Удтал маргаан дагуулсан Өршөөлийн хуулийг УИХ өчигдөр эцэслэн баталлаа. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсантай холбоотойгоор хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах санал хураах үед чуулганы танхимд ил харагдаагүй ч хөшигний цаана өрнөсөн халуун үйл явдлыг Politik.mn уншигчдадаа хүргэж байна.
Өршөөлийн хууль батлагдсаныг Монголын парламент Авлигад үгүй гэж хэлж чадлаа гэх мэтээр тэр дор нь пиардаад эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд зарим санал хураалтад саналаа яаж өгөх нь тун амаргүй байжээ. Ялангуяа "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэсэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийг өршөөлд багтаах эсэх цаанаа тов тодорхой үр дагавартай байв. Хэрэв 263 өршөөлд хамрагдвал шинэчлэлийн Засгийн газарт Ерөнхий сайд Н. Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад "Нүүрсний” гэх хэргээр хоригдох ял шүүхээс сонссон Л.Гансүх шоронгоос даруй суллагдаж нар үзэх байв.
Л.Гансүхийн гэх хэрэг нь ихээхэн эргэлзээтэй, зөвхөн ял тулгах, буруутгах талыг хэт барьсан тааруухан дэглэсэн жүжиг болохыг нээлттэй явуулсан шүүх хурлын үйл явцаас бүгд харсан. Нөгөөтэйгүүр Лүймэдийн Гансүх бол Ардчилсан намыг парламентын дотор бүлэг ч үгүй болж зөвлөл гэх албан бус бүтэцтэй ядарч явахад тэрхүү зөвлөлийг толгойлж, намаа эрх мэдэлд цааш хүрэхэд нь зүйрлэшгүй тус хүргэж байсан журмын нөхөр нь, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан нэр нөлөөтэй зүтгэлтэн гэдгийг Ардчилсан намын бүлгийн цөөнгүй гишүүн эрхбиш мартаагүй байжээ.
Тиймээс бүлгээс албан ёсоор чиглэл гараагүй ч цөөн биш гишүүн 263-ыг өршөөлд багтаан журмын нөхрөө эрх чөлөөтэй болгохоор өөр зуураа ярилцаад байжээ.
Ингээд өчигдөр Их хурал дээр санал хураав. Л.Гансүхийг өршөөх талд УИХ-ын 69 гишүүнээс 24 нь санал өглөө. Хэн хэн болохыг "Зөвшөөрсөн” гэх хүснэгтээс тодруулан харна уу. Дан АН, Шударга ёс эвслийн гишүүд байжээ.
Харин "Татгалзсан” гэх хүснэгтээс 263-ыг Өршөөлд хамруулахгүй гэж санал өгсөн 45 гишүүний нэрсийг үзнэ үү. Дийлэнх нь МАН-ын гишүүд байна. Ардчилсан намаас 15 гишүүн татгалзаж санал өгсний цөм нь Шонхор, МоАХ фракцад харьяалагдаж буй нь тохиолдол биш нь тодорхой. Фракцаараа голдуу ялгарч саналаа нэгтгэсэн тэдний дунд МСДН-ын гишүүн байхдаа Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Л.Гансүх нарын хүчтэй дэмжлэгтэйгээр улс төрийн том карьерт хүрсэн сайд С.Баярцогт байгаа нь тун содон харагдана. Тэр эрхмийг учиргүй зарчимтай гэх үү, эсхүл хүн чанар, андын жудаг тааруухан гэмээр ч юмуу?
Ямар боловч өчигдрийн санал хураалтын дүнд хэд хэдэн зүйл тодорхой боллоо. Өршөөлийн хуулийн буянаар 1700 орчим хүн эрх чөлөөтэй болох ч азгүй Гансүх шоронд хадагдан үлдэж байна. Парламент дахь Ардчилсан намын бүлэг үнэн хэрэгтээ хоёр хуваагджээ. Энэ нь цааш цаашийн улс төрийн том тоглолтуудад тодорхой нөлөө үзүүлэх нь лав. Ч. Сайханбилэгийн Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн гол хоёр хүчин Ардчилсан нам, Шударга ёс эвсэл өөр хоорондоо санал нийлэхээ хэдийнэ больжээ. Шонхор, МоАХ фракц одоохондоо бяртай мэт үзэгдэвч тэднийг сөрөг хүчин МАН л олонхи болгон харагдуулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих