Телевизийн тоон системд энэ сарын 5-нээс орон даяар шилжих гэж байна. Тоон системд шилжихийн давуу тал, LCD телевизоргүй айл зурагт үзэх боломжтой эсэх, ямар төхөөрөмж ашиглах зэрэг иргэдийн дунд эргэлзээтэй байгаа олон асуултад хариулт авахаар Мэдээллийн технологи, Шуудан харилцаа холбооны газрын орлогч дарга З.Бадралтай ярилцлаа.
-Аналог системийг бүрэн унтрааж тоон системд шилжүүлэх ажлын бэлтгэл бүрэн хангагдсан уу?
-Энэ сарын 5-нд орон даяар аналог системийг унтрааж, тоон системд шилжинэ. Техник, тоног төхөөрөмжийн хувьд бэлэн болчихсон байгаа. Зарим нэг станцууд засвартай байгаа учраас жаахан хойшлоод байгаа. Өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар Монгол Улсад аналог телевизийн дахин дамжуулах 322 станцуудыг унтраасан. Ховд аймгийн Үенч сумын тоон станц гэмтэлтэй байгаа тул засахаар унтраасан.
-DDISH, MNBC болон орон нутгийн кабелийн телевиз хэрэглэдэг айлууд нэмэлт төхөөрөмж авах шаардлагатай юу?
Шаардлагагүй. IPTV болох Юнивишн, Скай медиа, DDISH, орон нутгийн кабелийн телевизийн хэрэглэгчдэд ямар ч өөрчлөлт гарахгүй. Нэмэлт хувиргагч төхөөрөмж авах шаардлагагүй. Мөн зурагтаа солих ч хэрэггүй. Яагаад гэвэл тэд тоон системд аль хэдийн шилжчихсэн гэсэн үг. Зөвхөн эфирийн телевизийн үзэгчид буюу гэрийн антен ашиглан телевизээ үздэг айлуудад хамааралтай.
-Ямар төхөөрөмжөөр тоон системийг хүлээн авч үзэх вэ?
- SET UP BOX буюу нэмэлт хувиргагч төхөөрөмж авна. Энэ төхөөрөмж нь баталгаатай баталгаагүй янз бүр худалдаалагдаж байгаа. Тиймээс иргэд төхөөрөмжөө авахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор баталгаажуулсан төхөөрөмжийг авах хэрэгтэй.
-Тэгэхээр SET UP BOX буюу нэмэлт хувиргагч төхөөрөмж худалдаж авахгүй бол ирэх сарын 5-наас зурагт гарахгүй гэсэн үг үү?
-Тийм. Гэрийн антен ашиглан телевизээ үздэг айлууд энэ сарын 5-наас өмнө төхөөрөмжөө авах хэрэгтэй. Үгүй бол энэ сарын 5-наас эхлээд гэрийн антенаар зурагт үзэх боломжгүй болно.
-Тоон системд шилжих талаар иргэд мэдээлэл муутай байх шиг байна. Энгийнээр тайлбарлахад тоон систем гэж юуг хэлж байна вэ?
- Тоон системийг энгийнээр тайлбарлавал дуу дүрсний өндөр нягтрал бүхий зурагт гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, аналог телевизтэй харьцуулахад дуу, дүрсний хувьд хамаагүй өндөр нягтралтай, илүү олон боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа учраас өнөөдөр дэлхий нийтээрээ тоон системд шилжиж байна.
-Телевизийг тоон системд шилжүүлэхээр хуучны зурагтууд гарахгүй тул шинээр телевиз худалдаж авахаас аргагүй гэх юм. Үнэн үү?
-Мэдээж хуучны рекорд зурагттай айл бол болохгүй. Сүүлийн үеийн дижитал зурагтууд бүгд болно.
- Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжиж байгаагийн давуу тал нь юу юм бэ?
- Гэрийн антенаар хүлээж авч байснаасаа илүү өндөр нягтралтайгаар зурагтаа үзнэ. Мөн өөр олон боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа. Жишээлбэл, ямар телевизийн, ямар нэвтрүүлгийг хэдэн хүн үзсэнийг нь мэдэх боломжтой болж байгаа.
Т.Болормаа
uls.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих