Та хэзээнээс Монголд ажиллаж эхэлсэн бэ?
2006 оноос ажилласан. Дөрвөн жил ажиллаад Орост харьсан. Хэдийгээр одоо би Монголд ажилладаггүй ч монголчууд дахиад туслаач гэж хүссэн болохоор шигшээ багт ажиллаж байна. Харин анх удаа бол намайг Төрийн Думаас томилолтоор явуулж байлаа. Оросын Думын төлөөлөгчдийг Монголд айлчлах үеэр тэд дасгалжуулагч явуулахыг хүссэн гэсэн. Эрхүүгийн нэг депутат намайг сайн мэддэг байсан юм. Тэр хүн хэрэв хүсвэл Монголд ажиллаач гэж хүсэж байлаа.
Таныг Монголын бөмбөгтэй хоккейн холбоонд ямар нэг албан тушаал хашдаг гэж сонссон. Үнэн үү?
Бараг үнэн. Монголын хоккейн холбооны ОХУ дахь бүрэн эрхт төлөөлөгч.
Монголын шигшээ багт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Дасгалжуулагчаас эхлээд ер нь бүгдийг хийдэг гэж хэлж болно. Хэвлэлийн бага хуралд манай Банзрагч Жаргал дасгалжуулагч оролцдог. Би орж болно л доо, гэхдээ яах вэ. Харин тоглолтын дүн шинжилгээ, үүрэг даалгаврыг би өгдөг. Банзрагч Жаргал миний туслах байж байгаад одоо дасгалжуулагчийн тушаалд дэвшээд байгаа юм.
Монголд бөмбөгтэй хоккей хэр хөгжсөн бэ?
Одоохондоо бага зэрэг унтраад байгаа гэж хэлж болно. Дөрвөн жилийн турш бэлтгэсэн нөөц, сургууль байлаа. Залуучуудын баг ч байсан. Харин намайг явсны дараа бүгд алга болжээ. 2014 онд Эрхүүд ДАШТ болоход монголчууд намайг дахин ажиллахыг хүссэн юм. Бага зэрэг мөнгө олоод хоёр ч удаа цугларалт хийсэн. Тэгээд л Эрхүүд ирж, бага багаар хуучнаа сэргээж эхэлсэн дээ. Монголын тоглогчдыг хувцаслаад л хооллож ундалсан. Ингээд дахин сэргэсний дараахь гурав дахь жил маань эхэлж байна. Энэ жил бид ганц ч бэлтгэл хийгээгүй, хуучин туршлагадаа үндэслээд л тоглож байна даа. Хэрэв бэлтгэл хийсэн бол юу гэж япончуудад ялагдаж байх билээ дээ. Тоглолт дундуур хуучнаа сэргээж байна л гэсэн үг.
2011-2013 онд монголчууд ДАШТ-д ирээгүй нь санхүүтэй холбоотой юу?
Тийм ээ, ер нь бол мөнгөний асуудал үргэлж байдаг байсан. Би тэнд ажиллаж байхдаа холбоонд мөнгө олоход нь тусалдаг байлаа. Харин одоо тэд анх удаагаа монгол ивээн тэтгэгчтэй болсон. Ер нь бол хэн ч тэдэнд тусалдаггүй.
Улсын аваргын тэмцээн нь хэр өрсөлдөөнтэй явагддаг вэ?
Шайбтай хоккейн л улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Бөмбөгтэй хоккейн лигтэй байсан ч хаагдсан. Одоо манай багт шайбтай хоккейн тамирчид болон хуучин бөмбөгтэй хоккей тоглож явсан улсууд байгаа. Гэхдээ Монголын шайбтай хоккейчдийн 70 хувь нь бөмбөгтэй хоккейгоос гараагаа эхэлж, гулгаж сурсан тамирчид.
Урьд нь Оросын бөмбөгтэй хоккейн лигэд монголчууд тоглож байсан санагдах юм?
Одоо больсон. Тэр үед монголчуудыг Орост тогтмол аваачин тоглуулдаг мөнгө надад байлаа. Харин одоо монгол тоглогчдоос бүтсэн баг байгуулаад, түүндээ суурилан шигшээ багийг байгуулах зорилго надад бий. Орост ч бөмбөгтэй хоккейн багийн тоо цөөрөөд байгаа болохоор Номхон далайн бүс нутагт тоглож үзмээр байдаг. Гэхдээ Эрхүү хот Улаанбаатартай ах дүүгийн харилцаатай тул энэ холбоог ч ашигламаар санагддаг. Удахгүй залуучуудын өвлийн олимпийн наадам, оюутны Универсиад болно. Энэ боломжийг ашиглаад Монголын ҮОХ-той ч холбоо тогтоомоор байгаа. Эрхүү дэх Монголын Консулын газартай хамтран ажиллаж байна. Гол нь залуу хүүхдүүдэд найдвараа тавьж байна. Залуучууд бол бий. Эрхүүд суралцаж байгаа монгол оюутнуудаас гадна Монголд ч сайн хүүхдүүд байна. Тэднээс баг босгоно доо. Түшиглээд багаа байгуулчихаар боломжийн сайн зургаан залуу олчихсон байгаа. Тэд багийн хууччуулаас илүү авьяаслаг. Тэдэнд тоглох сурах хүсэл ч байгаа. Урьд нь тоглолт олон болдог байхад сайн залуу нөөц хүч байдаг байлаа. Би тэднийг Эрхүү, Биробижан, Хабаровскт аваачиж, сайн хүчтэй багуудтай тоглуулдаг байсан. Тэд Оросын нэгдүгээр лигийн тамирчдын ур чадварт дөхөж очиж байсан тэр үед гурван жилийн завсарлага гарсан нь хамаг юмыг балласан.
Үнэн алдартны шашны лам Алексий Трубач Монголын шигшээ багт тусалдаг байсан гэж сонссон.
Байсаан, тийм хүн. Гэхдээ одоо тэр спортын өөр төрөлд анхаардаг болсон гэж дуулсан. Ламтан бокс, бөх, тулааны спортод шилжиж, хоккейг орхисон. Тэр хоккейн багт сайн тусалдаг байсан.
Монголын тоглогчид ДАШТ-ий үеэр гадаадад зугтаад үлдчихдэг байсан гэж сонссон.
Тийм явдал байсан. Одоо бол байхгүй. Тэгээд ч 2014-2016 оны ДАШТ Эрхүү, Хабаровск, Ульяновск гээд дандаа Орост болж байгаа. Тэд Орост үлдэхгүй шүү дээ. Харин Швед гээд гадаадын оронд тэмцээн болоход зугтах аюул бол байсан, зугтаж ч байлаа. Харин Орост би санаа зовохгүй байна. Нийтдээ зургаа долоон тоглогчоо бид алдсан. Хоёр тамирчин маань Шведэд үлдчихсэн, гэхдээ нэг нь эргээд ирсэн л дээ.
Монголчуудыг урьд нь тэмцээнд ирэхдээ зарж борлуулах юм авчирахаас гадна хувцас хэрэглэлээ ч зарчихдаг байсан гэж сонссон.
Худалдаа наймаа ч хийдэг байсан. Гэхдээ хувцас хэрэглэлээ зарж байсныг мэдэхгүй юм. Монголд л зардаг байсан байж магадгүй. Би тэдэнд олон тэшүүр, хэрэглэл авч өгсөн. Сая харин буцаад ирэхэд бага үлдсэн байна лээ.
Яагаад?
Мэдэхгүй. Хувцас авсан тамирчин маань Монголд байснаа одоо Америкт очсон байх жишээтэй. Гэхдээ бараг 90 хувь нь үлдсэн гэдэг их юм. Урьд өмнө бараг бүх зүйл алга болдог байсан. Хамгийн гол нь тэшүүр ирлэдэг суурь машинууд алга болчихдог нь харамсалтай байсан. Их үнэтэй эд шүү дээ.
ДАШТ-д ямар зорилготой оролцдог вэ?
Ямар нэг бэлтгэл цугларалт, нөхөрсөг тоглолт хийлгүй орохоор ямар зорилго тавих билээ дээ. Гэхдээ манай баг бусад шигшээгээс ялгаатай нь гадаадын ганц ч легионер байхгүй, бүгд монголчууд.
Гадаад хүн авахгүй гэсэн бодлоготой юм уу?
Үгүй дээ, зүгээр л Монголын паспорт авах маш хэцүү. Казахстан, Беларусь, Эстон, Германы баг яаж ийж байгаад л гадаад тоглогчийг шигшээдээ авчихдаг. Германы баг легионер ихтэй, тэд нар нь бүгд оросоор ярьдаг. Харин бид гадаадаас сайн тоглогч авахад хүнд. Бидэнд тоглолтын сахилга бат, ур чадвар, техник дутуу байна. Харин одоо энэ бүхэн сайжирч байгаа. Өрсөлдөгч багт ихэнхдээ оросууд, тэр дундаа дээд лигэд ч хүч үзэж байсан туршлагатай хоккейчид байгаа болохоор бидэнд хэцүү байна. Германы багт миний удирдлаган дор тоглож байсан орос ч байна. Ганцхан герман тоглогчтой, 15 оростой багийн эсрэг гарахаар хаанахын шигшээ багтай тоглож байгаа нь ч мэдэгдэхгүй. Гэхдээ тэднийг бид ялж л байлаа.
Ер нь бол ДАШТ-д амжилттай оролцлоо гээд танай багийнхан ямар нэг шагнал авна гэж найдалтгүй юм биз дээ?
Шагнал битгий хэл, гэртээ харих тасалбарын мөнгө олоход ч хэцүү байна. Бид энд галт тэргээр ирсэн. Ивээн тэтгэгч олох гэж би их гүйсэн ч болж өгсөнгүй. Өмнө нь хоёр жил оросуудаас олсон мөнгөөр бид тоглосон. Одоогийн энэ багийг босгох гэж бид гурван сая рубль зарцуулсан байх.
Монголд бөмбөгтэй хоккей хөгжих боломж байгаа юу?
Одоохондоо байхгүй гэж хэлж болно. Санхүү хүндрэлтэй тул хоккейн сургууль ч байгуулах боломжгүй. Одоо тэмцээн болж байгаа болохоор хүмүүс үзэж байгаа ч цаашдаа яахыг хэн ч мэдэхгүй. Удахгүй Эрхүүгээс миний туслах ирж, менежерээр ажиллана. Бид ямар нэг зүйл хийхийг оролдоно доо. Одоо миний санааг ирэх жил л хамгийн их зовоож байна. 2017 онд Шведэд болох ДАШТ-ийг алгасалгүй оролцчих юмсан. Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Швед рүү галт тэргээр яваад оччихгүй шүү дээ.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих