Саяхныг хүртэл МАХН хийгээд Н.Энхбаярыг Монголын улс төрийн гол хүчин бас үнэтэй тоглогчоор нэрлэж байв. Шалтгаан нь маш энгийн. Намын гишүүдийн нийгэмд эзлэх нэр нөлөө, байр суурь гэхээсээ удирдан чиглүүлдэг Н.Энхбаяр өөрөө улс төрд хүчтэй фигур учир МАХН-ыг АН-ын үнэ цэнэтэй хамтрагч, МАН-ын гол өрсөлдөгч байсаар өдийг хүрсэн юм. Харин Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) хэмээх отгон хүчин шинээр мэндэлж, улс төрд хүч түрэн орж ирснээр Н.Энхбаярын үнэлэмж буурахын зэрэгцээ АН, МАН-ын эмээх шалтгаан болоод байна.
ИЗНН-ыг бодвол хэн нэгний бөөрөнд очиж наалдахааргүй үзэл баримтлал, МҮАН-тай харьцуулахад харьцангуй нэр цэвэр хүмүүсээр эгнээгээ тэлж эхэлсэн ХҮН-ыг нийгмээрээ эерэгээр хүлээж авсан цаг саяхан. Хамгийн сүүлд Дуурийн театрт хийсэн ээлжит бус Их хурлаараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргаараа батламжилсан нь нийгэмд гэхээсээ улс төрийн ууган, удаах хоёр хүчин АН, МАН-д том цохилт болов. Тэгэх нь ч аргагүй. Хөдөөд, хотод ч сүүлийн гурван жил улстөрчийн рейтингээрээ босоо явсан С.Ганбаатарыг ХҮН-д очоод элсчихэнэ гэж хэний ч ой тойнд буугаагүй нь лав. Тэр тусмаа Н.Энхбаяртай эвсэх эс бөгөөс МҮАН, ИЗНН-ыг эгнээндээ нэгтгэх сонгуулийн зураглалаа ноороглож суусан АН, МАН-ын хувьд шүү дээ. Нэг үгээр хэлбэл, АН, МАН-ын анхаарах асуудал, толгойны өвчин нь Н.Энхбаяр хийгээд МАХН бус С.Ганбаатар тэргүүтэй ХҮН-ынхан болоод байна.
Чухам энэ үед ард түмний санаа бодлыг ХҮН рүү, С.Ганбаатар руу чиглүүлэх орон зай гарсныг АН, МАН-ынхан соргогоор анзаарав. Тодорхой улс төрийн шийдэлгүй боловч С.Ганбаатарыг муухай харагдуулах гэсэн оролдлого хийж, түүнийгээ сошиал ертөнц төдийгүй хэвлэлээр нэг бус удаа түгээсэн нь үүний бэлээхэн жишээ юм. Угаас улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхын давуу тал энэ юм хойно. Хамгийн сүүлд "Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай "Иргэний мэдээ” нэвтрүүлэгтээ С.Ганбаатарыг урьж оролцуулах үеэрээ "Үнэнээ хэлэх мөч” булан нээж буйгаа танилцуулаад урьдаас бэлтгэж төлөвлөсөн сценарийн дагуу ээлж дараалсан асуулт тавив. Хариуд нь С.Ганбаатар гишүүн харин ч элдэв тайлбар хэлж нуршилгүйгээр өөрийгөө эвтэйхэн аваад гарчихав.
Сэтгүүл зүйн талаасаа тэр тусмаа нийгмийн нэгээхэн хэсгийн тогтмол үзэгчтэй болчихсон телевизийн нэвтрүүлгээр ярилцагчаа үл хүндэтгэсэн байдалтай харьцах нь ёс зүй, хувь сэтгүүлчийн ухамсар талаас мэдээж байж болохооргүй л үйлдэл. Гагцхүү С.Ганбаатар гишүүн "Тэртээ тэргүй Ч.Сайханбилэг болон бусад хүмүүсийн миний эсрэг хийж чадах нэг л ажил бий. Тэр нь миний энд тэнд сурсан, суралцаагүй дадлага хийсэн, хийгээгүй мэдээлэл гаргах” гэж хэлсэн нь чухал юм. Тэр нь ч үнэн. Үнэндээ С.Ганбаатар шиг сургууль төгссөн төгсөөгүйгээ шүүлгэх бус сурч мэдсэн үнэт зүйлээрээ нийгэмд танигдсан улстөрч манайд хэд байгаа бол гэдэг нь өөрөө асуудал. Жингийн туухай тавиад үзсэн ч жин дарах хэмжээнд дүйж очихгүй л байх.
Сураг сонсох нь ээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг үзэглэсэнтэй холбогдуулж С.Ганбаатар гишүүн Ховдоос мэдээлэл хийснээс үүдэж энэ бүх сценарийг бичих сэдэл эрх баригчдад төрж, аль болох хараар будаж болох талын мэдээллийг эртнээс цуглуулж эхэлсэн юм билээ. Харин одоо С.Ганбаатар салбар бүрийн шилдгүүдийн төлөөллөөс бүрдсэн ХҮН-ын дарга болж, байр сууриа улам бэхжүүлснээс эрх баригчид эмээж иймэрхүү жижигхэн асуудлаар түрүүчээс нь улс төр хийж эхэлжээ. Үүнийг хийхдээ нилээд бодож төлөвлөсөн, дээрээс хүчний байгууллагын туслалцаа авсан нь харагдаж байна. Учир нь С.Ганбаатарын 20-иод жилийн өмнө дадлага хийсэн бичиг баримт олж авсан нь ганц сэтгүүлчийн хийх ажил биш ээ. ХҮН-ын дарга С.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүн болсон цагаасаа Оюутолгойг монголын ард түмэнд үлдээх байр суурийг баримталж, түүндээ бат зогссоор өдийг хүрсэн нэгэн. Үүнийхээ хүчинд эх оронч гэхээсээ популист нэрийг хэдийнэ зүүгээд буй. Ард түмнээс бус улстөрчдийн бодож өгсөн нэршил нь энэ юм. Мэдээж Монголын баялаг монголдоо үлдэх нь зөв. Харин түүнийх нь төлөө тэмцсэн хүн бүрийг ямар ч хамаагүй аргаар нухчин дарах нь АН, МАН-ын хувьд хамгийн сайн хуримтлуулсан туршлага юм. Үнэндээ тэд ХҮН-аас, С.Ганбаатараас айж байна. Н.Энхбаяраас илүү С.Ганбаатар гэсэн кандидатыг бий болгохгүйн төлөө байдгаа барж байгааг сошиал ертөнц төдийгүй сонин хэвлэл, телевизээр цацаж эхэлсэн мэдээллээс харж болох. Гэхдээ сонгуулийн шинэ газрын зурагт улаан, цэнхэрээс өөр өнгө хэрэгтэй байгаа гэсэн сэдэл нь өнөөдөртөө чухал юм. Тэр босоо хэвээрээ байна. 2016 оны УИХ-ын сонгуульд аль ч нам олонх болохгүй зураглал бий болчихсон энэ үед С.Ганбаатар тэргүүтэй ХҮН-ынхан парламентад бүлэг байгуулах тохиолдолд Засгийн газраа эмхлэх тухай яривал хамгийн боломжит хамтрагч нь Н.Энхбаяр биш ХҮН-ынхан байх магадлал өндөртэй. Гэхдээ С.Ганбаатар хийгээд ХҮН-ынханд албан тушаал наймаалцах нь чухал биш. Тэд үүнээс л айж байгаа ч С.Ганбаатар улс төрийн хүчтэй фигур нэгэнт болжээ.
С.СҮЛД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих