Өршөөлийн хууль эцсийн байдлаар өнгөрсөн сарын 29-ний өдөр батлагдсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан бусад заалтууд нь хэрэгжиж чадахгүй гацаад байсан Өршөөл энэ удаа жинхэнэ утгаараа хэрэгжихээр бэлтгэл базаагдаж буй.
Хууль батлагдсан өдрөөсөө хойш хэрэгжих учиртай хэдий ч Төрийн мэдээлэл эмхтгэлд хэвлэгдэн, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагад хүргэгдсэн хойно бэлтгэл ажлууд хийгдэх ёс бий. Хоригийг чухам хэрхэх асуудал хүлээлт үүсгэж байх үеэр өршөөлөөр суллагдах ялтнуудын урьдчилсан судалгаа ерөнхийдөө гарсан.
Өршөөлийн хуулийн дагуу хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай хүмүүсийн ялыг өршөөхөөр ажлыг эрчимжүүлжээ. Энэ төрлийн ялтай нийт 13375 хүн байгаа аж. Албаныхны мэдэгдэж байгаагаар хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хүн байгаагаас өршөөлд хамрагдах нь 2383. Үүнээс 1702 хүн бүрэн чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болох юм.
Мөн цагдаагийн байгууллагын хяналтад тэнсэх, ял хойшлогдсон нийт 5373 хүн байгаагаас өршөөлөөр бүрэн суллагдах нь 4498-д хүрээд байгааг эх сурвалжууд онцолжээ. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрх хасах, эд хөрөнгө хураах төрлийн ялтай 1367 ялтнаас 1259 нь өршөөлд хамрагдана гэх судалгаа гарчээ. Энэ тооцооллоор бол 13375 хүнээс өршөөлд 8140 хүн буюу 60.8 хувь нь хамрагдах юм.
Хорих буюу баривчлах ялтай нийт 2383 хүний материал маргааш буюу энэ сарын 5-ны өдрөөс Прокурорт шилжихээр төлөвлөгдсөн. Харин хорих ангиуд бэлтгэлээ бүрэн базаасан тул эхнээсээ прокурор луу шилжүүлж эхэлсэн бөгөөд тэндээс хяналт хийгдэн шүүх рүү шилжих аж. Шүүх эцсийн байдлаар дүгнэлт гаргаснаар хорих болон баривчлагдах ялтай хүмүүс эрх чөлөөтэй болох аж.
Прокурор, шүүхийн шатанд ажлыг түргэвчлэх чиглэл өгсөн тул нөгөөдрөөс эхний хүмүүс суллагдаж эхлэхээр байгааг албаныхан онцолсон байна. Ирэх даваа гарагт суллагдсан хүмүүсийн тоо ерөнхий байдлаар гарч танилцуулагдах юм.
Г.Итгэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих