"Шударга ёс” эвсэл хангалттай хугацаанд Монголын улс төрд бүжиг дэглэв. Жүжиг ч тоглов. Шоовдор МҮАН, аз нь шовойсоор ирсэн МАХН-ын хамтрал олон нийтийн дунд улс төр, албан тушаал, ашиг сонирхлуудын зааг дахь завхралуудыг харуулсаар өдийг хүрснээс биш энэ эвслийг улс төрийн хувьд удаан хугацааны тогтвортой шинэ хүчин гэж хэлүүлж дөнгөхгүй шинжтэй. Тиймээс ирэх сонгуульд МАХН-ын хийх алхам бол МҮАН-аас өөр улс төрийн намтай хамтарч сонгуульд хүч үзэх явдал хэмээх таамаг хэдийн гарч буй. Харин ирэх сонгуульд МАХН нэгэнт хамтрах нөхдөө олчихсон учраас, мөн МАХН-ын одоогийн бүрэлдэхүүн сонгуулийн өмнө хэд сайн цус сэлгэх нь тодорхой учраас сүүлийн үед Н.Энхбаярт хаягдаж, жийгдэж буй этгээдүүдийн гомдол Төрийн ордноор нэл хадаж, тэр дуу нь эвслийг задлах хэмжээнд хүрэх шинжтэй.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаас харахад "Шударга ёс” эвслийн доторх эд эсүүд нэгэнт үхжиж эхэлсэн нь тодорхой байна. УИХ гишүүн О.Баасанхүү нэгэнтээ Н.Алтанхуягийн Засгийн газраас Х.Тэмжүүжинг огцруулах санал гаргасан шиг ээ Ч.Сайханбилэгийн танхимаас С.Баярцогтыг сугалах асуудлыг өргөн бариад буй. Харин огт өөр хариу үйлдэл журмын нөхдөөсөө хүлээн авсан О.Баасанхүү муу ч гэсэн УИХ-ын гишүүн, цаашид улс төрөөс болж өгвөл буухгүй гэж үзэх залуу хүний хувьд зэвүү нь хүрээд явчхаж. Ингээд "Хэрвээ манай бүлэг С.Баярцогтыг огцруулахыг дэмжихгүй бол би "Шударга ёс” эвслийн бүлгээс гарч болно шүү. Шаардлагатай бол гарахад бэлэн” гэж мэдэгдэж, араасаа Г.Уянга, Л.Цог нарыг дагуулсан байна. Дагуулах ч юу байх вэ, Г.Уянгын хувьд өдгөө эвслийг тараачихсан байхад өөрөөс нь юу ч унахгүй хэмээх буюу "Эвсэл задарвал тэр л биз, задрахгүй байлаа ч бас л тэр л биз” гэсэн шүү байр суурьтай байгаа юм. Мөн Л.Цогийн хувьд эвслийг задлахын тулд УИХ-ын дэд даргын суудлаа ч орхиход бэлэн байгаа юм билээ.
Тэгэхээр Н.Энхбаяр өөрийнх нь эсрэг О.Баасанхүү мэтийг хэзээ ч өрвөлзөхгүй гэж үзээд, Засгийн газарт хамаг мөрийгөө тавиад байгаа энэ үед эвсэл задрах тухай асуудал яригдаж буй нь ямар ч байсан улс төрд цан дэлдээгүй юм аа гэхэд, чангахан хонх цохих хэмжээнд сонсогдож буй нь лавтай. Н.Энхбаяр энэ байдлыг анзаарангуутаа, "Эвсэл задрахгүй” хэмээн сандран тайлбар хийсэн нь ч үүнийг илчлэв.
Жил гаруйн өмнө эвслийг мөн л задрах тухай асуудал яригдахад О.Баасанхүү гишүүн эвслээс гарах сануулгыг ганцаардан байж өгч байсан юм. Ер нь бол түүнд эвслээс гадуурх улс төрийн тоглолт хийх нь бараг ирэх жилүүдэд ашигтай ч байж мэдэх юм. Хууль баталж, хэрүүл хийлээ гээд улстөрчийн хувьд карьер санасан шиг нь илт өсөхгүй болохыг Их хуралд суугаа эрхзүйн боловсролтой гэгдэх олон эрхмээс дунд толгой дээгүүр хуулийн мэдлэгтэй О.Баасанхүү мэдэж байгаа. Тэгээд ч оймсонд хавчуулагдаж орж ирсэн хүн болж дуусах нь түүний цаашдын хүсэл биш байлгүй.
Ямар ч байсан эвсэл нэгэнт задарвал Засгийн газрын бүрэн бүтэн байдал хүссэн хүсээгүй алдагдах нь ойлгомжтой. Эвслийн бүлгээ аврах нь өөрсдийгөө аварч байгаа үйл хэрэг хэмээн МАХН-ын шинэхэн сайд нар үзэж болох ч эвслийн бүлгийн дуу хоолойноос ч тод улс төрийг Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар хүсэж байгаа нь ойлгомжтой.
Дээр нь энэ Засгийн газар бүрэлдэхэд өмнөх Засгийн газрын танхимд сууж байсан Д.Тэрбишдагва гишүүний үгийг санах хэрэгтэй. Тэрбээр, "Үр хүүхдээсээ илүү намаа хайрладаг, ханилсан ханиасаа илүү намдаа дурлачихсан, ээж ааваасаа илүү намаа өргөж тэтгэдэг, эх орноосоо илүү намаа боддог ийм улайрчихсан байдлыг таашаадаггүй. Намдаа ингэж зүтгэж, дарга нартаа долгиносныхоо төлөө албан тушаалын бялуунаас жаахныг олж хүртдэг шиг байгаа юм. Энэ бол туйлын хариуцлагагүй, ёс зүйгүй асуудал юм” хэмээн тун намбалаг мэдэгдээд авсан. МАХН-ыг өдий зэрэгтэй явахад Д.Тэрбишдагва тэргүүтэй МАН-ын эдгээр хууччуул үүрэгтэй байсан нь үнэн. Харин эргээд тэд Н.Энхбаярынхаа дураар авирлахыг тэгтлээ удаан харж суухыг хүсэхгүй л байлгүй. Эцсийн дүнд бүхий л үзэл баримтлалаасаа ухран байж, эсрэг намын тун асуудалтай этгээд болох С.Баярцогтыг өмгөөлж суугаа Н.Энхбаяр даргыгаа МАХН-ын нөлөө бүхий гишүүд ч алсаас огт таашаахгүй харж суугаа нь тэдний хандлагаас харагдаж байна.
Дээр нь МҮАН-ын дарга М.Энхсайхан Н.Энхбаяртайгаа сүүлийн үед бараг л бүх асуудал дээр санал зөрөлдөж байгаа. Гэхдээ М.Энхсайхан АН-тай улам нялуурах болсон гэж М.Энхбаярыг тэгтлээ эрс буруутгахгүй байгаа нь МҮАН-ыг УИХ-д төлөөлж байгаа гишүүдээ удирдаж чадахаа больсныг харуулж байгаа юм. Магадгүй МҮАН-ыг эвслээс гаргах сонирхолгүй байгаа МҮАН-ын ганц хүн бол М.Энхсайхан юм. Харин бодит үнэн бол эвсэл задрахдаа хүрвэл М.Энхсайхан юу ч хийж чадахгүй гэдэг нь тодорхой. Тэр байтугай МҮАН-ын даргын суудлаас М.Энхсайханыг зайлуулах асуудлыг Н.Энхбаяр хөндсөн байдаг. Тэгэхээр эвссэн нэрээр МҮАН-ыг Н.Энхбаяр удирдаад буйг Г.Уянга тэргүүтэй гишүүд нь таашаахгүй яваа юм.
Өдгөө эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлын хариуцлагын том ял, элдэв асуултын хариултыг цалин хасах, яамдыг цөөлөх зэргээр шийдэх тухай яригдаж байгаа. Эвсэлд үүссэн маргааны үеэр ийм зүйл яригдаж, мөн л Засгийн газрын хувь заяаг дэнслэх эсэхийг хэн хүнгүй хэлж байгаа үед "Шударга ёс” эвсэлд энэ бүхэн хямрал болж л нөлөөлөх үү гэхээс, хамтарч сураагүй биш гээд тайван суулгахгүй байгаа нь лавтай. Тэгээд ч Ч.Сайханбилэгийн арга ядсан, наад зах нь хэдхэн хүний цалин хасаж багахан мөнгө илүүчилж байгаа өрөвдөлтэй үйлдлүүдийг харахад л Засгийн газрыг унагахдаа хүрвэл парламент даан ч ядах юмгүй байлгүй. Бие даагчдын байр суурь энэ тал дээр бүр ч хурцадсан. Тэдэнд энэ үед улс төр хийх нь харин ч нэг ашигтай даа, ашигтай.
УИХ-ын дөрөв дэх намар энэ мэтчилэн сонгуулийн өмнөх гүн шокыг даллаж байна. Сандал ширээний маргаан тасраагүй сүүлийн нэг жилийн хооронд эдийн засаг илүү дордсон бөгөөд долларын ханш 2000 төгрөг давж, экспортын орлого илт буурснаас үүдэн төсвийн алдагдал их наядаар яригдаж байгаа. Нөгөөтэйгүүр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулбал энэ парламентад дахин Засаг байгуулж тоглох нүүр байхгүй гэдгийг хэн хүнгүй хэлэх болж. Энэ нь УИХ цагаасаа өмнө тарах, цаашлаад улс төрийн хямралын үүдэл болж дахин нэг жил эдийн засгийн хямралтай ядаж буй ард түмнээ залхаахаас цаашгүй юм. Магадгүй 2012 оны сонгуулиас хойших бүх үйл явдлыг дүгнэвэл Монголын улс төрд "Шударга ёс” эвсэл гарч ирсэн нь хамгийн буруу зүйл байсныг үгүйсгэх аргагүй юм.
Т.Есөн-Эрдэнэ
TIME.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих