
Зүүн бүсийн хилийн отряд, ангиудын СССА-ны ажилтнуудын сургалт Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангид болсон билээ. Энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?
-Би Чойбалсан хотын унаган хүүхэд л дээ. Аймгийнхаа төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа аймгийн ИХТ-ээр 12 жил ажиллажээ. Харин 2012 оны сонгуулиар ИТХ-ын даргаар сонгогдоод хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-Миний хувьд анх удаа Дорнод аймагт хөл тавьж байна. Дорнодчууд их зочломтгой найрсаг зон шиг санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Дорнод аймаг хоёр улстай хил залган оршдог. ЗХУ-ын үед манай хоёр орон ах дүүгийн барилдлагатай, маш нягт уялдаа холбоотой байж үүнийхээ хүрээнд Оросуудтай 70 жилийн турш хамт ажиллаж, амьдарсан. Чойбалсан хот маань тэдний хүч хөдөлмөрөөр боссон гэж хэлж болно. Тухайлбал, зүүн бүсийн чанартай томоохон үйлдвэрүүдийг байгуулж өгсөн. Эдгээр үйлдвэрүүд түүхий эд, бүтээгдэхүүнээ боловсруулаад ЗХУ-ын зах зээлд гаргаж худалдаалдаг байлаа. Мөн Дорнод аймгийн хэмжээнд гурван том сангийн аж ахуй байсан бүх л аймгуудаас ажиллах хүн хүч тэнд ирнэ. Ингээд бодохоор эртнээсээ их хөлийн газар байсан
болохоор тэр үү Дорнодчууд зочин гийчинд дассан зочломтгой улс.
-Дорнод аймаг газар нутгийнхаа болоод хөгжлийнхөө хувьд их том юм?
-Уг
нь Монгол Улсынхаа хэмжээнд хамгийн том хот байлаа. Сүүлд Дархан,
Эрдэнэт зэрэг хотууд байгуулагдсан. Чойбалсан хотыг анх 100 мянган хүн
амьдарна гэж төлөвлөн инженерийн шугам сүлжээг нь байгуулсан. Одоогийн
байдлаар Чойбалсан хотод албан ёсны бүртгэлтэйгээр 50 мянга орчим хүн
амьдарч байна.
-Тэгвэл энэхүү том аймгийн цаашдын хөгжлийн стратеги хөтөлбөрийг сонирхмоор байна?
-Дорнод
аймаг ОХУ, БНХАУ-тай хил залган оршдог. Энэхүү газар зүйн онцлог нь зах
зээлийн нийгэмд хөгжлийн гарц нь болж байдаг. Тиймээс гадаад харилцааны
энэхүү давуу талаа түшиглэн хөгжих ёстой гэж би бодож явдаг. Дорнодоос
Улаанбаатар хүртэл 700 гаруй км. Харин ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын
Чита хот руу 500 км, ӨМӨЗО-ны Манжуур хот руу 300 км яваад хүрнэ.
Үндсэндээ Улаанбаатар орохоос илүүтэйгээр энэ хоёр хотын зах зээл илүү
ойр байна гэсэн үг. Тиймээс гадаад харилцаагаа түлхүү хөгжүүлэх
шаардлага Дорнодынхонд зайлшгүй байгаа юм. Аливаа харилцааны гол
хөшүүрэг нь дэд бүтцийн хөгжил. Гадаад харилцааг өргөтгөх, хөгжүүлэх
эхний гарц нь аймгийн хэмжээнд мэргэжлийн чиглэлийн албатай болох явдал
гэж бид үзсэн.
Тиймээс Чита болон Манжуур хотод Монгол Улсын консулын газар байх шаардлагатай гэж дүгнэсэн. Дээрх газруудад Монгол Улсын гадаад харилцааны газрыг бий. болгочихвол тэрхүү давуу талаа түшиглээд хөгжих асар их боломж бүхий гарц байна гэж харсан хэрэг л дээ. Юуны өмнө бид Гадаад харилцааны алба, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод консулын газрыг байгууллаа. Чита хотод байгуулахаар санал тавиад байна. Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар дөрвөн жил ажиллах хугацаанд би бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажилласан туршлагатай. Тэр үед гадаад харилцаанд ахиц гарч байж Дорнод аймаг хөгжих юм байна гэдгийг олж харсан. ИТХ-ын даргаар томилогдоод хамгийн түрүүнд энэ ажлыг барьж авсан. Аливаа улс орон, аймаг хот хөгжихөд эдийн засгийн боломж, орчин нь таатай байх ёстой.
Дорнод аймгийн зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний урсгал үндсэндэ.э гурван том эх үүсвэрээс орж ирдэг. 2012, 2013 оны байдлаар нийт 200 гаруй тэрбум төгрөг Дорнодын зах зээлд эргэлдэж байна. Ийм хэмжээний мөнгө зах зээлд эргэлдэхээр
нүдэнд харагдахуйц өөрчлөлтүүд гарч эхэлдэг юм байна. Тухайлбал,
өнгөрсөн жил манай аймагт 6-15 давхар барилгууд баригдаж эхэллээ. Энэ
бол хөгжил дэвшлийн нэгэн хэмжүүр. Бид Дорнодын зах зээлд эргэлдэж
байгаа энэ мөнгийг 300, 400 тэрбум төгрөгт хүргэхийн тулд гадна дотнын
жуулчдыг татах бодлогыг давхар барьж ажиллаж байгаа. Ер нь энэ мэт
эерэг талыг ашиглаж чадсанаар Чойбалсан хотын бүтээн байгуулалт,
иргэдийн амьжиргаа түүнийгээ дагаад өснө.
-Та Дорнод аймагт орж ирэх
дөрөв дэх мөнгөний урсгалыг аялал жуулчлал хэмээн тодорхойллоо. Тэгвэл
гурван улсын хилийн багана, түүхэн үйл явдал болж байсан газруудаа
түшиглээд аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломж бий юу?
-Бид
гадаад харилцаагаа хөгжүүлэн жуулчдыг их хэмжээгээр татахад манай хилийн
отрядуудын үүрэг оролцоо их бий. Монгол Улсын дархан цаазат болон
тусгай хамгаалалттай газрууд хилийн дагуу байдаг. Тиймээс
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хилчдийн оролцоо чухал. Гурван улсын
хилийн уулзвар цэг болох "0" баганын хувьд ч ялгаагүй. Бид тэрхүү хилийн
баганыг бусдад үзүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт
хийгээд тохижуулчихвал аялал жуулчлалын үзмэрийн бүтээгдэхүүн болгож
болно.
-Хилчид аймгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хэрхэн оролцож байна вэ?
-Их санаачилгатай оролцдог шүү. Хурандаа Д.Мэндсайхан аймгаас зохион байгуулж буй ажлыг дэмжиж, чадах чинээгээрээ тус дэм болдог. Оны эхэнд ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав хилийн аймгуудын ИТХ-ын дарга болон аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч, үйл ажиллагаатайгаа танилцуулсан шүү дээ. Энэ үеэр хамтын ажиллагааны гэрээнд бид гарын үсэг зурцгаасан. Тэрхүү гэрээнд заасны дагуу Дорнод аймаг хамгийн түрүүнд хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөл байгуулан зөвлөгөөнөө хийлээ. Энэ зөвлөгөөнийг хийхэд хурандаа Д.Мэндсайхан их идэвх чармайлттай ажилласан.
-Хилчид байнга л орон нутгийн удирдлагаас болон ард иргэдээс тусаллаа гэх агуулга бүхий мэдээг манай сонинд ирүүлдэг?
-Дурдвал олон ажлыг хилийн отрядынхонтойгоо хамтарч хийлээ. Аймгийн Засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг баталлаа. Мөн хил хамгаалалтад сумын Засаг дарга, Хууль зүйн хэлтэс, Цэргийн штаб, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга,
Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Холбооны газрын даргын
ажил үүргийн хуваарийг нарийн баталж өгсөн.
Тухайлбал, сумдын Засаг
дарга нар хилийн бүс, зурваст ажил үйлдвэрлэл эрхэлж байгаа туслах
хүчний гишүүдийг оршин суугаа нутаг дэвсгэрийн байршлаар хил
хамгаалалтад татан оролцуулах ажлыг идэвхтэй зохион байгуулж, дэмжлэг
үзүүлнэ. Мөн хилийн отряд, заставуудтай ХХТХГ-ийн цугларалт, сургалтыг
хамтран зохион байгуулж байх юм. Эхний улиралд аймгийн Засаг даргад
хилийн отрядууд маань хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан.
Тухайлбал, Хилийн 0132 дугаар ангийн Үүд, Хавиргын заставуудад гүний
худаг гаргаж өгөх, Хилийн 0198 дугаар ангийн зарим заставыг бага оврын
трактороор хангах, Хилийн 0306 дугаар ангид үлээвэр хөгжим, Булан
дэрсний заставыг систем хөгжмөөр хангах, Хилийн 0275 дугаар ангид шинээр
харуулын байр барихад шаардлагатай 15 сая төгрөгийг шийдвэрлэх гэхчлэн.
Үүнээс гадна хилийн заставуудад харилцан ажиллагаатай байгууллагууд нь
нэлээдгүй ажлыг хийсэн байгаа. Тухайлбал, Политехникийн коллежийнхон
Чулуун худгийн заставт хүүхдийн тоглоомын талбай барьж өглөө. "Хаан"
банкны хамт блон Хэрлэнгийн заставт албаны ширээ сандал өгсөн гээд
хамтын ажиллагааны хүрээнд хийсэн зүйлс их бий.
-Эхний гурван сарын хугацаанд аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хилчдэд их олон зүйлээр тусалсныг сонсоход таатай байна. Тэгвэл цаашдаа хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа вэ?
-Юуны түрүүнд аймгийн зүгээс хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байгаа. Харин хилчдийн зүгээс дээр хэлсэнчлэн гадаад харилцааг хөгжүүлэхэд хил, гааль дээр ажиллаж байгаа ажилтнууд маань төрийн үйлчилгээг иргэдэд аль болох түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллах байх. Хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөл байгуулсан болохоор гишүүд асуудлаа ярилцаж газар дээр нь шуурхай шийдээд явах байх. Дөрвөн отрядынхоо дарга нартай бол байнга л хамтарч ажиллана гэж бодож байгаа.
-Та аймгийнхаа хилийн хэсгээр явахдаа нэг биш нэлээдгүй зүйлийг боддог байх?
-Тэгэлгүй яахав. Би хилчдийг албандаа цэвэр эх оронч сэтгэлээр зүтгэж байгаа хүмүүс гэж боддог. Хилийн застав гэхэд тодорхой хэсэгт бага хүчээр хил хамгаалалтыг явуулж байна. Байгаль, цаг уурын ямар ч эрсдэл болоход хилчид хэзээ ч няцдаггүй. Монгол эр цэргийн тэсвэр хатуужлыг хилчид үзүүлж явна.
-Монгол хүн бүр хилийн зурвас, багана дээр очиход өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг шүү дээ. Таны хувьд хил дээр очоод ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Би ажлаар хилээр явах, хил гарах тохиолдол их бий. Тэр бүрт хилийнхээ дээсийг алхана. Би 2010 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга байхдаа бизнес эрхлэгчдийнхээ хамтаар Ульханы боомтоор хил гарсан юм. Тэгэхэд Монголын хилийн баганыг модоор, ОХУ-ын хилийн баганыг бетоноор хийсэн байсан. Мэдээж өнгө үзэмжийн хувьд ОХУ-ын хилийн багана манайхаас хавьгүй дээр байсан л даа. Тухай үед заставын даргаар нь ахлах дэслэгч Гантулга гэж их сэргэлэн залуу ажиллаж байсан юм. Бидэнд хилийнхээ хэсгийг үзүүлээд баганаа ОХУ-ынх шиг болгож өөрчилмөөр байгаагаа хэлсэн. Тэр үед нь манай бизнес эрхлэгчид "Энэ мөнгөөр хилийн баганаа солиорой" гээд тодорхой хэмжээний хандив өгсөн. Дараа очиход тэр баганаа сольчихсон байсан. Хилийн 0275 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргалд "Би энэ баганыг солиход оролцсон" гэхээр тун их гайхдаг шүү.
-Та хилчдэд их элэгтэй бололтой?
-Би өөрөө цэргийн алба хаасан хүн. Улиастайн 096, Сонгинын 150 дугаар ангид ахлах түрүүч цолтойгоор 1986-1988 онд цэргийн алба хаасан л даа. Танкын батальоны жагсаалын дарга байлаа. Өөрөө тангараг өргөсөн цэргийн алба хаагч байсан учир хилчдийнхээ ахуй амьдрал, албыг аль болох ойлгохыг хичээдэг.
-Ер нь Дорнодынхон эх оронч сэтгэлгээтэй хүмүүс шиг санагдлаа?
-Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж халуун амь, бүлээн цус, хөдөлмөр хүчээ зориулж явсан гавьяатай хүн Дорнодод олон бий. 1911 оны үндэсний эрх
чөлөөний төлөө тэмцэгч Манлай баатар Дамдинсүрэн, Халхын хэцүү То ван
нэрээрээ алдаршсан Б.Тогтохтөр, 1921 оны Ардын хувьсгалыг удирдаж
тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан Маршал Х.Чойбалсан, мөн
ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг нар манай аймгийнх. Тусгаар
тогтнолоо баталгаажуулахын төлөө гавьяа байгуулж, хөдөлмөрлөж явсан
хүмүүс ч олон бий. Монгол Улсын Төрийн дууллын үгийг бичсэн Төрийн
шагналт, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Монгол Улсын төрийн сүлд
далбаа, одон, медалийг бүтээсэн Ардын зураач Д.Чойдог, Монгол Улсыг
НҮБ-д элсэхэд индэр дээрээс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглан
зарлаж байсан нэрт дипломатч Д.Цэвэгмид гуай ч Дорнодынх. Монгол Улсын
хилийг тогтоож явсан дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, хожим нь улсын хилийг
баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хошууч генерал Д.Базарсад
гээд Дорнодын "брэнд" олон бий.
-Энэ жил Халх голын дайны ялалтын 75 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Ойг
наймдугаар сард тэмдэглэнэ. Ялангуяа ОХУ-ын талаас маш их анхаарч
байгаа. Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах Яаманд ажлын хэсэг
байгуулагдан ажиллаж байна. Дорнод аймгийн ажлын хэсгийг аймгийн ИТ-ийн
хурлаар баталсан байгаа.
-Аймгийн зүгээс хилчдэд спорт заал барих, орон сууц барихад нь газрын тусламж үзүүлэх боломж бий юу?
-Бид Чойбалсан хотынхоо ерөнхий төлөвлөгөөг хийж байна. Барилга, хот байгуулалтын Яам дээр 700 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн байгаа. Хотынхоо ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хилчдийн орон сууцны хотхоныг хаана барьж болохыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын тал дээр туслах боломжтой гэж бодож байна.
-Та Чойбалсан хотын унаган хүүхэд гэсэн. Төрж, өссөн нутгаараа бахархах зүйл их байдаг бололтой?
-Тэгэлгүй яахав. Дорнод аймаг тал хээрийн бүс нутаг. Дэлхийд тал нутгийнхаа хэмжээгээр тавдугаарт ордог алдарт Мэнэнгийн тал, цэнгэг усаараа гайхагдах Буйр нуур манай нутагт байна. Мөн Нөмрөгийн дархан цаазат газарт маш олон төрлийн ховор ан амьтан бий. Улаан номонд орсон Буган хандгай гэх мэт. Газрын доорх баялаг ч их. Нүүрс, газрын тос, уран, алт, полиметаль байна. Газрын гадарга дээрээ эмийн олон ургамалтай. Дорнодчуудын бас нэгэн бахархал бол өглөөний ургах нарыг хамгийн түрүүнд хилчидтэйгээ хамт угтдаг. Нарны хамгийн эхний туяа Бурхантын заставын хажуу дахь Найман аюулаас аврагч Жигважаджов их бурханы мэлмий дээр тусдаг. Их бурхан нарны эхний туяанаар сэрж Монгол Улсыг найман аюулаас хамгаалдаг гэж манай нутгийнхан ярьдаг. Энэ мэтээр Дорнодчуудад бахархах бусдад сонирхуулж ярих зүйл их шүү.
-Хилийн аймгийн удирдлагууд ХХЕГ-т зочилсон. Энэ үеэр танд ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалж яваа хүмүүс гэдэг бардам агаад бахархам байдаг юм билээ. Тийм хүмүүстэй хамт байхаар дагаад сэтгэл хөдөлдөг юм байна. Өөрийн эрхгүй хилчдэд хөтлүүлээд та бүхний "ертөнцөд" орчихсон. Монгол Улсынхаа хилийг хамгаалж яваа хилчдийг хүндлэхгүй байхын аргагүй юм. Ингээд нийт хилчдийнхээ амьдралд аз жаргал хүсэхийн ялдамд эх орноо хамгаалах ариун албанд нь амжилт хүсэн ерөөе.
-Танд баярлалаа.
Ярилцсан М.Уранбайгаль /ДОРНОД/