"Ташгай Цагаан нуур” ХХК-ын захирал Энэбишийн Магнайбаатар
- Манай сонины "Дорнодын залуус” булангийн зочноор уригдсан танд уншигчдынхаа өмнөөс талархал дэвшүүлье. Өөрийгөө товч танилцуулах уу?
- За баярлалаа. Дорнод сонинд анх удаагаа ярилцлага өгч байгаадаа баяртай байна.
- Намайг Энэбишийн Магнайбаатар гэдэг. ХААИС-ийг Автын
инженер механик мэргэжлээр төгссөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг
даа.
- Бизнесийн гараагаа анх хэрхэн эхэлж байв?
- 2001 онд жижиг дугуй засварын газар байгуулж байсан. Тэр
үед манай аймагт дугуй засвар дэлгэрээгүй, манайхаас гадна нэг л байлаа
шүү дээ. Ингээд удалгүй 2002 онд би Ирланд улсад хэлний сургуульд
сурахаар явсан. Тэнд дөрвөн жил болоод ирсэн дээ.
- Ирландад сурахын хажуугаар ажиллаж байв уу?
- Тэгэлгүй яахав. Бусдын л жишгээр банкнаас зээл аваад явж
байгаа хүн чинь ажиллахгүй яахав. Өглөө наймаас өдөр 12 хүртэл хичээлдээ
сууна. Тэгээд цагийн ажил хийнэ. Тэнд сурч байгаа оюутнууд өдөрт
зургаан цагийн ажил хийх боломжтой. Амралтын өдрүүдээр ч ажиллахыг бодно
шүү дээ.
- Ажиллаж амьдрахад боломжийн юм уу?
- Өө боломжтой юм билээ. Тухайн үед тэнд Монголчууд олон
байсан шүү дээ. Дорнодоос ч залуус байсан. Анх очоод хэл ус гавихгүй
хүнд чинь ямар л олигтой ажил олдохов дээ. Цэвэрлэгээ хийх, шарил зөөх
гэхчлэн юм юм л хийж байлаа. Харин сүүлийн хоёр жилд өөрөө эрж хайж байж
авто засварын газар ажилласан.
- Та чинь тэгвэл анхнаасаа л авто засварын газар байгуулна гэсэн зорилготой байж шүү дээ.
- Тийм ээ. Тэндээс юм суръя гэж бодсон. Харуудтай ажиллана.
Би ганцаараа Ази хүн. Тэднээс их ч юм сурсан даа. Авто машины үйлчилгээ
оношлогоогоор дагнадаг газар байсан. Цалингаараа буухаар нь засварын
багаж, тоног төхөөрөмж авч бага багаар явуулдаг байлаа. Тэр үед каргоны
үйлчилгээ дөнгөж эхэлж байсан. Явуулсан зүйл маань 45 хонож байж Монголд
ирнэ. Ирландчуудын боломжийн амьдралтай нь голдуу Герман машин унана.
Дундчууд нь япон машин их унадаг юм билээ. Тэр нь надад олзуурхууштай
хэрэг болсон. Одоо чинь манайхан япон машин л их унаж байна шүү дээ.
- Ирээд шууд компаниа байгуулав уу?
- 2006 онд гурав дөрөвхөн хүнтэйгээр компаниа байгуулж
байлаа. Тэр үед манай аймаг 2500 орчим машинтай. Тэд нь голдуу Эксель,
Элентра зэрэг Солонгос машинууд байсан. Зах зээл бараг байхгүйтэй адил
байсан болохоор хот орж жил орчим бизнесийн чиглэлийн сургалтанд суусан.
Тэндээс байгууллагыг хэрхэн удирдах, ямар менежмент хийх, зах зээл
судлах гэх мэт бизнесийн талаархи мэдлэгийг олж авсан.
- Анхлан бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээл гарна биз. Унаж босохоос өгсүүлээд.
- Бэрхшээл гаралгүй яахав. Хамгийн гол нь болно бүтнэ гэсэн
хүсэл эрмэлзэлтэй л байх хэрэгтэй юм билээ. Ихэнх эргэлтийн хөрөнгөө
зээлээр босгох чинь амаргүй. Бага хүүтэй зээл олоход хэцүү. Гэвч
зүтгэсээр байгаад босгосон доо. 2010 онд харин ЖДҮ-ийг дэмжих зээлд
хамрагдсан нь их тус болсоон. Түүгээрээ 10-14-ийн харьцаатай засварын
цех барьж байлаа.
- Нөгөө айхтар гай дайрч шатдаг байр чинь үү?
- Тийм ээ. 2012 онд шүү дээ. Дөнгөж зээл аваад төлж ч
дуусаагүй байхад тийм аюул тохиолдоход хүнд цохилт болсон. Дээр нь
хамгийн харамсалтай нь манай ажилтан амь насаа алдсан. Гэвч тэр бүгдийн
ард гарсан. Сэтгэлийн хаттай байхад хүн ямар ч хэцүү бэрхийг давдаг юм
билээ. Би өөрийн гараар босгож чадсан юм чинь ахиад босгоно доо гээд л
зүтгэсэн.
- Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед хүний чанар зэс цухуйж байгаа биз?
- Аливаа алдаа, хэцүү бэрх нөгөө талаараа сайн зүйл
дагуулдаг гэдгийг тэгэхэд ойлгосон. Тэр үе надад найз нөхөд танил
талуудын хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгсөн. Би бүх эд хөрөнгөө зарж байж
хүмүүсийг хохиролгүй болгосон. Тэр гражид бас хүний машинууд байсан юм
шү дээ. Машиных нь үнийг төлчихөөд байхад алдагдал нэхэх хүн ч гарч
байсан. Миний машин өдийд байсан бол би төдөн төгрөг олсон байх байсан
гээд л, хэцүү юм билээ. Тэр ч байтугай инээж хөхрөөд мэндтэй явдаг
хүмүүс дуугарахаа болиод эхэлсэн. Таксинд гар өргөхөд зогсох хүн цөөн
байсан даа. Хүн гэдэг чинь их муухай юм билээ. Гэхдээ тэр хүмүүс нэг
талаараа намайг ирлэсэн гэж хэлж болно. Тэгэх тусам хүн буцаад босохыг л
боддог юм билээ. Дандаа муу хүмүүс гэж юу байхав. Намайг хаялгүй хажууд
минь байсан хүмүүс ч бий. Халуун хоол, цай бариад ирж байсан хүн
цөөнгүй. Ер нь тэгээд жаахан амьдрал үзсэн хүмүүс шал өөр юм билээ.
- Босох гэж зүдэрсэн үү?
- Тэгэлгүй яахав. Хамаг юм аа шатаачихсан хүн чинь. Бүх л
таньдаг мэддэг, өмнө хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзсан. Хотоос
өмнө нь бараагаа авдаг байсан компаниудын эзэдтэй биечлэн уулзаж учир
байдлаа хэлсэн. Тэдний итгэлийг урьд өмнө нь алдаж байгаагүй болоод ч
тэр юм уу зээлээр бараа материал өгсөн. Түүгээр нь л эргээд боссон доо.
Удалгүй хэдхэн сарын дараа бүх зээлээ төлөөд дууссан. Манай аймгийнхан ч
тусалсаан тусалсан. Уурхайн Шатар захирлаас эхлээд дэм болсон хүмүүс
бишгүй бий.
- Одоо танайх хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна?
- Манайх одоогоор арав гаруй хүнтэй ажиллаж байна.
Ажилчдынхаа амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлчих юмсан гэж хичээж л
байна. Бурхан болоочийнхоо ар гэрт өөрийн боломжийн хэрээр байшин барьж
өгсөн. Мөн надтай анхнаасаа хамт зүтгэсэн хоёр залууг ч бас адилхан
байртай болгосон. Хэцүү цаг үед намайг хаяагүй хүмүүсээ аль болох
баярлуулахыг хичээдэг.
- Цаашид компаниа яаж өргөжүүлэх гэж байна?
- Бодож санаж зорьж яваа юм бий. Бид автомашины үйлчилгээ,
оношлогоошоор дагнаж ажиллахыг зорьж байна. Автомашин гэдэг чинь тухайн
цаг бүрд нь үйлчилгээг хийгээд байх юм бол эвдрэл гэмтэл гайгүй шүү дээ.
Ялангуяа япон машин эдэлгээ даана шүү.
- Танд нэлээд хэдэн дээр үеийн машин байдаг. Ямархан түүхтэй ямар хүлгүүд байна?
- Хэдэн машин бий. Би оросууд гарсан дараахан Дивизийн
тэндээс нэг Урал босгож авсан. Кабин, рам хоёр л байсан даа. Урал 370 М
гэсэн 10 см зузаан катологтой үзэж тарсан. Машинаа босгоод хил хооронд
нэг хэсэг ачаа зөөсөн. Тэр үед жинхэнэ төмрийн эрин байлаа шүү дээ.
Эндээс төмөр зөөж, ирэхдээ будаа гурил ачиж ирнэ. Одоо надад 1947 оны
"Москвич 407” байна. МУ-ын Төрийн шагналт Т.Ламзав гуайн эдэлж хэрэглэж
байсан машин. Би үр хүүхдүүдээс нь авч тордсон. Мөн 1960 оны "Газ 63”
машин байгаа. Энэ машин социализмын үед Халхголын газар тариалгийн бүс
нутгийг судлах эрдэм шинжилгээний ажилд явж байсан машин юм. "М пикап”
гэж 1937 оны машин байгаа. 1936-1937 онд Монгол хэд орж ирсэн юм билээ.
Нөгөө кинон дээр гараад байдаг ногоон малгайтнуудын унаад давхидаг машин
шүү дээ. Одоо ч кинонд тоглож байна даа /инээв/. "Босго тотго” МУСК-ны
зураг авалтыг манай аймагт хийхэд орсон. 1939 оны нэг Герман машин
байгаа. Зөв талын хаалгаараа нэвт буудуулсан оромтой. 1939 оны дайны
үеэр л Дорнодод ирсэн байх. Би Тамсагийн дивизийн хогноос олж авсан юм.
- Машинуудаа зарах санаа бий юу?
- Уг нь аймагтаа байлгачих юмсан гэж бодох юм. Энэ машинууд
чинь түүх өгүүлнэ шүү дээ. Уг нь аймагтаа байлгаад гадна дотныхонд
үзүүлж харуулж байвал зүгээр санагдах юм. Сая Халхголын ойгоор гэхэд би
ялалтын парадад оруулах гээд чадаагүй. Аймгийн удирдлагууд ч дэмжээгүй.
Замын цагдаа нар ч оролцуулаагүй. Уг нь парадад явуулсан бол Цагаан
нуурын нэр биш Дорнодын л нэр гарах байсан байх даа. Ядаж Оросууд хараад
энэ чинь манайд үйлдвэрлэгдсэн төдөн оны машин байна гэж бахархана шүү
дээ.
- Хуучны машинуудыг арчилж тордоход амаргүй байх даа. Мөнгө нэлээн орно биз.
- Хуучны юм чинь орчин цагийн сэлбэг хэрэгсэл таарахгүй. Дан
захиалгаар хийнэ, эрэл сурал болж олно. Ер нь амаргүй ш дээ. Сая л
гэхэд Халхголын ойд зориулж би машинууддаа хорь орчим сая төгрөг
зарцуулсан. Болдогсон бол аймаг орон нутгийн музейн сан хөмрөгт
өгчихмөөр л байна. Гэтэл нь хөрөнгө мөнгөний бололцоо тааруу байдаг юм
шиг байна лээ.
- Бизнес эрхлээд явахад хүндрэл бэрхшээл тулгарна биз.
- Бэрхшээл бол байлгүй яахав. Төрийн байгууллагууд зарим нь
хүнд суртал их гаргана. Би бодохдоо Мэргэжлийн Хяналтын Газар л гэхэд
эхлээд иргэдэд сургалт сайн явуулж байвал зүгээр юм уу гэж. Юмыг болоод
өнгөрсөн хойно нь торгууль төлөөс тавих биш болохоос нь урьтаж мэдээ
мэдээллээр хангах нь үр өгөөжтэй байх.
- Залуу хүний хувьд Дорнодын залуусдаа хандаж юу хэлмээр байна?
- Хүн зорилготой л амьдрах хэрэгтэй. Зорилгоо зөв
тодорхойлоод түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал амьдралаа цогцлоож
чадна шүү.
- Цаг зав гаргаж ярилцсанд талархлаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан Н.Мөнхсайхан
