Эрдэмтэд удаан хугацааны турш Америк тивийн уугуул иргэдийг Өмнөд Сибирийн Алтайн уулсынхантай холбоотой хэмээн таамаглаж байв.
Алтайн хүмүүс Чукотка, Аляскаар дамжин Өмнөд Америкийн урд хэсэг болох Тиерра дэл Фуэго хүрсэн тухай онол зуу гаруй жилийн өмнөөс яригдах болсон юм.
Тэр цагаас хойш олон эрдэмтэд дээрх онолыг батлах гэж оролдож ирсэн бол 2015 оны сүүлээр Оросын генетикч Олег Балановский эцэслэн баталж чаджээ.
Үүнээс гадна Доктор Балановскийн судалгаагаар Америкийн зарим уугуул иргэд Австралийн уугуул иргэдтэй төрөл садны холбоотой болохыг илрүүлсэн байна.
РАН Ерөнхий Генетикийн хүрээлэнгийн судлаач Валерий Ильинский энэ тухай "Бидэнд одоо тодорхой баталгаа байна. Үүнтэй маргах утгагүй болсон” гэжээ.
2013 онд анхны ийм судалгааны тайлан Nature болон Science сэтгүүлүүдэд гарч Америкийн уугуул иргэд, Сибирийнхний хоорондын генетикийн хамаарлыг дэлгэж байв. Тэр судалгаанд Бразилийн 48 уугуул иргэн, дараа нь АНУ болон Сибирийн 31 хүний генетикийн материалыг судалж үзэхэд одоогийн Америк тивийн уугуул иргэд 20,000-30,000 жилийн өмнө Сибириэс нүүдэллэн очсон болохыг харуулсан байна.
Энэ нийтлэлийн дараа доктор Балановский илүү өргөн хүрээнд судалгааг хийж уг таамгийг эцэслэн батлахаар олон улсын эрдэмтдэд ханджээ.
Ингээд эрдэмтэд Оросын био банканд хадгалагддаг 25,000 генийн материалыг шинжилж үзсэн байна. Уг банканд Орос болон түүний хөрш улсуудад амьдардаг 90 үндэстний генийн мэдээлэл байдаг гэнэ.
Үр дүнд нь Монгол болон Хятадтай хил залгаа Алтайн бүс нутгийн хүмүүс нь Америк тивийн уугуул хүн амтай хамгийн ойр төрөл болж таарсан байна.
Үүнээс гадна зарим уугуул Америкчуудын ген Австралийн уугуул хүмүүсийнхтэй холбоотой байжээ.
Сибириэс Америк тив хүрсэн зам нь ойлгомжтой. 30,000 орчим жилийн өмнө Берингийн хоолой нь хуурай газар болон мөсөн давхаргаар хоёр тивийг холбож байсан. Харин Австраличууд хэрхэн Америк тивд хүрснийг үргэлжүүлэн судлах шаардлагатай хэмээн Балановский ярьжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих