Дорнод аймгийн Төрийн захиргаа,
удирдлагын хэлтсийн Сум орон нутаг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий
албан тушаалтан Э.Нандин-Эрдэнэтэй ярилцав. Тэрээр аймагтаа авлигатай
тэмцэх үйл ажиллагааг 2007 оноос хэрэгжүүлж байгаа юм.
-Одоогийн байдлаар нийт хэчнээн мэдүүлэг гаргагчийг хариуцан ажиллаж байна вэ?
-Анх Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар
тогтоолоор 480 гаруй мэдүүлэг гаргагчийг хариуцан ажиллаж байсан. Одоо
20 дугаар тогтоолын дагуу 192 төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын
мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах ажлыг гүйцэтгэж байна.
-ЭБАТ-аар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
-Хүндрэл бэрхшээл гэх юм бол нийтлэг байдлаар
бид сургалт семинарт хамрагдах үеэрээ ярьж хэлдэг зүйл байна. Бид
мэдүүлэг бүртгэх, хадгалах, хянахаас гадна авлигаас урьдчилан сэргийлэх
үйл ажиллагааны төлөвлөлтийг давхар хариуцаж байгаа. Энэ нь нэлээд ажлын
ачаалал үүсгэж байна. ЭБАТ-ын ажил бол бидний үндсэн гол ажил биш.
Хавсарч хийдэг учраас ачаалал ихтэй. Ялангуяа мэдүүлэг бүртгэж байгаа яг
энэ цаг мөчид орон нутагт тайлан мэдээ авах, нэгтгэх, дараа оныхоо
ажлыг төлөвлөх, сум, агентлагийн ажлыг дүгнэх зэрэг ажлуудтай давхацдаг
учраас цаг хугацааны хувьд нэлээд ачаалалтай байдаг.
-ХОМ бүртгэх хуулийн хугацааны хувьд асуудал байна гэсэн үг үү?
-Тийм. Яг энэ хугацааны хувьд ачаалалтай байдаг.
-ЭБАТ-ын ажлыг анхнаас нь хийж ирсэн
туршлагатай хүний хувьд орон нутагт мэдүүлэг гаргагчидтай харилцаж
ажиллахад ямар хандлага илүүтэй ажиглагдаж байна вэ?
-Анх 2006 оноос мэдүүлэг авч байхад
бэрхшээлтэй байсан. Төрийн албан хаагчид маань хуулийнхаа цар хүрээ, ач
холбогдлыг ойлгодоггүй, мэдүүлэх үүргээ мэддэггүй, зарим нь хөрөнгө
орлогынхоо тодорхой хэсгийг зориуд нуух, үнэн мэдүүлбэл эргээд би
татварын дарамтад орно гэсэн байдлаар ханддаг байсан. Сүүлийн жилүүдэд
ийм хандлага байхгүй болсон. Ер нь бол төрийн албан хаагчид мэдүүлэх
үүргээ ухамсарладаг болсон.
-ЭБАТ-аар ажиллах хугацаанд мэдүүлгийн бүртгэх, хянахтай холбоотой ямар зөрчил илэрч байсан бэ?
-2009 оноос хойш манай аймгийн хэмжээнд
хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гараагүй. Түүнээс өмнө
манай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүнтэй холбоотой асуудал
гарсан. Энэ нь тухайн албан тушаалтны хуулийн талаарх ойлголт буруу
байснаас үүдсэн зөрчил.
-ЭБАТ-ы хийдэг бас нэг ажил нь сургалт, сурталчилгаа байдаг. Энэ чиглэлээр аймагтаа ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-Өмнө нь би Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн
байхдаа сургалт, сурталчилгааг хариуцдаг байсан. Энэ хүрээндээ авлигын
эсрэг хууль тогтоомжийн талаарх сургалтыг хийх боломжтой байсан. Одоо
харин орон нутаг хариуцаж ажиллахад сургалт, сурталчилгааны ажил
заримдаа орхигдох гээд байдаг. 2015 онд Төрийн албаны зөвлөлтэй хамтран
төрийн албаны болон сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн асуудлаар сумын
300 гаруй албан хаагчийг хамруулж зохион байгуулсан. Аймагтаа салбар
ЭБАТ-ууддаа сургалтыг байнга өгч байгаа. Манай аймгийн нэг онцлог нь
жилд 2 удаа бүх сумыг хамруулан шалган туслах ажил хийдэг. Энэ үеэрээ
сургалт хийж, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажилладаг.
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болсон. Энэ нь орон нутагт хэр ахицтай байна вэ?
-Энэ нь бидний ажлын ачааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа.
-АТГ орон нутагт салбаргүй. Тиймээс
орон нутаг дахь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг
бүртгэх, хадгалах, хянах үйл ажиллагааг ЭБАТ-уудаар дамжуулан
хэрэгжүүлдэг. Энэ ажлыг Та хэр үр дүнтэй гэж үздэг вэ?
-Бидний хувьд үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ
АТГ-ын ЭБАТ-ы ажлыг давхар гүйцэтгэдэг учраас зарим тохиолдолд хүч
мөхөсддөг тал бий. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар
тогтоолоор ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авахгүй
болсон. Миний хувьд өөрөөсөө дээш зэрэглэлийн албан тушаалтнуудаас
мэдүүлэг авдаг. Асуудал хааяа гарна. Тиймээс Засгийн газрын 2007 оны 354
дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, ЭБАТ-уудын шатлалыг ахиулж өгвөл
зүгээр санагддаг.
Ярилцсан Т.Мөнхтунгалаг
dornod.net