хүн нэг бүр нь боломжийн орлоготой байдаг. Түүхий газрын тос тэргүүтэй олон бүтээгдэхүүн экспортлодог.
Хүн амын 40 орчим хувь нь кувейтчүүд бусад нь гадаадын хөлсний ажилчид. Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгч байсан, манай улстай найрсаг харьцаатай орон.
Кувейтийн газрын тосны ордууд 1930-аад онд нээгдэж, ашиглагдаж эхэлсэн бөгөөд 1961 онд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносноос хойш, тус улсын газрын тосны салбар урьд өмнө байгаагүй хурдацтай өссөн. Газрын тос ба түүний бүтээгдхүүн экспортын орлогын бараг 95%, засгийн газрын орлогын 80%-ийг бүрдүүлдэг.
1990 онд Кувейт руу хөрш Ирак халдан эзэлсэн. Долоон сарын турш үргэлжилсэн энэхүү булаан эзлэлт АНУ тэргүүтэй хүчин Кувейтийг чөлөөлснөөр дууссан. Иракийн арми ухрахдаа бараг 750 газрын тосны цооногийг галдан шатааснаас үүдэн байгаль орчин, эдийн засгийн томоохон гамшиг болсон. Дайны үеэр Кувейтийн дэд бүтэц их сүйдсэн тул, сэргээн байгуулах шаардлагатай болжээ.
6.Норвеги
.jpg)
Норвеги улс өнөөдөр байгалийн хийн экспортоор ОХУ-ын дараа дэлхийд хоёрт, харин нефтийн экспортоор зургаадугаар байранд ордог. Энэ улс санхүүгийн хямрал нүүрлэсэн аймшигт 2009 онд төсвийн эерэг сальдо (тодорхой хугацаан дахь орлого, зарлагын зөрүү) хадгалж үлдсэн манай гарагийн цорын ганц улс юм.
Нефтийн экспортын өндөр орлогын дүнд Норвегийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2009 онд 9.9% байсан бол энэ үзүүлэлт 2010 онд 10,3% болж нэмэгджээ. Норвегийн хуримтлалын норм (хөрөнгө оруулалтыг ДНБ-ий үнэд харьцуулсан үзүүлэлт) 25-30%-д хүрчээ. Ер нь энэ үзүүлэлтээр тус улс II дайнаас хойшхи бүх үеийн туршид тэргүүн байрыг Япон, Финляндтай хуваалцаж ирсэн юм.
Норвеги улс нь нефть, байгалийн хий, төмрийн хүрд, зэс, цинк, никель, уран, алт, мөнгө, ой модоор баян. Энд мөн усан цахилгаан станцыг өргөн хөгжүүлж байгаа. Норвегичүүд нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэмжээгээр дэлхийд 1-р байр эзэлдэг. Норвегит хөлөг онгоц, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон электро металлург, электро хими, целлюлозно-цаасны салбар өндөр хөгжжээ.
7.Арабын нэгдсэн Эмират улс

Жагсаалтын долдугаарт Арабын нэгдсэн Эмират улс улс бичигджээ. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ дунджаар 64,479 доллар. Тэд орлогынхоо ихэнхийг байгалийн хий, газрын тосны экспортоор олохоос гадна хуурай загас, нандин чавга ихээр үйлдвэрлэдэг байна. Хэдийгээр тус улсын газрын тосны нөөц шавхагдаж байгаа ч өөр олон төрлийн бизнест хүч сорин эдийн засгаа тогтвортой барьж байна.
Засгийн газар нь иргэдээ тансаг амьдруулж, ажилгүйдлийг хамгийн доод түвшинд барьдаг. 8.2 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын 30 хувь нь буюу 2.5 сая орчим нь үндсэн иргэд-эмиратууд байдаг. Бусад нь Араб болон Азийн улс орнуудаас Эмиратад ажиллахаар ирсэн хүмүүс байдаг.
8. Швейцарь

Швейцарь улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд оролцоогүй. Ардчилал дээд зэргээр хөгжсөн тул аливаа хүндрэлтэй маргаантай асуудлыг ард түмний санал асуулгаар шийддэг. Швейцарь улс дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг. Эдийн засаг нь олон улсын худалдаа, банк, хөнгөн болон хүнд үйлдвэрт голчлон тулгуурладаг. Цаг болон өнөр нарийвчлалтай багаж хэрэгсэл, машин, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнлчэн хөдөө аж ахуй аялал жуулчлалаараа эдийн засгийн чухал ач холбогдолтой улс гэгддэг. Үр тариа, чихрийн манжин, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ тариалдаг. Мөн цагаан идээ шоколад, дарс үйлдвэрлэлтээрээ дэлхийд алдартай.
Нэг хүнд оногдох ДНБ нь 58,087 ам.доллар байна. 2010 оны байдлаар швейцари нь дэлхийн бусад улстай харьцуулахад нэг насанд хүрэгчдэд ноогдох хөрөнгийн хэмжээгээр хамгийн өндөр үнэлгээ авчээ. 2010 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Швейцарь нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай орнуудын тоонд багтсанаас гадна Европын холбооны хувьд тэргүүлэгч орнуудын түвшинд багтах улс гэж үнэлэгджээ.
9.АНУ

Америк 51 муж улсаас бүрэлдсэн 300 гаруй сая хүн амтай хүчирхэг эдийн засаг бүхий холбооны улс. Муж тус бүр бие даасан байдалтай, өөрсдөө шийдвэрээ гаргаж өөрсдөө мөнгөө босгоно, бүтээн байгуулна. АНУ-ын нэг хүнд ногдох ДНБ нь дунджаар 54,597 доллар болж жагсаалтын 9-т бичигджээ. Сүүлийн жилүүдэд АНУ-д халдлага, байгалийн гамшиг ихээр тохиож байгаа ч технологи тэргүүтэй олон салбарт хүч сорьж буй үр бүтээлтэй үйлдвэрлэгчидтэй, санхүүгийн эх орон билээ.
Дэлхийн тавцанд автомашины аж үйлдвэр, инновацийг тогтоох, бизнес эрхлэх сэтгэлгээ, технологийн салбарын хамгийн шилдэг хүчирхэг улс юм. Америк улсын гол тунхаглал нь хүний эрхийг дээдлэх юм. Хууль нь хүн бүрт тэгш үйлчилнэ, хүн бүр хувь заяандаа эзэн байх зам нь нээлттэй учраас бусдаас хамаарал багатай. Эрх чөлөөний мэдрэмж сайтай хүн бүр Америк руу тэмүүлэх болсон. Эдийн засгийн хөгжлийн нэг том зам нь хөрөнгө оруулалт татах явдал байдаг тэд үүнийг ашиглаж чадсан.
Мөн Америк шилдэг технологи, мөнгөтэй ажил хэрэгч хүмүүс, онцгой авьяас оюуны чадвартай хүмүүсийг өөртөө татдаг. Тэд мөнгийг биш хожлыг түрүүлж хардаг улс. Эрх чөлөө, шударга байдал гэдэг юугаар ч үнэлж баршгүй чухал зүйл учраас авьяас чадвартай хүмүүс тэнд очиж хувь заяагаа даатгахын зэрэгцээ өөрийн авьяас чадвараа шавхан хөдөлмөрлөж Америк улсыг хөгжүүлж байгаа юм. Америкийн төлөө дэлхий даяараа зүтгэж байна.
10.Хонг Конг

Чөлөөт зах зээлийн тогтолцоо, татварын бодлого зэрэг нь бизнесмэнүүдийг хамгийн ихээр татдаг улс. Долоон сая хүнтэй энэ хот бизнес эрхлэхэд таатай газрын жагсаалтыг сүүлийн жилүүдэд байнга тэргүүлсээр ирсэн юм. Татварын хөнгөлөлттэй бодлого, эдийн засагт нэгтгэх түвшин нь компани бүрийг соронз мэт татсаар иржээ. Мөн бизнесмэнүүд Хятадын зах зээлд ойр байхын тулд Хонконкийг сонгох нь элбэг байдаг аж.
Олон улсын санхүүгийн тэргүүлэх төвийн нэг болох Хонконгийн эдийн засгийг чөлөөт худалдааг дэмжсэн, татварын доогуур түвшинтэй, Засгийн газрын хязгаарлагдмал оролцоотой эдийн засаг хэмээн тодорхойлдог. Хонконг худалдааны эргэлтээрээ дэлхийд 9 дүгээр байрт орж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагтаа үндэстэн дамнасан корпорацууд хамгийн олноор төвлөрсөн газар. Менежмент, санхүү, мэдээллийн технологи, бизнесийн зөвлөгөө болон мэргэжлийн бусад зөвлөгөө үзүүлдэг төв болон хөгжиж байна.
Өнгөрсөн жил Хонконг арилжааны үйлчилгээний экспортоор дэлхийд 11 дүгээр байрт оржээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 92 хувийг үйлчилгээний экспортын орлого бүрдүүлдэг бөгөөд гүйцэтгэсэн экспорт, импортын нийт дүн ДНБ-ээс нь давдаг байна.

Эх сурвалж: www.mapsofworld.com