Боксын "Талын бүргэд” клубийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаатай ярилцлаа.
-Та хэдэн онд бокст хөл тавьсан бэ?
-Би энэ спортод орохын өмнө хөлбөмбөг шаггүй тоглодог байсан. Улсын
шигшээд хүртэл багтаж олон улсын тэмцээнд оролцож явлаа. 1964 онд
"Барилгачин” нийгэмлэгт Сэрээтэр багшийн удирдлага дор Д.Банди, С.Гомбо,
Т.Рэнцэндорж бидний хэдэн залуу боксын дугуйланд анх орсон юм. Тэнд жил
гаруй хичээллээд "мөнгөн” Гомбо бид хоёр цэрэгт явсан. Боксын хоёр
армид яаж зүгээр байхав бэлтгэл хийж хөлс гаргана. 1970 онд цэргээс
халагдаж ирээд Гомбо "Замчин” нийгэмлэгт дасгалжуулагч, би Зүтгүүрийн
депод машинистаар ажилд орсон. Тэгсэн С.Гомбо нэг өдөр "Боксын хотын
аварга шалгаруулах тэмцээн болох гэнэ. Миний найз 60 кг-ын жинд
тулалдчих” гэдэг байгаа. Тэгэхэд би тэмцээнд орох үнэндээ дуртай
байгаагүй. Тэр үед 60 кг-д Х.Алтанхуяг багш Азийн АШТ-д түрүүлчихсэн, ид
мандаж байлаа. Гомбын ятгалгаар тэмцээнд анх ороод ялсаар яваад финалд
гараад ирэв. Тэгэхэд би их азтай. Х.Алтанхуягаас өөр хэсэгт сугалаа
татсан юм. Алтан медалийн төлөөх тулаан эхлэхийн өмнө С.Гомбо бид хоёр
бие халаахаар заалны үүдэнд очиход Олзод багш лап барьчихсан Х.Алтанхуяг
тачигнаж байна аа. Би бодлоо, "Энэ нөхөр намайг баллах нь дээ” гэж
(инээв). Гомбо маань намайг зоригжуулах санаатай "Төмөрөө минь хэн ч
лапанд ингэж цохиж чадна. Чи рингэнд гараад сайхан зодолдчих” гэлээ.
Тэгээд хэлсэн ёсоор Х.Алтанхуягтай гурван раунд ухаан жолоогүй нүдэлцээд
би дийлдсэн юм.
-Олон үзэгчийн өмнө анх удаа рингэнд тулалдахдаа, мундаг тамирчинтай үзэлцэхэд эвгүй байсан уу?
-Үзэгчид намайг илүү дэмжиж уухайлснаас өөр зүйл санадаггүй юм. Тэмцээнд
анх ороод зогсохгүй мөнгөн медаль хүртсэндээ учиргүй их баярласан. Мөн
Х.Алтанхуяг гэж мундаг боксчинтой гурван үе тулалдсандаа их урамшиж
билээ. Тэр тулааны бичлэг орой нь телевизээр гарсан юм. Тэгэхэд
Х.Алтанхуяг Монголын спортын түүхэнд Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн
анхны тамирчин болохоор хэвлэл мэдээлэлийнхэн яах аргагүй ач холбогдол
өгч байв. Тэгсэн аав минь тэр тулааныг телевизээр харчихаж. Орой гэрт
иртэл аав "Миний хүү чинь айхтар зодолддог юм байна. Хэдий завандаа ийм
мундаг зодолдож сурсан юм бэ” гээд хөл нь газар хүрэхгүй их баярлаж
билээ. Би аавдаа боксын тэмцээнд орох гэж байгаагаа хэлээгүй юм.
Депогийн дарга намайг нэг өдөр дуудаж "Улсын шигшээ баг чамайг авах
гэнэ” гээд тэр даруй ажлаас дөрвөн цагийн чөлөө олгох тушаал гаргасан.
Депод дөрвөн цаг ажиллаад, улсын шигшээд дөрвөн цаг бэлтгэл хийх
нормативтай болсон. Депогийн цалингаас гадна улсын шигшээ баг надад 150
төгрөг нэмж олгодог болов. Тухайн үед их мөнгө шүү дээ. Би боксын
спортод ингэж хөл тавьсан хүн. Энэ спортын буяныг олон жил хүртэж явна
даа, буурал ах нь.
-Түүнээс хойш Х.Алтанхуяг ахтай дахин тулалдсан уу?
-Би тэр тэмцээний дараа жин хасч 57 кг-д оролцох болсон. Тэр тулаан бидний эхний бөгөөд сүүлчийн тулаан байлаа.
-Таны тамирчны замнал хэр удаан үргэлжилсэн бэ?
-Удаагүй ээ. 1983 онд Монголын боксын холбооноос надад орон нутагт
боксын спортыг хөгжүүлэх даалгавар өгснөөр Эрдэнэт, Дархан, Дорнод
аймагт ажиллах санал тавьсан юм. Албан томилолт авахын өмнө "Замчин”
нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллахдаа УАШТ-д багийн дүнгээр хоёр жил
дараалан түрүүлчихсэн байсан. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд Дорнод
аймагт дасгалжуулагчаар ажиллах таван жилийн томилолт авсан. Гэрээ ачаад
эхнэр хүүхэдтэйгээ наран ургах Дорнод нутаг руу унаалаад Баяндавааны
овоон дээр амсхийж суутал В.Батбаяр, Д.Банди, Р.Отгонбаяр нар араас
намайг үдэж өгөхөөр ирцгээв. Тэгсэн хамгийн түрүүнд Д.Банди аян замын
ерөөл өргөж байна аа. "За Төмөрөө, би чамайг зүүн хязгаарыг тохинуулах
сайдаар томилж байна. Ажлаа сайн хийгээрэй” гэж хэлсэн нь санаанаас огт
гардаггүй юм.
-Та яагаад Дорнод аймгийг сонгох болов?
-Эхнэр маань Дорнодынх юм л даа. Дорнодод эхнэрийн хэдэн хамаатнаас өөр
таних хүн байгаагүй. Манай эхнэр буриад хүн байгаа юм. Эхнэр ах дүү
нартайгаа уулзахаар буриадаар дуржигнатал яриад эхэндээ үг хэл нь
ойлгогддоггүй л байлаа. Одоо бол би ямар ч буриадын ярихыг ойлгоно.
Тэнд Мөнхөө гэж тамирчин өмнө нь боксоор хичээллэж байгаад тархиндаа
цохиулснаас жаахан сааталтай болчихсон юм билээ. Тэгээд "бокс тогловол
Мөнхөө шиг мангар болно” гээд эцэг эхчүүд хүүхдээ боксын дугуйланд
явуулахаа больсон гэдэг. Би дугуйлангаа анх ажиллуулахад ганц ч хүүхэд
бүртгүүлээгүй юм. Аргаа бараад Монголын боксын холбооны ерөнхий нарийн
бичгийн дарга асан Р.Отгонбаярт бичиг явуулсан. Тэгсэн Р.Отгонбаяр
"Мөнхөө гэж хүн өмнө нь боксоор хичээллэж байсан нь үнэн. Тэр хүн бокс
тоглосноос болж тархиндаа саажилттай болоогүй юм шүү. Гудамжинд явахад
нь тархи руу нь тоосгоор цохисноос саажилттай болсон” гэсэн хариу ирсэн.
Дорнодод гудамжаар явахад залуучууд нь зүгээр өнгөрүүлнэ гэж ер
байхгүй. "Нөгөө мундаг нөхөр чинь энэ дээ” гэхчлэн элдвээр өднө. Таних
хүнгүй газар дуугүй өнгөрөхөөс өөр яах билээ. Анх очсон жилээ цээжиндээ
хутгалуулж ч байлаа. Тийм ширүүн гаруудтай газар байв. Харин одоо бол
цаг өөр болжээ. Тэгээд боксын спортыг дэлгэрүүлэх зорилготой ирсэн
болохоор ганц ч шавь бэлтгэлгүй буцалтай нь биш гээд аймгийн аварга
шалгаруулах тэмцээн зохион явуулж, хүүхэд залууст энэ спортыг
сурталчилан таниулах ажлаа ид өрнүүлэв. Би тэмцээн шүүх хүсэлтэйгээ хэлж
рингэнд голлон ажилласан. Тэгсэн тэмцээнд оролцсон нөхдүүд чинь рингэнд
ямар ч дүрэмгүй зодолдож гарав. Би тулааныг тэр даруй зогсоож хориотой
цохилт хийхээр нь оноогоор торгоход үзэгчид над руу юм шидэж, элдвийн
хараал урсгаж байв. Манай Дорнодын залуус зодоонд их дуртай болохоор тэр
биз. Тэгэхэд би "Монголын боксын холбооны томилолтоор Дорнод аймагт
боксын спортыг хөгжүүлэхээр ирсэн хүн байна. Бокс бол гудамжны зодоон
биш ээ. Би өнөөдөр Дорнодын боксыг хариуцаж байгаагийнхаа хувьд энэ
тэмцээнийг цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гээд 1984 оны
Аймгийн АШТ-ийг зогсоож билээ. Тэгэхэд олон эсэргүүцэлтэй тулгарсан ч
одоо бол Дорнод аймагт миний гараар дамжаагүй боксчин гэж байхгүй. Анх
ганц хоёр хүүхэд хичээллэж байсан ч удалгүй зааландаа багтахгүй олон
шавьтай болсон.
-Анхны шавь нараа хэрхэн урвуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Дорнод аймагтай хил залгаа Оросын нэг мужид боксын спортын сургууль
байдгийг дуулаад харилцаа тогтоосноор их дэвшил гарсан. 1986 оны
зургадугаар сард тус мужид нөхөрсөг тэмцээн зохион байгуулж хэдэн шавь
нараа оролцуулсан. Дараа нь Д.Банди багшийн нэрэмжит "Олимпийн гараа”
тэмцээнд явж оролцож эхэлсэн. Тэмцээн уралдаанд бага багаар оролцож
дарийн утаа үнэрлэсэн хүүхдүүд чинь ангийн найз нөхөддөө дуулгана биз
дээ. Хичээллэгсдийн тоо өдөр ирэх тусам бага багаар өсч, 1987 оны УАШТ-д
багаараа хоёрдугаар байрт шалгарсан. Шавь нар маань их баярласан. Дараа
жилийнх нь УАШТ-д багаараа түрүүлсэн. Орон нутгийн баг тамирчид УАШТ-д
анх удаа түрүүлсэн гэдгээрээ онцлогтой, хүн бүр баяр хүргээд хийсэн
ажлын үр дүн эхнээсээ гараад урамтай байсан. Энэ урмандаа 1989 оны
УАШТ-ийг Дорнод аймагт зохион байгуулсан. Ингэснээр боксоор
хичээллэгсдийн тоо улам нэмэгдэх болов. Тус тэмцээнд манай баг тамирчид
түрүүлсэн юм. Энэ тэмцээний дараа хүмүүсийн буруу хандлага
өөрчлөгдсөнөөр дугуйланд маань бүртгүүлэх хүүхдийн тоо маш их нэмэгдсэн.
-1990 оны зах зээлийн шуурганд тамирчдаа авч үлдэх гэж нэлээд юм болсон уу?
-1990 оноос өмнө манай секцийн хүүхдүүд Улаанбаатарт тэмцээн уралдаанд
оролцохоор жилд багадаа таван удаа онгоцоор ирж буцдаг байв. Харин
ардчилал гарсны дараа тэмцээн уралдаанд явах гэхээр бидэнд машин олдохоо
ч болив. Харин тэр үед аймгийн захиргаанаас бидэнд бэлтгэл сургуулилт
хийх иж бүрэн байгууламж гаргаж өгсөн нь их нэмэр болсон. Улмаар "Талын
бүргэд” клубээ байгуулсан. Дорнод аймгийн Биеийн тамир, спортын хорооны
дэргэдэх "Талын бүргэд” клуб тэмцээн уралдаанд өнөөг хүртэл оролцож
байна. Одоо миний хүү Эрдэнэбаяр аймагтаа төдийгүй улсдаа ч байхгүй
боксын заал босголоо. Үүнд олон хүний тус дэм их бий. Дорнодынхон боксын
спортоо илүү дэмждэг болсон доо.
-Хүү тань боксынх уу?
-Тийм ээ. Миний ганц хүү Эрдэнэбаяр боксоор хичээллэж байсан. Олон улсын
тэмцээн уралдаанд чамгүй амжилт үзүүлсэн хүн. Одоо "Талын бүргэд”
клубийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Би клубийнхээ зөвлөх
дасгалжуулагч нь болсон. Мөн миний зээ охин Л.Ангараг боксоор хичээллэж
байна. Өнгөрсөн жил Тайландад болсон өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль
хүртэж хэдхэн хоногийн өмнө спортын мастерын цол тэмдгээ гардсан.
Удахгүй Тайландад болох олон улсын тэмцээнд орох гэж байгаа. Миний зээ
чинь энэ жил 16 нас хүрнэ. Жаахан болохоор энэ жил насанд хүрэгчдийн
тэмцээнд өнжүүлье гэхэд нагац ах нь мэдээд оруулсан. Давгүй л үзэлцэж
байна. Өсвөрийн УАШТ-д хоёр түрүүлж, олон улсын хоёр тэмцээнд түрүүлээд,
амжилт нь овоо л өсч байгаа. Л.Ангарагаас гадна Л.Өнөболд, дунд охины
хүү Төрөө маань боксоор хичээллэдэг. Ач, зээ нар маань бүгд л зодолддог
болох нь дээ (инээв).
-Яагаад хүү, ач зээгээ боксоор хичээллүүлэх болов. Та энэ спортын хэцүү бүхнийг туулсан хүн шүү дээ?
-Хүмүүс энэ асуултыг олон тавьдаг. Би хүү, ач зээгээ сайн боксчин
болгоно гэж энэ спорт руу хөтлөөгүй. Тэдэнд энэ спортоор сонирхон
хичээллэх боломж л олгосон. Хамгийн чухал нь энэ цөвүүн цагт биеэ
хамгаалах хэмжээний чадвар эзэмшиг гэсэндээ боксын спортод оруулсан.
-Зээ охин тань дэлхийд нэрээ дансаллаа. Цааш мэргэшин суралцах сонирхолтой байна уу?
-Би зээ охиндоо "Чи бөмбөрцөгт нэрээ бичүүлчихлээ. Одоо хичээл номондоо
илүү анхаар” гэхэд эцсээ хүртэл тулалдана гээд л байна. Өөрийнх нь
сонголт болохоор одоо яая гэхэв дээ.
-Ингэхэд аль нутгийн хүн бэ?
-Би Улаанбаатарын унаган хүү. Аав Ёндон маань Дундговь аймгийн
Дэлгэрцогт сумынх. Аавын маань эцэг Цэвэлсүрэн гэж эрдэм номтой, жин их
тээдэг, хохьтайж хүн байсан юм билээ. Дорнод нутаг гадны хүнд их ээлтэй
гэдэг. Үнэхээр тийм. Энэ нутаг надад ивээлээ харамгүй өгсөн дөө.
-Шавь нарынхаа амжилтын талаар ярихгүй юу?
-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван,
эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нараас
гадна спорт сонирхогчдын сайн мэдэхээс Үндэсний шигшээ багийн тамирчин
Азийн АШТ, Азийн спортын наадмын алтан медальт, ОУХМ Д.Отгондалай,
Э.Идэрхүү, С.Шинэбаяр, Х.Тулга нар байна. Тэд Дорнодын унаган хүүхдүүд.
Миний хэдэн шавь надад их тусалдаг.
-Д.Отгондалай олимпод Монголын гол найдварын нэг. Оки маань тань дээр хэдэн настайдаа ирсэн бэ?
-Д.Отгондалай манай дугуйланд 15-тай шавилхан биетэй тосон бор хүү анх
орж байлаа. Бусад нь бол эрт орсон доо. Окигийн хөдөлгөөний эвсэл янзын
гоё. Түүнтэй бэлтгэл дээр ажиллахад их урамтай байдаг. Хэлсэн үгийг тэр
дор нь биелүүлдэг зөв хүүхэд байгаа юм. Би УАШТ-д шавь нараасаа урьтаж
ирсэн. Учир нь энэ жил олимпийн жилийн УАШТ болох тул дасгалжуулагч,
тамирчин хэн хэнд нь хариуцлагатай мөчлөг ирээд байна. Шигшээд бэлтгэл
сургуулилт хийж буй тамирчид гэдэг чинь хүнээс шүүмжлэл барагтай бол
авахгүй. Хүн бүр магтаад тэднийг нялцгай болгочих гээд байдаг юм. Би
өөрөө тэр замыг туулсан болохоор сайн мэднэ. Би энд ирээд шигшээ багийн
дасгалжуулагч Эрдэнэбаяртай уулзсан. "Чи шавь нартайгаа маш хатуу гараар
үзэх хэрэгтэй. Тэдний алдаа дутагдлыг хэлэхгүй болохоор наадуул чинь
нэг л болохгүй байна. Олимп болоход маш бага хугацаа үлдсэн байна. Эрх
олгох тэмцээн ердөө хоёрхон үлдсэн байхад эд нарыг магтаж ер болохгүй
шүү” гэж хэлдэг. Тамирчин хүн олон улсын тэмцээн уралдаанд өндөр амжилт
үзүүлсний дараа хамраа сөхдөг замыг хүссэн ч, эс хүссэн ч туулдаг.
Тиймээс тэдний тэр зан чанарыг дарах үүрэг гагцхүү дасгалжуулагч хүнд
байдаг юм.
-Шавь нар тань олимп, ДАШТ-ий рингэнд гарахаар догдлоод орох байх газраа олж ядна биз?
-Тун хүнд байдаг. 2014 онд болсон Азийн спортын наадамд Д.Отгондалайн
түрүүлсэн тулааныг гэртээ үзэж суутал Дорнодын телевизийнхэн гэнэт
ирсэн. Тэгээд Д.Отгондалайг түрүүлэхэд өөрийн мэдэлгүй баярын нулимс
унагасан.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Эх сурвалж: Ардын эрх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих