-Чамд генерал шагнал гардуулна. Үүнийг өмс гээд тод хар хүрэн китель,
өмд өглөө шүү. Удалгүй миний нэрийг дуудлаа, үнэхээр генерал зогсож байх
юм. Би анх удаа генерал цолтой эрийг харж байгаа минь тэр. Түрүү бөхийн
шагнал гардаж аваад сүрхий ёслож "Монгол Улсын төлөө зүтгэе” гэж тодхон
хэлээд эргэхийн завдалгүй өнөө генерал ухасхийн миний кительний захаас
чимхээд:
-Энэ нөхөр яагаад баахуунд хийсэн хувцастай байдаг билээ гэхэд ангийн захирагч, дэд хурандаа Н.Нямдэлэг:
-Хашир ах нараасаа авч, танд гоё харагдах гэж л энэ шүү дээ гээд зальтайхан жуумалзахад өнөө генерал:
-Нэг бол сахилгагүй, эс бол сэргэлэн цэрэг байх нь гэж хэлж байсан юм
даг. Батлан хамгаалах яамны орлогч сайд, Барилгын цэргийн удирдах газрын
дарга, хошууч генерал Х.Жүгдэрнамжилтай би ингэж нүүр тулж байлаа.
Мулзан толгойтой цэрэг миний генералтай танилцах гэж юу байхав, хүрэн
нүдний шилтэй, жавхалзсан тэр эрийг хараад генерал хүн л ийм хийморьтой
байдаг байх гэж бодож хоцорсонсон.
1988 оны өвөл. Львовын Цэргийн улс төрийн дээд сургуулийн сэтгүүлчийн
ангийн сонсогч би "Улаан од” сонины редакцид дадлага хийж байхдаа
Барилгын цэргийн 073 дугаар ангийн дайчид барьж байсан Эсгий, эсгий
гутлын үйлдвэрийн өргөтгөлийн талбайд явж байтал хөвөнтэй куртик төмөр
утсаар бүсэлсэн хүрэн нүдний шилтэй эрийг талбайн инженер гэж
танилцууллаа.
Нэг л харсан царай, хэн сэн билээ гэж мунгинаж, мунгинаж байж сая нэг
юм саналаа шүү, надад шагнал гардуулж байсан генерал маань байлаа.
Хурандаа цолтой болсон байв. Уулзтал над руу сүрхий хараад ёжтойхон
жуумалзаж:
-Чи чинь баахуунд дүрсэн кительтэй тууж явсан цэрэг шив дээ гэлээ.
Цэргийг ингэж сүрхий таних юм гэж би яаж санахав. Энэ генералтай хоёр
удаа уулзсан тухайгаа аавд ярихад:
-Тэр сүрхий эр байгаа юм. Дарханы энэ хэдэн барилгын сантехникийг тэр л
сайн мэднэ. Намайг цэрэг байхад Барилгын цэргийн 021, 017 дугаар ангид
сантехникийн техникчээр ажиллаж байсан юм. Хүний мөс сайтай ховорхон
эрчүүдийн нэг, мундаг дарга болсон гэж дуулдсан. Эр гэндэж эрэг нурахыг
алийг тэр гэхэв. Удахгүй босоод л ирнэ. Засагт ханы зангарагтай хөх
эрчүүдийн нэг байхгүй юу гэж ярьсан юм.
Аавын ярьсныг лавшруулан атгавал хошууч генерал Хас-Очирын
Жүгдэрнамжил 1945 оны 1 дүгээр сарын 15-нд тэр үеийн Засагт хан аймгийн
Мэргэн туслагч вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын
нутаг Өвөрхавчигийн амны Гаадан хэмээх газарт хошуу ноёны бага хатны
доод өвөлжөөнд мэндэлжээ.
Цуут Цахиур Төмөрийн нутаг Засагт ханы хөх эрчүүдийн нэг, хотгойд
үндэстэн, Зэвсэгт хүчний төрмөл генералуудын нэг Х.Жүгдэрнамжил мөнөөс
мөн ажгуу.
1990 оны намар.
Сайдын Зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний хэмжээнд хийгдсэн барилга
засварын ажпын гүйцэтгэл, дараа жилийн төсвийг АТУГ-ын Их барилгын
хэлтсийн инженер Х.Жүгдэрнамжил хэлэлцүүлсэн бөгөөд ажлаа мэддэг хүн
гэдгээрээ гайхуулж байгаа юм шиг олон тоо баримт дурдахыг шаардсан тэр
том асуудлыг бичиг цаас харахгүйгээр товч тодорхой илтгэж, асуулт бүрт
тунчиг оновчтой хариулж байхыг сонсоод би бахархаж байсан юм шүү.
Сайдын Зөвлөлийн хуралд анх удаа суухдаа ажлаа мэддэг, ийм хүний үгийг
сонссон нь надад цэргийнхнээ бичээд байх урам хайрласан гэж боддог. Үг
бүр нь үлдэцтэй, өгөөжтэй хүний хаялга гэж ийм л байдаг бөлгөө.
1992 оны өвөл, 135 дугаар ангийн уурын зуух таг зогсоод Зүүнбаян тэр
чигээрээ хөлдөх аюулд нүүрлэв. Тус ангийн захирагчаар хурандаа
Д.Өөдөөхүүажиллажбайсан юм. Сайдын Зөвлөлийн хуралдаан асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байлаа.
-Өөдөө хүү гэсэн чинь доошоо золиг юм гээч. Гал алдахаас нь өмнө
явахаас гээд генерал Х.Жүгдэрнамжил орон сууцны хоёр инженер дагуулаад
Зүүнбаянг зорилоо. Өөрөө харж, зааж хийлгэж байгаад гурав хоногийн дараа
Зүүнбаянг дулаацуулчихаад буцсан юм даг.
1994 оны хавар, "Зэвийн зэвийг хусахад” гэсэн гарчигтай материал
бичсэнээс үүдэн би баахан зэм хүртэж, гэмтэн шиг гэтэх нь холгүй яамны
хонгилоор явдаг боллоо. Хэн гэдэг дарга таарч, хэрхэн загнах бол гэж тэр
л дээ. Тооцоо судалгаа муутай байгуулагдсан юм уу, угаасаа пүүс компани
ажиллуулах туршлагагүйгээс тэр үү, ямартай ч БХЯ-ны "Зэв” концерн
алдагдалтай ажиллаж, ихээхэн хэмжээний өмч хөрөнгө үрэгдсэн үү гэвэл
үрэгдсэн, энэ тухай л бичсэн хэрэг. Удалгүй "Зэв” концерн татан буугдсан
юм.
-Чи ч зэвийг нь сайн хусчээ. Удсан бол угжирч даамжраад хусаад хусаад ховхрохгүй зовоох байсан байна шүү гэж генерал надад хэлснээр би үнэн бичсэнийхээ төлөө үнэн үгээр цагаатгагдаж билээ.
1994 оны хавар, Зүүнбаянд Сайдын нэрэмжит шалгалт явагдаж байлаа. Хоёр
ватум цаас залгаж наасан хавтгайг шугамдах гэж хичээж байтал шалгалтын
комиссын дарга, хошууч генерал Х.Жүгдэрнамжил гаднаас орж ирээд:
-Чи нэг бол шударга нөхөр байх нь, эс бол маруухан эр болж таарах нь.
Үүдэнд зогсож байгаа онжавтайгаа уулзаж, хэлээд байгаа гуйлтынх нь учрыг
ол гэдэг юм. Надтай нэг онд Барилгын цэргийн дээд сургуульд Орост явсан
ахлах дэслэгч Ч.Ганзориг маань улс төр, хүмүүжлийн шалгалтад муу дүн
авчээ. Шалгалт авсан хүн нь би. Мань эр барилгын цэргийн ангид
байснаараа нүүр хагарсан юм байлгүй генералд учирласан бололтой. Намайг
гаднаас орж ирэхэд генерал:
-Байгаа юм байгаагаараа сайхан, гэхдээ чи онжавтаа хатуурхаж яаж
болохов. Цаадах чинь барилгын сайн инженер, чиний тэр улс төр, энэ тэр
түүнд хамаагүй гэхэд нь би:
-Юу ч бичээгүй байсан шүү дээ гэвэл:
-Чамд найдахгүй юу, үеийнхэн чинь чамайг найраа гээд байдаг биз дээ гээд генерал ёжтой жуумалзаад гарч одсонсон.
2004 оны хавар, Налайхын гордокт эзэнгүйдэж тоногдсон угсармал барилгыг
Улаанхуаранд зөөж барих ажлыг хийлгэж байсан генералтай уулзахаар очоод
байлаа. Угсармал орон сууцыг буулгаж байсан генералын краныг сонгууль
дуустал ажиллуулахгүй зогсоохыг МАХН-ын сонгуулийн штабаас шаарджээ
Учир нь Налайхын гордокт амьдардаг хэсэг иргэд хэрвээ барилгын
буулгалтыг зогсоохгүй бол бид хувьсгалт намд санал өгөхгүй гэсэн юм
байх. Ерөнхий сайд асан Н.Энхбаяр генералтай утсаар шууд холбогдон
"Кранаа даруй буулга” гэхэд нь "Миний кран танай сонгуульд яаж саад
болоод байгаа юм бэ, би хугацаатай ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүн,
кранаа буулгаж чадахгүй” гэж шуудхан хэлээд уг краныг буулгалгүй ажлаа
үргэлжлүүлсэнийг би болоод хамт ажиллаж байсан хүмүүс нь сайн мэднэ.
Ерөнхий сайдтай ингэж шулуухан харьцдаг хүн ер нь хэр олон байдаг бол
гэж тэр үед бодогдож л байсан даа.
Угсармал барилгыг буулгаад дахин угсарсан практик манай барилгын
салбарт байгаагүй бөгөөд барилгын зарим мэргэжилтнүүд яагаад ч болохгүй
гэж бүр эсэргүүцэж байсан нь ч бий. Угсармал барилгын хорооны
захирагчаар олон жил ажилласан, хот хөдөөд олон ч барилга барьсан
туршлагадаа тулгуурлан эр зориг гаргаж шийдсэн генералын шийдэл байсан
юм.
Ажлаа эхлүүлсэний дараа кран нь тоногдох, ажиллаж байсан хүмүүс нь
барилгын материалыг нь хулгайлаад зарчихдаг зэрэг хүндрэл бэрхшээл
байсан л юм даг. Энэ байдлыг хараад би, хүний мөс чанар ямар их муудаа
вэ гэж халаглан бодож байсан ч хашир генералын мөс чанар зүтгэсэндээ
хүрч, эхний ээлжийн 29 айлын орон сууцыг ашиглалтад өгсөн билээ.
Тухайн цагтаа энэ орон сууц шиг хямд байр хаа ч байгаагүй, Зэвсэгт
хүчинд зүтгэж яваа нэлээд хэдэн офицер, ахлагчийн амьдралд ихээхэн тус
нэмэр болсныг дурдах учиртай.
2007 оны хавар, БХЯ-ны хоёрдугаар давхрын шатаар өгстөл өмнө маань таяг
тулсан Жүүгий генерал явж таарлаа. Би түүнийг сугадаад өгсөхөд нь
туслан алхахад:
-Ёс ёмбогор, төр төмбөгөр өө, гэж. Намайг гавьяат барилгачин цол
хүртсэн гээд сайд хүндэтгэл үзүүлэх юм гэнэ. Би ч бас сайдаа хүндэтгээд
мацаж яваа маань энэ гэлээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүнд өвчний
улмаас арав гаран удаа хагалгаанд орж, зовлонт хорвоогийн хүнд бэрхийг
туулсан түүний сэтгэлийн хатыг найз нөхөд нь гайхан шагширч байсан даа.
Бидэн хоёрын сүүлчийн уулзалт энэ байлаа. Шинэхэн гавьяатын тохой түшсэн
минь ерөөл билэгдэлт учрал байж дээ гэж би хожим билэгшээн бодож
хоцорсон доо.
Барилгын цэрэгт хоёр жил хугацаат цэргийн алба хааж, цэргийн
сэтгүүлчийн хувиар Зэвсэгт хүчний амьдралын сүүлийн гучин жилийн үйл
явдлыг а, б гүй гэх нь юу юм, чамгүй бичиж тэмдэглэж явсны хувьд би
хошууч генерал Х.Жүгдэрнамжилтай хөдөөгийн ангид хамт явж, хуралдааны
танхим, найрын ширээний ард ч хамт суусан байдаг юм. Бүх өвсний өвөг
дээдэс нь борог өвс бөгөөд түүнд бүх өвсний эгэл агаад далд чанар оршин
байдаг гэх юм билээ.
Энэхэн замбуулингийн амийг атгаж өндийдөг эгэлхэн борог өвс лугаа эгэл
жирийн заяандаа эгэлгүй агуулгыг багтааж, хүмүүний бодгаль чанарыг
түгээж амьдарсан ховорхон генералыг надаар тоггохгүй олон хүмүүн дурсан
хүндэтгэдгийг мэдэхийн учир би түүний нартад мэндэлсэнийх нь далан
жилийн ойд зориулан энэхүү дурсамжийг бичиглэн залуу үеийнхэндээ
толилуулж байгаа юм.
Хөдөөх малчны хүү хэрхэн сурч боловсорч, мэргэжил гэдгийг хэрхэн эзэмшиж,
хэрхэн ажиллаж бүтээдгийг нэгэн насныхаа ухамсарт амьдралаар бүрнээ
харуулж чадсан ахмад үеийнхний шилдэг сэхээтнүүдийн төлөөлөл хошууч
генерал Х.Жүгдэрнамжил долоон хүүхдийн эцэг, тэднийг сургууль соёлын мөр
хөөлгөж, улс нийгэмдээ нэр хүндтэй ажил, алба залгуулахад нь тусалж
дэмжиж, өндийлгөсөн өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байсан юм шүү.
Алдар цол, албан тушаалдаа дулдуйдаагүй цөөн хүний нэг бол энэ генерал
байлаа. Аавын хэлсэнчлэн эр гэндэж, эрэг нурахыг алийг тэр гэхэв. "Алдаж
гэндэж, уруудаж явахад л хүний мөс танигддаг юм даа, дүү минь” гэж тэр
нэгэнтээ надад хэлж байсан сан.
Энэ үгийг хэлж байсныг санахад мань эрийг албан тушаал буурсан үед
зайгаа барьсан хүмүүс байсан байж таарах нь. Генерал харин тэр мэтийн
урвалт шарвалт, хазайлтыг тоож эмзэглэх хүн биш, харсан ч хараагүй,
мэдсэн ч мэдээгүй юм шиг туучиж гарсан байх л даа.
Хүний мөс чанар л алдагдахгүй явбал тэр, хүн гэгдсэний эрхэм дээд чанар
юм. Жар, дал, наяад оны барилгын цэргийнхэн, хамт ажиллаж байсан найз
нөхөд нь Жүүгээ генерал л гэнэ. Жүүгээ генералд гомдсон, мань эр хүнийг
хараан зүхэж гомдоосон гэх үгийг би одоо хэр дуулаагүй явна.
- Энэ л чанар амьдралын улаан шугам юм аа.Хүний хар нь нэг талдаа,
цагаан нь нэг талдаа ялгардаггүй, хорвоо хүртэл хар цагаанаар сүлэрдэг
юм чинь. Ажлын төлөө хатуу ширүүн үг хэлдэг л байсан биз. Апбан өрөөнд
биш ажлын талбарт, бүр хөдөө гадаа голцуу барилгын талбайд хүч
хөдөлмөрөө зориулсан хүнтэй харьцдаг, хамтран ажилладаг хүмүүс бишгүй
олон шүү дээ. Үүнийг албаны бус ажлын хамт олон гэдэг байх аа. Хаана ч,
хэзээ ч, хэнийг ч ялгалгүй харьцдаг чанар нь энэ хүнийг, Жүүгээ генерал
гэсэн нэрийг өнөө хэр олны дунд аваад л явна шүү дээ.
Олон жилийн туршлага, мэдлэг чадвар нь Жүүгээ генералд гаргасан шийдвэр
нь зөв байдаг, түүнийг хэний ч өмнө хамгаалдаг, хэлсэн амласандаа яг
таггүй хүрдэг ховорхон чанаруудыг суулгаж өгсөн байдаг. Зангарагтай эр
гэдэг захирч зандарсан хүнийг хэлдэггүй.
Зангарагтай гэж хэлсэн үгэндээ хүрдэг, зөв шийдэл гаргажчаддаг,
түүнийгээ биелүүлж чаддаг хүнийг л хэлдэг. Аавын хэлсэн Засагт ханы
зангарагтай эрчүүдийн нэг гэсэн нь Жүүгээ генералын үг, үйлс нь
зөрдөггүй чанараар батлагдаж үлдсэн байнам.
Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: "Соёмбо" сонин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12653
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих