Өдөр тутмын мэдээллийн сайтуудаар "Дорнод аймаг дахь 1-р тойргийн Тахарын албаны дарга Б.Хүрэлсүх төрийн албанд хууль бусаар томилогдсон. АН-ын төлөөлөгчийн суудлын мөнгийг завшсан” гэх мэдээлэл цацагдаад байгаа. Бид энэ талаар өөрөөс нь дараахь тодруулгыг авлаа.
Сайн байна уу. Цахим сайтуудаар тантай холбогдуулан гаргасан мэдээлэлд тодруулга авах гэсэн юм.
Төрийн албан хаагчийн хувьд гүтгэсэн хэрэлдсэн болгоны араас хэл ам хийгээд байх нь зохимжгүй боловч товчхон тодруулга өгье.
Үнэхээр та энэ цацагдаад байгаа мэдээлэлд гарсанчлан гэмт хэрэг үйлдчихэв үү?
Би гэмт хэрэгтэн биш. Харин намайг гэмт хэрэгтэн болгохыг хүсдэг зарим нэг хүн бол байх шиг байна. Гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлтэй хүн төрийн албанд ажиллах байтугай ажиллахыг бодох ч эрх байхгүй. Миний бие хуулийн дагуу төрийн албан хаагчийн болзол шаардлагыг ханган сонгон шалгаруулалтаар тэнцэн шинэ тутам байгуулагдсан Тахарын албанд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй төрийн хүн. Үүнийг би хүний нэр төрд халдах зорилгоор хийгдсэн захиалгат мэдээлэл гэж үзэж байгаа.
Тэгвэл энэ мэдээллийг хэн захиалаад байна?
Эзэн нь тодорхой доо. Намайг гэмт хэрэгт гүтгэж хэрэгтэн болгохоор улайрч яваа хүн бол Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг л дээ.
Тодруулаач?
Төрд ажиллахаас өмнө би Хэрлэн сумын АН-ын даргын сонгуульт ажлыг эрхэлж байлаа. Төрийн албанд орохдоо намын гишүүнээс түдгэлзэх, сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор АН-д гаргаж өгсөн. Мөн намын тамга тэмдэг, бусад зүйлсийг сумын намын дэд дарга П.Болдсайханд хүлээлгэн өгсөн. Харин Хэрлэн сумын нам нь 2014.07.08-нд хуралдаж дараагийн намын даргаа сонгон намайг сонгуульт үүргээс чөлөөлсөн байдаг.
Миний төрийн албанд томилогдсоноос хойш намын сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хэд хоногийн хугацаанд Хэрлэн сумын ИТХ-аас суудлын мөнгийг тус намын нөхөд нэхэмжлэн банкаар шилжүүлэн авч намынхаа үйл ажиллагаанд зарцуулсан юм билээ. Шилжүүлэг хийхдээ миний гарын үсэгтэй шилжүүлгийн баримтыг ашиглан хийсэн байдаг.
Тухайн үед миний биеийг намын даргаасаа чөлөөлөөөгүй, банкны гарын үсгийн баталгааг солиулаагүй зэргээс үүдсэн юм шиг байна лээ.
Энэ асуудалд би ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. Нэг ч төгрөгний зарцуулалт, тайланд холбогдоогүй асуудлаар Д.Цэрэнчимэг нь намын ажилд оролцсон мэтээр гүтгэн, сумынхаа намын тамга тэмдгийг хууль хүчний байгууллагаар хүч түрэн авахаар цагдаа, прокурорын байгууллагад гомдол тэмцэл болж намайг болон бусад хүмүүсийг буруутгаж хэрэгтэн болгохоор мөн ч их улайран гүйсэн нь үнэн.
Гэтэл гэрч нарын мэдүүлэг, төрийн аудит, хөндлөнгийн аудит, шүүхийн шинжилгээний байгуулагын дүгнэлтүүд, санхүүгийн тайлан тэнцэлд хууль зөрчөөгүй, хэн нэгэн ашиглаж шамшигдуулсан зүйл үгүй болох нь хөдөлбөргүй тогтоогдсон юм.
Дээрх асуудал нь:
Нэгдүгээрт. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй.
Хоёрдугаарт: Асуудлыг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас мөрдөн байцаалтын ажиллагааг цаашид явуулах шаардлагагүй болж хуулийн дагуу зогсоон прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг удаа дараа гаргадаг.

Харин Д.Цэрэнчимэг нь заавал хэрэгтэн болгох ёстой гэж хэрүүл маргаан хийдэг ажил жил гаруй хугацаанд өрнөсөн боловч прокурорын бүх шатаар хянагдан хариу нь хэвээр гардаг юм.
Миний хувьд ч бас хуулийн дагуу гомдол гарган үнэн мөнийг олохын төлөө туйлбартай зогссон. Гэм хийгээгүй хүн юунаас ч айхав. Харин дээрх гүтгэлгийг хуулийн хүрээнд нэг мөр шийдүүлэхийн тулд хувь хүний хувьд тэвчээртэй хандаж ирлээ.
Прокурор таны гэм буруутайг тогтоосон, гэмт хэрэгтэн мөн гэж жиргэсэн байсан?
Миний гэм буруутайг прокурор эцэслэн шийддэг субьект биш. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хэнийг ч гэм буруутайд тооцдоггүй. Гэм буруугийн хувьд ямар нэгэн асуудал надад байхгүй.
Намын дарга гэх нэг авгай, прокурор хоёр нийлэн хүнийг гэмт хэрэгтэн болгоод байвал Монгол улсад хууль ёс гэж яриад яахав. Энэ асуудалд прокурор хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан эсэх асуудлыг дээд шатанд нь гомдол гарган шалгуулж байгаа.
Таныг Тахарын албанд хууль зөрчин томилогдсон гэсэн байна
Хуулийн дагуу болзол шаардлагыг нь ханган сонгон шалгаруулалтанд орж тэнцээд л томилогдсон. Д.Цэрэнчимэг энэ асуудлаар Төрийн албаны зөвлөл, холбогдох газарт удаа дараа гомдол гарган намайг ажлаас халуулахаар хөөцөлдсөн боловч зохих хариугаа авсан байх.
Таныг Тахарын ерөнхий газрын даргын хүн, Хууль зүйн сайдын хуурай дүү гэж байна лээ?
Манай агентлаг босоо тогтолцоотой ТЕГ-ын даргын шууд удирдлаган дор ажилладгийн хувьд хэний мэдлийн хүн байх нь ойлгомжтой. Салбарын сайдын хувьд Дорлигжав сайдыг мэднэ. Юун хуурай дүү байхав дээ. Би яам, агентлагийн бодлого, зорилт, холбогдох чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн төрийн албан хаагч
Тэгвэл төрийн албан хаагчыг яагаад гүтгээд байгаа юм бол
Бодвол хавар болж байгаатай холбоотой болов уу
Цаашид яах бодолтой байна вэ
Гүтгэсэн этгээд хуулийн харуцлагаа хүлээх хүртэл хуулийн хүрээнд ажиллаж, амьдарна.
dornod.net