Ард түмний санааг зовоохгүй гэсэндээ хэдэн сар хойшлуулсан "Эдийн
засаг хүндэрч байгаа” гэсэн үнэнийг эрх баригчид ил тод хэлэх болсоор
багагүй хугацаа өнгөрч байна.
Үнэндээ ч мөнгө төгрөг хомсдоод, хаа хол төсөөлөгдөж байсан хямрал халаасыг маань тэмтрээд эхэлчихлээ.
Иргэд бухимдаж, нийгмийн сүлжээ уур уцаараар дүүрлээ. Фэйсбүүк, твиттерт алжаалаа тайлах гэж ордог байсан бол одоо бухимдах гэж, эрх баригчдыг муулах гэж ордог болж. Гэхдээ ингэж бухимдах болсонд бидний монгол зан бас нөлөөлж байна. Бид аливаа шинэ хандлагыг хүлээж авахдаа муу шигээ, дасчихаараа салж чаддаггүй муу зантай. Тансаг хэрэглээ үүний нэг нь.
Уур бухимдал, сэтгэл дундуур байдлыг бид л өөрсдөө гаргаж ирээд гутарч гуниад байгаа юм биш үү. Сөрөг хүчний улстөрчид үүнд нь хачир нэмээд.
Шарсан тахиа захиалаад идэж суугаа хүмүүс хоорондоо "Мөнгө цаас болжээ, ямар үнэтэй юм бэ” гэлцээд сууж байна. Сард 500 хүрэхгүй мянган төгрөг авдаг мөртлөө сая төгрөгийн утас лизингээр авчихаад бухимдаж суух нь монголчууд л байна. Ахархан хугацаанд л пицца, чиккен захиалж, ухаалаг гар утас барьж дассан нь тэр.
Өнөөдөр "Азийн цагаан дагина” хогны ногоон уутыг ад үзэж байгаа ч больчих юм бол "Нөгөө ногоон уут яачихав аа, аятайхан ажил байсан юм” гэж жишим ч үгүй ярьж мэдэх хүмүүс л дээ. Бидний монголчууд үнэтэй бүхэн рүү тэмүүлдэг шигээ үнэгүй юманд нугасгүй гэдэг үнэн. Ингээд бодохоор уур бухимдал, сэтгэл дундуур байдлыг бид л өөрсдөө гаргаж ирээд гутарч гуниад байгаа юм биш үү. Сөрөг хүчний улстөрчид үүнд нь хачир нэмээд.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, жирийн борчуудын талаар энд ярихгүй. Харин жаахан мөнгөтэй болчихоод эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн хэдтэйгээ зиндаархаж, арай ядмаг бусдыгаа хөлдөө чирж байгаа нөхдүүдийн мөнгөнд хандах хандлагын талаар энд хөндөж, бухын хүзүү гаргах гэсэн юм.
Монголчууд тансаг хэрэглээг хэрэглээ биш, бусдад гайхуулах, хөлдөө чирэх арга хэрэгсэл болгох нь илүүтэй юм. 9911-тэй дугаараас залгавал шууд авдаг, өөр серийн дугаартай утаснаас залгахад "Хэн бэ” гэж мессэж бичдэг хурган дарга нар олон бий. Ийм нөхөртэй таарсан хэн ч "Их зантай новш вэ” гэхийн хажуугаар "Нэг ийм дугаар олоод авах юм сан” гэж бодно. 9911-тэй дугаарын үнэ ингэж л хаданд гарсан.
Тансаг клубт гишүүнчлэлтэй болох, за цаашлаад 9911-тэй дугаар барих, жийп машин унах бол үнэндээ ердийн хэрэглээ. Япон хуучин машин унаж, 88-тай дугаар барьсан ч бид хөлөө дүүжлээд, хэлээ авалцаад л явна. Үүнийг мэдсэн хэрнээ л үхэлдээд байдаг нь юуных вэ... бас л түрүүн яриад байсан монгол зан. Баян хүнийг хөдөлмөрч хүн гэж, "9911”-ийг дугаар, "Ланд 200”-г "машин” гэж харж чаддаггүйд л хэргийн гол учир байгаа юм шүү дээ.
"Зээл авчих юм сан. Олдохгүй байна”, "Төр засаг жижиг дунд бизнесийг үнэндээ дэмжиж чадахгүй байна” гэж байнга ярьдаг нэг найз маань 60 сая төгрөгийн зээл авангуутаа 50 саяар нь машин аваад уначихсан нэг түүх байдаг юм. Яагаад тэгснийгээ "Аятайхан машин унахгүй бол ажил бүтэхгүй байна шүү дээ. Хүмүүс ялгаж харьцаад байх юм. Дараагийнхаа зээлийг хөөцөлдөхөө бодоод сайхан машин аваад уначихлаа" гэж тайлбарласан.
Сайхан амьдарч байгаа нэгэндээ зөв атаархах, түүний зэрэгт хүрэх гэж зүтгэх нь амжилтыг авчрах нэг хөшүүрэг уг нь мөн. Гэвч энэ зангаа мөнгө олоход биш, үрэхдээ гаргаад байгаад л хамаг учир байгаа юм биш үү. Нэгэн америк залуу өөртөө байсан нэг ширхэг балыг үзгээр сольж, түүнийгээ үзгийн саваар, дараа нь тоглолтын тасалбараар солих зэргээр ажилласаар жилийн дотор орон сууц болгосон тухай сонсч байлаа. Баялагт хэрхэн хандах ёстойг харуулсан жишээ энэ. Харин бид ингэж чадахгүй л байна шүү.
"Зээл авчих юм сан. Олдохгүй байна”, "Төр засаг жижиг дунд бизнесийг үнэндээ дэмжиж чадахгүй байна” гэж байнга ярьдаг нэг найз маань 60 сая төгрөгийн зээл авангуутаа 50 саяар нь машин аваад уначихсан нэг түүх байдаг юм. Яагаад тэгснийгээ "Аятайхан машин унахгүй бол ажил бүтэхгүй байна шүү дээ. Хүмүүс ялгаж харьцаад байх юм. Дараагийнхаа зээлийг хөөцөлдөхөө бодоод сайхан машин аваад уначихлаа" гэж тайлбарласан.
Монголчуудын нэг нэгнээ дугаарладаг муухай зан ийм байдалд хүргэсэн байна. Бие биеийнхээ доор орохгүй гэж гадаадын үнэтэй бүтээгдэхүүн авч хэрэглэдэг, дэлгүүрт орж олон бараа харахаараа хэтэвчнийхээ хэмжээнээс хэтэрч, лизингдээд ч хамаагүй авна гэж зүтгэдэг монгол зан бидэнд ачаа нэмдэггүй гэж үү. Хямралын бурууг төрд өгөх үү, өөртөө өгөх үү гэдгээ жаахан бодмоор байна. Энгийн нэг жишээ авахад, бид өнгөрсөн хугацаанд тахиа, чиккен захиалж идэж сурсан уу гэхээс гэртээ хийж идэх талаар тун цөөхөн бодсон байхгүй юу.
Төр засаг эдийн засгийн хямралд орчихоод байгаагаа хүлээн зөвшөөрчихлөө. Одоо тэгвэл иргэд нь гутарч гуних биш, зохицох тал руугаа хандах ёстой. Мөнгөн хэрэглээгээ хязгаарлах аргаа бодоцгооё л доо. Үр хүүхэддээ бүхнээ зориулдаг нь эцэг эхийн ёс. Гэвч энэ бодол маань эцэстээ юунд хүргэлээ. 90-ээд оноос нааш төрсөн хүүхдүүдийг хэн ч магтахгүй байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Ц.Элбэгдорж "Их дээд сургуулийг төлбөргүй болгоно”, Н.Энхбаяр "Оюутнуудыг цалинтай болгоно” гэж амласан байдаг. Энэ үед оюутнууд "Их, дээд сургууль төлбөргүй болчихвол ээж, аавд ашигтай, цалинтай болчихвол надад ашигтай” гэсэн дүгнэлтийг шууд хийсэн байгаа юм. Сонгуульд хэн нь ялж, хэнд нь ашигтай тусав. Эцэг эхээ боддог хүүхэд хэчнээн байж вэ. Одоо цалиндаа дасчихаад, ажил хийчихсэн аятай "70 000-ыг болиулах гэж байгаа төр засаг муухай” гэж ярьж байна. Мөнгө үрж сургасан төр засгийн ч буруу, эцэг эхийн ч буруу гэдэг нь харагдаж байгаа биз. Мөнгө нь үгүй болчихоор тэд чинь сард нэг удаа тансагладаг байснаа үгүйлдэг юм байгаа биз дээ. Томчуудад тусаад байгаа гутралын өвчинг оюутнууд авах болж байна.
Ээж, аавыгаа бодоогүй тэд төр засгаа бодох болов уу. Төр засаг иргэдээ сайхан амьдруулах үүрэгтэй ч үүнд бололцоо гэж нэг чухал зүйл бий. Бид тансаг хэрэглээний төлөө үхэлдэж, хэн нэгэнтэй зиндаархах гэж зовж байснаас одооноос эхлээд сэтгэл дэх "үйлийн үрийн сав”-аа багасгахыг бодох хэрэгтэй байна. Эдийн засаг хямраад байна уу иргэдийн сэтгэл хямраад байна уу гэдэг асуулталд шууд хариулахад хэцүү л байна шүү.
Б.Болор
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих