Яг одоо миний ширээн дээр энэ жилийн 9-р ангийн сурагчдаас авах "Монгол хэл-уран зохиол"-ын хичээлийн яамнаас ирүүлсэн жишиг тестүүд байна. Хүсвэл www.eec.mn хаягаар ороод харахад л болно. Хайгаад хайгаад, хараагаа том жижиг болгоод ч тэндээс уран зохиолын хичээлийн нэг ч асуулт олж харсангүй. Үнэхээр "нэвчээхээр" шийдсэн бололтой. Эхлээд шалгалтнаас хасах нь дараа нь шууд "нэвчээх" нь. Танай яамны зарим дарга нар нэг л юм ойлгохгүй юм. Сайд аа! Ард түмэнд тэд таалагдахаа аль хэдийнээ больчихсон шүү. Толгой дээрээ үүл, үйл хоёр хураагаад байгаа чинь сайны "цондон" лав биш. Өмнө нь арай л ингэж шууд гадуурхдаггүй байсан юм. Нэг үгэээр шууд "нэвчээчихдэггүй " байсан юм. Уран зохиолыг улс үндэснийхээ ирээдүйд хэрэгтэй хэрэггүйд эргэлздэг байсан ч улайм цайм хасчихдаггүй байсан юм.
Одоо багш нар хүүхдүүдээ хаврын шалгалтанд ид бэлтгэж байна. Уран зохиолын хичээлийг шууд хаясан байна. Асуухаар "монгол хэл, монгол хэлний олон даалгавар, хэл зүйн асуултуууд ирсэн, уран зохиол яах вэ? Ямар ч шууд холбогдох асуулт байхгүй юм чинь ТҮР ОРХИЧИХООД байна”. Сайд аа, ийм хариултыг хотын дунд сургуулиудын монгол хэлний захын багш хэлнэ дээ. Өнөө ард түмнийхээ дуу хоолойг ямагт сонсох хүсэлтэй, ардчилсан төр минь битүүрсэн чихээ ухаж бөглөөг нь онгойлгохгүй юм. Хувьсгалт төрөө нэхэн санагчид олноороо овоороод "урьд цагт уран зохиолыг” гээд босоод ирвэл та яах юм. Би л лав "сэрэмж алдсан нэгэн ягшас мэт Раамын уулнаа суухыг” хүсэхгүй. "Түр орхичихоод байна, түр орхичихоод байна” тархи толгойд энэ үгс харанга мэт дэлдэнэ. Эцэстээ "бүр орхичихоод байна, бүүр орхичихоод” байна” гэж дуулдах цаг таны сайд үед лав битгий ирээсэй. Хэрэг болгож таньд ганц нэгхэн жишээ сонирхуулья. Дээш доош нь шиддэг” матаас” биш.
Зүгээр л баримт. 38. "Монголын нууц товчоо”зохиолын тавдугаар бүлэгт Ван ханд хандан Тэмүүжиний тухай хэлэхдээ” ам хэлэндээ аав хөвгүүн гэдэг боловч...” 39. Ч.Лодойдамба "Хугараагүй ноён нуруу” туужид "Дорж гуайг харахад их үер юм уу, салхинд нэг хэсэг мөчрөө хугалуулсан боловч...40. Д.Равжаагийн "Ичиг, ичиг” шүлэгт дэвшүүлсэн гол санаа... зэргээр цөөхөн боловч "хөөрхөн асуултууд байдаг байлаа. Үнэн худлыг шалгахыг хүсвэл та "Элсэлтийн ерөнхий шалгалтын монгол, англи, орос хэлний хичээлийн даалгаврууд 2006-2010/ гэсэн зузаан ягаан номыг зүгээр л нэг эргүүлээд хальтхан ч гэсэн харчихна биз. Бага, суурь боловсролын аль ч шатны монгол хэлний шалгалтанд оруулахдаа уран зохиолын хичээлийн мэдлэг шалгах тусгайлсан асуултууд ордог байсан юм. Тусгайлсан асуултууд шүү.
Гэтэл энэ жилийн 9-р ангийн жишиг тестүүд дунд "устаж үгүй” болов.
A,B,C,D гэсэн 4 хувилбар тест нь дотор Ц.Дамдинсүрэнгийн "Өлзийтийн
хээр” үгүүллэгийн хэсгээс аваад уран зохиолтой бараг ямар ч холбоогүй
баахан дэмий асуулт асууснаа үргэлжлүүлээд 13. "Хүмүүс зүг зүг тийш
дүрвэх болов”- өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A.Дэд дэлгэрүүлэгч буюу тодотгол гишүүн
B. Захын дэлгэрүүлэгч буюу байц гишүүн
C. Дэд дэлгэрүүлэгч буюу шууд бус тусагдахуун
D. Гол гишүүн буюу өгүүлэгдэхүүн
E. Гол гишүүн буюу өгүүлэхүүн гэсэн асуултуудаар дүүргэж орхижээ.
Гишүүн үгүүлбэр ялгаж салгаж сурах эрдэм мөн. Гэхдээ амьдралд эцэст нь
ямар хэрэг болдог вэ, та эх хэлээрээ бичихдээ "би энэ үгүүлбэрт одоо
"шууд бус тусагдахуун” оруулна гэж төлөвлөж бичдэггүй гэдэгт найдья.
Харин Ц.Дамдинсүрэнгийн "Чөтгөр”-ийг лав уншсан бол охид хүүхдүүдээ ”ийм
тийм чөтгөрүүд” амьдралд цөөнгүй бийг хэлж сануулаад ойлгож ухааруулаад
зарим хүнтэй сэрэмжтэй хандахыг мэдүүлвэл илүү "эрдэм” болох юм шиг
мунхаг би санах юм. Сайд та ч болгооно биз.
Үр хүүхдүүд минь эх
хэлээ нэн сайн сурах нь зөв. Ирээдүйд эндээ л монгол хэлээрээ ярилцаж,
монгол хэлний орчинд амьдрах юм бол. Харин уран зохиолыг хичээлийг "уран
зохиол” биш болговол ирээдүйд дөрвөн уулынхаа урд хойд аманд л хэдэн
шорон нэмж барих хэрэгтэй болох байх даа. Тэгээд хүсээд байгаа
"араатнууд” –аараа дүүргэнэ биз. Энд л уран зохиол хичээл тусгай
судлагдахуун болох ёстой, ёсгүй нь тухай үнэн худал ярианы ганц том
"асуулт” байгаа юм. Хувилбарын тестүүд цааш үргэлжлэхдээ, ГУРАВДУГААР
ХЭСЭГ. Бичих - /задгай даалгавар/ A хувилбар
"Миний төрж өссөн
нутаг” сэдвээр зохион бичлэг бичнэ үү: гэсэн байх юм. Даанч дээ? Сайд,
аа. Өдий 9- р ангид орчихоод ийм хөнгөн сэдвээр, ийм зохион бичлэг бичих
ч гэж дээ. Одооны хүүхдүүд ийм сэдвээр чинь гурав, дөрөвдүгээр ангидаа л
зохион бичлэг бичээд байгаа шүү дээ.
Нас сэтгэхүйн онцлог гэж нэг юм
дээхэн үед их ярьдаг байсан юм гэнэлээ. Тэгвэл яаж ч бодоод өнөөгийн
"өндөр хөгжилтэй” хүүхдүүд "Миний төрж өссөн нутаг” сэдэв арай л
хөнгөдөөд явчихна. Тэгээд, сайд, аа. Бидний сэтгэлгээ зарим талаараа
хүүхдүүдээсээ "хоцорчихоод” байгааг танай зарим дарга нар мэддэг ч юм
уу, үгүй ч юм уу, бүү мэд. Баяртай уран зохиол минь баяртай, дарга нарын
саруул ертөнцөд лав сарнив. Монгол түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин
үлдэнэ гэх эмгэнэлийн үг зохиоход эрт биш харин ч оройтсон байна.
Таныг дэмий үгээр баахан чилээв. Эцэст нь энэ цаг үеийн гайхамшигт
асуулт болох, "ТА САЙД УУ, ЭСВЭЛ СААД УУ” гэдгийг сайтар бодож, соёлт
хүн төрөлхтөний бүтээсэн "уран зохиол” хэмээх гайхамшигт урлагийг,
өөрийнхөө санаачилсан "НОМ” хөтөлбөртэй бат холбон хүний сэтгэл зүрхний
боловсролыг түгээх аваас сайн нэр түмэн үед үл баларна.
Тэр цагт та "СААД БУС САЙД” нэрийг бүрэн олно.
П.Батхуяг
2014-03-28
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих