Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар "гэрлэхэд” арван гуравхан хоног үлдэв. Үүний өмнө Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлыг хэлэлцэж батлахаар өчигдөр УИХ шийдвэрлэсэн. Дээрх хоёр газрын олон алдаа энэ "нэгтгэл”-ийн ард нуугдаж үлдэхгүй гэдэгт хэрхэн итгэх вэ.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн санаачилсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ч чуулганаар дэмжигдлээ. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, улстөрчдийн зүгээс АТГ-ын үйл ажиллагаанд оролцож байгаа зэргээс харахад энэ бүхэн дээр Үндэсний хөтөлбөр нэмж "тарамдуулах” хэрэг байсан уу. Арай АТГ-ыг татан буулгах талаар яриад байгааг уг хөтөлбөр өөгшүүлчих юм биш биз. Цаашилбал Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагад "дайсагнасан” улстөрчид цөөнгүй. Болж өгвөл татан буулгая гэдэг, үйл ажиллагааг нь үнэгүйдүүлэх, ололт амжилтыг нь үгүйсгэх зэрэг өнгө аяс цухалзсан хэвээр байна.
Дээрх байдлаас харахад төрийн өмчийг хувьчлах ажиллагаатай зэрэгцэн төрийн байгууллагуудын хүчийг тарамдуулах далд улс төр яваад байгаа юм биш биз гэдгийг ажиглахад гэмгүй. Өнөөдөр төрийн мэдлийн боловч өмчлөх боломжгүй зарим байгууллагыг үйл ажиллагааг сайжруулах, менежментийг шинэчлэх нэрээр "корпораци” төрүүлэн эрлийзжүүлэх санаачилга нэлээд дэмжлэгтэйгээр сэм ахиж буй. Нэг л өдөр хуралдаад шийдвэр гарсан байхад гайхах зүйлгүй.
Энэ бүхэн өнгөрсөн намраас сураг төдий яригдаж, олон түмний сонорт эхлээд дасгах, дараа нь улиг болгох маягаар явсаар шийдвэр нь гарсны дараа гайхаж цочирдохгүйгээр хүлээн авах боломжтой болсон байх хөрс суурийг нь бэлдэж байсан гэсэн үг ч байж мэдэх юм. Ирэх оны эхээр олон зүйл өөрчлөгдөнө. Наад зах нь эрх зүйн орчныг нь ч "бэлдээгүй” байхад хоёр том байгууллага нэгдэх, нэг цул байгууллагыг яаж ийгээд хоёр салгах гэхчлэн уухайлан дайрах, эрх мэдэл, ашиг сонирхлын нэгдлийн бүлэглэлүүд хүч түрэн шийдвэрлэх зэрэг гэнэтийн шийдлүүд шил дараалан гарах нигууртай байна.
Төрийн захиргааны байгууллага улс төрөөс ангид орших боломжгүй. Хэдийгээр төрийн үйл ажиллагаа гээд улс төрийн үйл ажиллагаанаас зааглах гэж оролддог ч "хууль хэрэгжүүлэгч” гэдэг утгаараа хууль баталж буй улстөрчдийн нөлөөлөлгүйгээр оршин тогтнох аргагүй болдог.
Ямар төр байна, тийм л төрийн захиргаатай байх нь тодорхой. Өнөөдөр хэдхэн олигархийн эрхшээлд байгаа төрийн захиргааг тэдгээрийн ашиг сонирхлоос хаашаа "зугтаалгах” билээ. Тэр тусмаа улс төрийн эрх мэдлийг авсан намын үзэл баримтлал, төрийн захиргаагаар дамжин хэрэгжиж буйг сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд бүр ч тодоор харах болно. Харин ард түмний хүсэл сонирхол, иргэдийн оролцоо, иргэдэд үйлчлэх энэ бүх үүрэг нь хувьсан өөрчлөгдөж, заримдаа мартагдсаар байна.
Тухайлбал, иргэн Доржид Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар нэгдмэл байх уу, тусдаа байх уу гэдэг нь хувийн амьдралд нь тэгтлээ нөлөөлөхгүй. Харин саналыг нь асуувал "Ийм хоёр том байгууллагыг нэгтгэх нь зүйтэй бус гэж бодож байна” гэх магадлал тун өндөр. Иймээс иргэн Доржоос үл хамааран төрийн эрх мэдлийг барьж буй хэсэг хүмүүсийн саналаар төрийн байгууллага нэгдэнэ. Үүний цаана ямар нэг эрх ашиг байгаа болоод л тэр.
Хуулийн талаасаа төрийн эрх мэдэл гэж тайлбарлах бөгөөд тодруулбал Дорж нарын итгэл хүлээлгэж, өөрийгөө төлөөлүүлэхээр саналаа өгсөн тэр хүмүүсийн шийдвэр. Хуулийг биелүүлж байна гэж тайлбарлагдана. Харин хүний эрх талаасаа иргэдийн ядаж тодорхой хэсгээс санал авалгүйгээр асуудлыг шийдсэн төдийгүй, саналаа хэлж чадаагүй Дорж нарын хохь гэж тайлбарлагдах байв.
Яг энэ байдлаар ирэх онд, тодруулбал ирэх сонгуулийн өмнө төрийн байгууллагуудын талаар олон сонирхолтой шийдвэрүүд гарч мэдэхээр байна. Энэ өөрчлөлтийн явцад төрийн өмч, заримдаа төрийн байгууллагад үйлдэгдсэн зарим гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд ч "арилж, устах” магадлалтай. Тиймээс шинэ оны өмнөх энэ өдрүүдэд чухам ямар шинэчлэлийн хөрс, суурийг бэлтгэх, тэдгээр саналыг чухам хэн, хэн гэгч гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжээд явуулах нь вэ гэдгийг анхааралтай ажиглахад буруудахгүй болов уу.
М.Зэндмэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих