МАН-ын Удирдах зөвлөлөөс томилогдсон хяналт шалгалтын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна. Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан энэхүү баг бүтэц бүрэлдэхүүний хувьд урьд өмнө нь өөр аймгуудад очиж байсан хяналтын комиссууудаас илүү нүсэр бөгөөд Дорнод аймгийн сум бүрт хүрч ажиллах төлөвлөгөөтөй аж. Ардын намын дээд удирдлагууд Дорнод аймаг дахь дунд, анхан шатны байгуллагууддаа анхаарал тавин хянан шалгаж буй нь сүүлийн хагас жилийн турш манай аймагт өрнөсөн ИТХ-ын маргаантай холбоотой.
Хэрлэн сумын засаг даргаар ажиллаж байсан П.Мөнхтөр тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид сөрөг хүчинтэйгээ хүч нэгтгэн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатараа огцруулсныг уншигч та мэдэж буй. Ардын намын дүрмээр бол, орон нутгийн хуралд олонхи болсон тохиолдолд намын даргатайгаа зөвшилцсөний үндсэн дээр ИТХ-ын даргаа томилдог юм байна. Гэтэл Дорнодын ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид Р.Зоригтбаатарыг огцруулж, П.Мөнхтөрийг оронд нь томилох гэж буй талаар намынхаа дээд удирдлагуудтай зөвшилцөөгүй, дур мэдэн шийдвэр гаргажээ. Иймээс М.Энхболд тэргүүтэй МАН Дорнодын намын эрх бүхий хүмүүстээ сонгууль ойртож байгаа энэ үед өөр хоорондоо зөвшилц, сандал ширээний хэрүүл уруул хийж намын нэр хүнд бүү унагаа гэсэн даалгавар өгөөд байжээ. Гэтэл Дорнодын МАН-ынхан эв зүйгээ ололцох нь байтугай асуудлыг даамжруулснаар барахгүй хэд хэдэн удаа зодоон цохион хийхдээ тулсан байна.
Энэ долоо хоногт л гэхэд аймгийн ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлд очиж, намын даргадаа эсэргүүцэл илэрхийлсэн. Гэвч М.Энхболдын зүгээс өнөөх л "Учраа ололц. Намын даргатайгаа зөвшилцөлгүй ИТХ-ын даргаа огцруулсан шийдвэрээ эргэж хар” гэсэн шаардлага сонсоод буцсан байна. Иймээс МАН-ын хяналт, шалгалтын баг Дорнод аймагт ажиллаж, асуудлыг арай дээгүүр түвшинд шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрчээ. Нөгөө талаар Дорнодын МАН эв нэгдэлгүй байгаа нь өрсөлдөгч намуудад зууш болох нь гэж болгоомжилсных.
ИТХ-ын дарга, Засаг дарга хоёрын хэн нь хэнийгээ хянахаа мэдэхгүй болжээ.
П.Мөнхтөрийг ИТХ-ын даргаар томилогдсоны дараа түүний өмнө нь эрхэлж байсан албан тушаал болох Хэрлэн сумын засаг даргын суудал эзэнгүй үлдсэн. Иймээс сумын ИТХ-ыг зарлан хуралдуулж засаг даргаа сонгох байлаа. Гэтэл аймгийн МАН дахь Д.Одбаярын фракцийнхан Хэрлэн сумын удирдлагыг авахаар зэхэж эхэлсэн нь ИТХ-ын шинэ дарга П.Мөнхтөр, аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нарыг сандаргасан байна. Тэдний хувьд өөрийн төлөөний хүмүүсээ Хэрлэн сумын засаг даргад нэр дэвшүүлэх бодолтой байсан ч хурлын танхимаас Сумын экс дарга Ж.Энхцэцэгийг нэр дэвшүүлж, шууд сонгох магадлал өндөр байгаа. Ж.Энхцэцэг нь Д.Одбаярын фракцийн хүн гэж яригддаг. Иймээс аймгийн засаг дарга М.Бадамсүрэн Ж.Энхцэцэгт хаалт хийхийн тулд П.Мөнхтөрийг Хэрлэн сумын засаг даргаас чөлөөлсөн захирамжаа яаран хүчингүй болгожээ. Ингэснээр П.Мөнхтөр нь аймгийн ИТХ-ын дарга төдийгүй Хэрлэн сумын засаг даргын албыг давхар хашиж байгаа болж таарч байна.
Аймгийн ИТХ-ын дарга нь Аймгийн засаг даргыг бодлогын хувьд удирдах чиг үүрэгтэй. Харин Аймгийн засаг дарга нь сумын засаг даргадаа хяналт тавьдаг. Тэгвэл өнөөдөр П.Мөнхтөр нь М.Бадамсүрэнгээ удирдаж байна уу, М.Бадамсүрэн нь П.Мөнхтөрийг хянаж удирдах эрх бүхий албан тушаалтан уу гэдэг нь ойлгомжгүй байдал үүсээд байгаа юм.
М.Бадамсүрэн нарын фракц П.Мөнхтөрийг суманд нь үлдээж, өөр хэн нэгнийг Аймгийн хурлын даргад сойхоос өөр аргагүй болсон ч хоорондоо учраа ололцохгүй бужигнасаар байна. Хажуугаар нь даргын суудлаа алдсан Р.Зоригтбаатар ч мөчөөгөө өгөхгүй шинжтэй. Тэрээр намын дээд байгууллагадаа удаа дараа хандаж байгаа тул өнөөдрийн хяналт шалгалт хийгдэх нөхцөл байдлыг үүсгэжээ.
Ямартай ч нийслэлээс ирсэн 17 хүнтэй ажлын хэсэг тодорхой шийдэлд хүрч, Дорнод аймагт үүссэн МАН-ын бужигнааныг нэг тийш нь болгох байх. Эс чадвал иргэдийн дунд навсайтлаа унасан энэ намын рейтинг ирэх сонгууль хүртэл сэргэж амжилгүй явсаар ялагдалд хүргэж мэдэхээр байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих