Монголчууд бид хэзээнээс л бөхчүүдээ дээдлэж, хайрлаж хүндэтгэж, тэднээс сайн үлгэр дууриалал ирсэн ард түмэн.
Гэтэл сүүлийн хэдэн жилд улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд танхай, залилан, дээрэм зэрэг гэмт хэрэгт холбогдож ард түмнийхээ хайр хүндлэл рүү "ус цацах” болсон гэхэд хилсдэхгүй.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээллээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 гаруй улсын цолтой бөхчүүд газрын наймаа, залилан, танхай зэрэг хачин жигтэй хэрэгт холбогджээ. Бөхчүүдийн холбогдсон хэргээс хамгийн ноцтой нь хар тамхины хэрэг.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү 523 грамм мансууруулах бодис худалдах зорилгоор олж авч, борлуулахыг завдсан үйлдэлдээ 11 жилийн хорих ял шийтгүүлсэн юм.
Түүнээс өмнө болон хойно бөхчүүд танхай, зодоон цохионы хэрэгт холбогдон шийтгүүлэх нь шийтгүүлж, тэгсхийгээд "зохицуулсан" нь ч бий.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг нэг уушийн газрын үйлчлэгчид гар хүрсэн, өнгөрсөн хавар Бурхан Халдун ууланд аялж явсан хүмүүсийг айлган сүрдүүлсэн.
Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Г.Намсрайжав, хүүтэйгээ (улсын арслан Н.Батсуурь) хамт явж байгаад албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг зодож гэмтээсэн, улсын начин Б.Одхүүгийн танхайрсан үйлдэл гэх зэргээр тоочвол бидний хүндэтгэдэг бөхчүүдийн өдүүлсэн гэмт хэрэг нэлээд олон бий. Энд торгон ногоон дэвжээн дээрээ нэгнийгээ цохиж унагасан үйлдлүүдийг оруулаагүй.
Зөвхөн шүүх цагдаад шалгуулж, шийдвэрлэсэн хэргийн зах зухаас дурдав.
Яагаад энэ бүхнийг дурдав гэхээр олонд тэр бүр муугаа дуудуулаад байдаггүй, 1964 оны луу жилтэй бөхчүүдийн нэг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайхан дээрх бөхчүүдийнхээ араас шүүх, цагдаагаар багагүй хугацаанд эргэлдэж, энэ сарын 4-нд 11 жил төмөр торны цаана суух ял сонслоо.
Түүнийг бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь хэлэлцсэн юм. Тэрбээр дээрх хурлын үеэр "Хохирлоо төлсөн, түүнд өр төлбөргүй болсон. Тиймээс хохирогчийг хуралд оролцуулж өгөөч "гэж хүсэлт гаргасан аж.
Монгол УЛСЫН гавьяат тамирчин, улсын заан хэмээх үндэсний бөхийн цол гавьяа нь нөлөөлснийх үү, ШШГЕГ-ын харьяа "сүлд" эсвэл спорт хорооны даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байсан, ОБЕГ-ын харьяа "Аврагч" спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа гэх албан тушаалын цол хэргэмээс нь сүрдсэн үү, цагдаагийн байгууллага хэргийг нэлээд удаан шалгаж байж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор арайхийн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг "Мах импекс" компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Ингээд шүүхэд очоод хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч иржээ.
Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын 50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгдэж байгаа гэнэ. Хэрэв түүнийг шүүхээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцвол Өршөөлийн хуульд хэрэг нь хамрагдахгүй, ял шийтгэлээ биечлэн эдлэх юм.
Ц.Баярсайхан заан ийнхүү анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон ч дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Р.Нямдорж: Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ойлгох вий
Гэмт
хэрэгт холбогдсон Улсын заан Ц.Баярсайхан болон бөхийн жудгын талаар
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн Р.Нямдоржоос тодрууллаа.
-Сүүлийн үед бөхчүүд гэмт хэрэгт холбогдох болсон талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Улсын заан Ц.Баярсайхантай холбоотой асуудлыг яриад байна уу. Их харамсалтай юм боллоо. Шүүхийн шийвэрийг сонсоод итгээгүй. Бөхчүүд маань өөрсдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаасаа болоод иймэрхүү хэрэг төвөгт өртчих гээд байдаг. Би хувьдаа Ц.Баярсайхан зааныг тийм хэрэг хийсэн гэдэгт итгэхгүй байгаа. Өөр мэдээлэл надад алга.
-Бөхийн холбооны зүгээс бөхчүүдэд жудаг ёс зүйн зөвлөгөө өгдөг үү?
-Өгөлгүй яахав. Монгол хүн бөх монгол эрчүүдийн загвар шүтээн гэдэг. Тэрэнд нийцэж байж монгол бөх байх ёстой гэдэг үүднээс Бөхийн холбоо ханддаг. Бөх хүн жудагтай байх ёстой. Хэдэн жилийн өмнө судалгаа хийхэд бөх хүн бусдаас илүү жудагтай, Монгол бөх зан араншингийн онцлогтой гэсэн дүн гарсан. Монгол бөхөөр явахад зан араншингийн хувьд бөх араншин гэдэг юм байна гэж бид ярьж байгаа. Жирийн эр хүнд байдаггүй чанар.
- Монгол бөхийн жудаг гэх ойлголтыг тайлбарлаач?
-Манай Ард түмэн бөх хүн шиг гүндүүгүй сайхан, бөх хүн тийм муухай юм хийхгүй хэмээн бөхчүүдээ сайны үлгэр дууриалал болгож ярьдаг. Бөхийг хүндлэн дээдлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг байдаг.
Гудамжинд хэн нэг согтуу хүн тавьтаргүйтэж байхад түүнийг харсан хүн "агсам эр байна" гэсхийгээд нэг их тоохгүй яваад өгнө. Тэгвэл бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирдоно.
Өнөө цагт худал хэлэх, хууран мэхлэх, урван хөрвөх явдал газар авсан атал бөх хүн тийм юм хийвэл нэг хэсэгтээ итгэж ядан шуугина. Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүдийн алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй.
Монгол бөхчүүд маань түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үед ирэхдээ ард түмнийхээ энэ өв, уламжлалт соёлыг гээлгүйгээр хадгалж хөгжүүлж ирсэн гавъяатай улс.
Нийгэм маань ёс суртахууны хувьд доройтож буйг бид харж л явна. Даруй засч залруулахгүй болбоос Монгол улс, монгол үндэстний хувьд ихээхэн хохиролтой ч байж мэдэх юм.
Нийгмийн энэ ёс суртахууны доройтол бөхийн ёс жудагт шууд болон шууд бишээр нөлөөлөх болсны дээр орчин үеийн бөхийн спортын төрлийн тэмцээн, нэг медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн тэмцэл монгол бөхөд холилдон орж ирсэнтэй холбоотой. Жишээ нь унасан ч тахимаа өгдөггүй маргадаг, эсвэл хоёулаа унасан ч дэвээд явчихдаг зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.
Ер нь спорт хатуу дэг журамтай, зохион байгуулалттай, сахилга баттай, өндөр ёс суртахуунтай байх зайлшгүй шаардлагатай. Спортын од болон гялалзаж байгаа хүмүүс зөвхөн спортын амжилтаараа төдий бус, өөрт байх хүмүүжил, ёс суртахуун, зан чанараараа өв тэгш байж, үлгэр дууриал болж байх ёстой.
Б.Дэжид
gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих