Монголчууд бид байгалийн жамаар бус бодит хүний нөлөөгөөр энэ хоёр гамшигт жилийн жилд өртсөөр л байна.
Малын халдварт өвчин, ой, хээрийн түймэр гэж умартаж үл болох энэ хоёр
аюулыг мэдсээр байж байнга өртсөөр бүр зуршил болж жилээс жилд
давтагдах болжээ. Энэ бүхэн том сануулга өгдөг ч дараа жил нь төр засаг
маань ихэд цочирдож дахиад л амь нас, мал сүрэг, эд хөрөнгөөрөө,
харамсал, хөлс, нулимсаараа унтраадаг. Ингэж бид ойрын арван жилдээ
үзээгүй гамшигтай анх учирч буй мэт цочирдон гай зовлонд автдаг
зуршилтай болчихжээ. Өмнө нь жил дараалан гарч байсан эл гамшиг энэ жил
бас л гарах ёстой юм шиг дахин давтагдав. Өмнө жилийн эдгээр аюул
өнөөдөр үргэлжилж буйг бодоход нэгэнт сульдсан эдийн засгийг маань улам
доройтуулах бас нэг нэрмээс болох нь дамжиггүй. Яагаад гэвэл үхсэн
малын төлбөр, тарилгын үнэ, гэр орон, мал хуй, өвс тэжээл, шатсан айл
өрх, эрүүл ахуй, ажлын зардалд өмнөх жилүүдэд хичээн их мөнгө төлж, ямар
гай, зовлон дагуулсныг төр засаг мартаагүй байх. Одоо дээр нь олон
жилийн хөдөлмөр зүтгэлээр өнгөрсөн зуунд дарж авсан улаан бурхан өвчин
хүн амын дунд тархаж эхлэв.
Бид энэ бүхнээс сургамж аваагүй хэвээрээ, гарсных нь дараа л "Одоо
яадаг билээ” хэмээн хөдөөд гал унтраах, гартаа барих хэрэгслэлийг нь
онгоцоор зөөж, машин тэрэг олгож, вакцины эрэлд улс дамжин гардаг
болсоор олон жилийн нүүр үзсэн ч байдал хэвээрээ. Өнгөрсөн жил Хүрэлсүх
дарга онгоц хөлөглөн очиж өөрөө хамт утраалцсан байх. Дараа нь
мэдээллийн хэрэгслэлээр магтуулахаа ч бас мартаагүй. Нэг удаагийн
онгоцны зардал л гэхэд хэдэн арван саяар тооцдог шүү дээ. Газар дээрээ
болохоор галын аюулгүй байдлын, Гамшгаас хамгаалах, Дайчлагын хуулиуд нь
үйлчилдэггүй. Цэрэг цуухаа дайчилж чаддаггүй.Тэгээд л тэр хуулиудаа
засах шинэчлэх тухай ярьж, аюул гамшгийн улаан гал дундаас Батлан
хамгаалахын дарга нараасаа цэрэг дайчлах зөвшөөрөл хүсч, тэд дээш нь
танилцуулах гэх мэтээр зовлонгоо тоож байлаа. Урд өмнө нь харсаар,
мэдсээр байж энэ бүхнээ хариуцаж, хууль журмаа засч залруулж, шинэчилж
байсангүй л дээ дарга нар маань.
Орон нутагт энэ хоёр гамшгаас сэргийлэх ажил, сургалт нүд хуурсан
байдалтай, хариуцлагын болон сайн дурын үйл ажиллагааны хөшүүрэг, эрх
зүйн зохицуулалт огт алга байсан юм байх. Жил бүр байнга давтагддаг энэ
хоёр аюул гамшгийн хэмжээнд хүрч, олон айл өрхийг амь зуулгын эх
үүсвэрээс нь салган, улсад нөр их хохирол учруулсаар буй дор даруйхан
хохирлыг нь төсвийн хөрөнгөөр аргацаан хэл амнаас салж, хариуцлага
тооцох эзэнгүй болгохоос өөр урдчилан сэргийлэх талаар бодлого
зохицуулалтын ажил хийгдэхгүй байсан юм байна.
Дараа нь бид ихэнхдээ хүний хариуцлагаас үүдэлтэй энэ хоёр гамшигт
гарсан хохирлоо тооцож гамшигт өртсөн нутаг оронд иргэдэд албан
байгууллагуудаас тусламжийн аян, улсын нөөцөөс мөнгө хөрөнгө, эд бараа
фондоос өвс тэжээл, гэр орон ер нь байгаа бүхнээ л гаргадаг.
2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар МИ-8
нисдэг тэргээр явсан ОБЕГ-ын хорь гаруй аврагч нар осолдож ихэнх нь
газар дээрээ нас барсан. Үүүнээс хойш 2015 он хүртэл түймэргүй өнгөрсөн
үе ховор байх. Ерөө сумын засаг дарга нь түймэр унтрааж яваад нас
барсан. Иймэрхүү үзэгдэл давтагдсаар л байгаа нь бид энэ бүхнээс
сургамжгүй аваагүйн илрэл юм.
Наяад оны дундуур |1986 билүү| Дорнод аймагт хээрийн түймэр гарч
Хөлөнбуйр сумын иргэд гэр орон мал ахуйтайгаа түймэрт өртсөн ноцтой аюул
болсон. Төрөөс асар их зардлаар айл болгонд гэр, бүрэн тавилгатай нь
олгож байлаа. Үүний дараа ТВ-гээр түймэр амжилттай унтрааж иргэдэд
учирсан хохирлыг барагдуулсан тухай гаргаж шатаж хав хар болсон газраас
хавар ногоо цухуйж хөдөөгийн талаар дүүрэн цав цагаан гэрүүд ярайж
байсан нь тун содон харагдаж билээ. Би тэр үед тохиолдлоор түүгээр явж
байгаад зам нэгэн айлд буусан юм.
Гэрийн эзэгтэй барга авгай түймэрт хуйхлагдсан гэзгээ алчуураар боож,
гутлынхаа хайлж ханзарсан улыг төмөр утсаар багласан хэвээр биднийг
хэдэн хүүхдийнхээ хамт гаднаа угтав. Гэрт нь ороход хаяанд нь түймэрт
өртөж бүүрэг, гөлөм нь хайлсан эмээл, айргийн хөхүүр, модон хөнөг
зэргийг овоолж тавьснаас хиншүү хярвас ханхалж байсан ч ширээн дээр нь
халуун сав, орны толгой дахь зарим хэсэгтээ тортог болсон эрээн авдар
дээр нь богино долгионы радио бүгд шинэхэн байж билээ. Мэдээж бүх мал нь
түймэрт өртсөн тул хар цай чанаж аяны биднийг байгаа бүхнээрээ л
цайлсан.
Энэ авгайн нөхөр нь түймрээс малаа гаргах гэсээр чадсангүй хамт
осолдсон тул бэлэвсэрч үлдсэн байв. Гэсэн ч тэрээр "Төр засагтаа их
баярлалаа, бор гэртэй байснаа бодвол цоо шинэ сайхан цагаан гэртэй
боллоо” гээд нулимс унагаж байсан даа зайлуул. Харин өрх гэрийн ноён
нуруу болсон өрхийн тэргүүнээ алдаж, аж амьдралынх нь цорын ганц эх
үүсвэр болсон малынхаа хашааг хураасан тул гадаа хот нь хав хар, хов
хоосон байсан. Бид аяны хүнснээсээ байгаа бүхнээ өгөөд цааш хөдөлсөн.
Ийм л байдаг юм билээ их түймрийн дараа.
Энэ бүгд хариуцлагагүй, хэнэггүй байсныхаа төлөө бидний төлж буй үнэ
цэнэ, хэн ч бай биднээс, бидний улсаас гарч буй гарз. Ус даяар дүүрэн
байгаа хариуцлагагүйг аль аль талдаа зөвхөн өөрсдийгөө өмгөөлж тайлбар
тавихаас цаашгүй, бусдын гар хардаг ийм л цомхон гарцтай билүү. Бүхэл
бүтэн улс орноороо ийм байдалд жил дараалан орж буй учир шалтгаан нь
чухам юунд байгаа юм гээд үүдэн бодвоос төрийн албаны томилгоо нь
намынх болж, иргэдийн хариуцлага сул буй дээр л буугаад байдаг. Төр
засаг мэргэжлийн боловсон хүчнээ зөв томилж чадаагүйгээс эдгээр аюулаас
урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанч хандлага, эдийн засгийн боломж хүч,
хөрөнгө, хууль эрх зүйн зохицуулалт, төрийн болон орон нутгийн
удирдлагуудын түвшинд хариуцлагын тогтолцоо бүрдсэн гэхэд эргэлзэх
сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Энд орон нутгийн байгууллага, иргэд өөрсдөө
онцгой анхаарч, хариуцлага ярих цаг ч болсон гэж бодном.
Айлаас эрэхээр авдраа уудал аа...гэж. Шүлхийн вакциныг дотооддоо
үйлдвэрлэж болох байсан уу? Болох байсаан. Манай хэсэг эрдэмтэд энэ
талаар судалгаа хийж шүлхийн вакцин дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ
бүрэн хангаад гадаадад гаргах боломжтой техникжсэн лаборатори байгуулах
төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийн хөрөнгө
төрөөсөө хүсч олон жил хөөцөлдсөн боловч олдоогүй хэмээн ярьцгааж
байлаа. Сүүлийн жилүүдэд шүлхий өвчнөөр үхсэн малын төлбөр болон
гадаадаас оруулсан вакцины үнэнд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэдэг
тоо байдаг юм билээ. Хэрэв тэр төслийг дэмжсэн бол ийм их зардал
гаргахгүй, ядаж л гадаадаас бусдын аманд багтсан үнээр вакцин авах гэж
гуйж явахгүй бизээ.
Төрийн түшээдэд бусдаас хараат байх сонирхол арай байхгүй л байлтай.
Тэр жил хэдэн зуун сая төгрөгөөр ОХУ-аас авчирсан 500 мянган ширхэг
вакцин хугацаа нь хэтэрсэн, Хятад улсаас оруулсан 1,6 тонн шүлхийн
вакцин хөлдсөн... гээд л бөөн шуугиан болсныг ҮХАА-н яам залруулж
тайлбар хийж байсныг санаж байна. Бид өөрсдөө үйлвэрлэвэл ядаж хугацааг
нь мэдэж, хөлдөөхгүй байж чадах байлгүй дээ. Өнгөрсөн жил Ховд аймагт
гарсан шүлхий өвчин, төв, зүүн аймгуудад гарсан түймэрт мэдээж дахиад л
улсааас хөрөнгө мөнгө гаргасан. Орон нутгийн төсөвт энэ бүхнээс урдчилан
сэргийлэх зардал байх ёстой юу, байгаа юу, эсвэл тэр нь аюул эхлээгүй
байхад дуусчихдаг юм уу.
Үйлдвэрлэлд нэвтрэхгүй байгаа шинэ бүтээл, нээлт бүрийн цаана улс орон
хөгжил дэвшилд хүрэх асар их оюуны боломж, эдийн засгийн нөөцөө алдаж,
эрдэмтдийн он жилээр зүтгэсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь зөвхөн
төрийн санхүүгийн боломжоос бус гэхэд хилсдэхгүй байх. Энэ асуудлыг эх
оронч сэтгэлээр харж, мал эрүүлжүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх
бодлогоо эрдэм шинжилгээний байгууллагын судалгааг үндэслэн зохион
байгуулж, материаллаг бааз суурь бий болгох шаардлагатай болжээ. Өнөөдөр
хөгжиж буй улс орнууд шинэ зүйл санаачлан дэлхийн хэмжээнд гаргах тухай
өрсөлдөж байхад бид санаачилсан шинэлэг зүйлээ дотооддоо ч хэрэгжүүлж
чадахгүй байна.
Шинэ санаачлага, нээлт бол байгаль орчинд асар хор хөнөөлтөй уул
уурхайн ашгаас огт өөр, ухаалаг, авсаар, хэрэглээний хөнгөн хялбар чанар
агуулсан, чанарын өндөр түвшинд шинэ технологиор буй болдог, хүний
оюуны чадавхын барагдашгүй нөөц юм. Иймээс оюунлаг, шинэ зүйлийг сэдэж,
нэг ч гэсэн шинэ юм өөрсдөө хийхийг бодлогынхоо түвшинд байлгамаар
байгаа юм. Хоёр жилийн өмнө монгол эрдэмтэн бүсгүй малын эмчилгээний
болон тэжээлэг чанараараа дэлхийд өрсөлдөхүйц тэжээл боловсруулах шинэ
технологи нээсэн байна. Түүний энэ тэжээл нь хямд төсөр |царвангаас
гаргасан| малын чанар сайжруулахаас гадна эрүүлжүүлэх ач холбогдолтой
чухал тан болох аж. Харин түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, зохиогчийн
эрхээ хамаагалах талаар санааширч, санхүүгийн боломж хомс буйгаа ТВ-д
өгсөн ярилцагадаа дурьдаж байлаа. Эрдэмтдийн маань шинэ бүтээл, нээлтүүд
үйлдвэрлэлд нэвтрэх нь тун ховор тул замынхаа хагаст он жилээр гацсаар
хоосон цаас болж үлддэг нь нууц биш.
Монгол эрдэмтэд хэдийнээ өөрсдийн шинэ бүтээлээ сурталчлан Дэлхийн
оюуны өмчийн байгууллагын шагнал хүртэж тус байгууллагын дээд удирдлага
манайд айлчилж энэ асуудлаар төрийн бодлого идэвхжиж байна. Бар болохын
тулд бамбар болох хэрэгтэй, бренд бүтээхийн тулд хийж сурах хэрэгтэй.
Бар болдоггүй, бренд бүтээдэггүй юмаа гэхэд ядаж өдөр тутмын өргөн
хэрэглээний зүйлээ өөрсдөө үйлдвэрлэхийг хичээе. Иймээс бид бүтээлч,
шинэ нээлт, санаачлагуудыг дэмжихэд чиглэсэн төрийн бодлогоо эрчимжүүлж
энэ чиглэлээр зуршуулах хэрэгтэй байна. Хүүхдээсээ "Өнөөдөр ямар дүн
авав? асуултаа "Өнөөдөр шинэ юм юу сурав” гэж өөрчлөн тэдэндээ бүтээлч
хүн болох урам нэмж, шинийг санаачилж бүтээхэд хорхойсдог болгоцгооё.
Хэдэн жилийн өмнө монгол хувраг, цахар гэвш Лувсанчүлтэмийн |1740-1810|
мэндэлсний ойг тэмдэглэж, түүний монгол түмнийхээ эрүүл энхийн төлөө
хийж бүтээсэн үйл хэргийг нь эрхэмлэн, эрдэм шинжилгээний хурал хийж,
эрдэмтэд илтгэл тавьж байсныг би санаж байна. Тэртээ арваннайм, есдүгээр
зуунд амьдарч байсан энэ оточ лам, анх салхин цэцгийн тарилга нээчихсэн
байжээ. Тэр цагт Монголд зохиогчийн эрх хамгаалах хууль, ажил эрхлэх
байгуулга байгаагүй тул даруй арав гаруй жилийн дараа Английн эрдэмтэн
Женр үхрийн гуурнаас салхин цэцгийн вакцин гарган авч зохиогчийн эрхээ
хамгаалснаар эзнээ олоогүй эрхийг нь азтай англи эр шүүрэн авч ийнхүү
энэ тарилгын анхдагч болсон байдаг. Женр дэлхийд гарч буй хэдэн зуун
саяаар тоологдох салхин цэцгийн тарилга бүрээс зохиогчийн хувиа хүртэн
насны эцэст үр хүүхдүүддээ өвлүүлсэн буйзаа.
Лувсанчүлтэм гэвшийн зохиогчийн эрхийг нь хамгаалж чадсан бол өдгөө
гарч буй тэрбумаар тоологдох тарилгаас мөнгө авч болох л байсан. Хожим
өдөр энэ бүхнийг эргэн санахад харамсалтай ч эцэст нь эрэгцүүлэхэд манай
ардын уламжлалт анагаах ухааны хөгжил, монгол хүний оюуны цар хүрээ
тэртээ Лувсанчүлтэм |1740-1810| гэвшийн үед ямар түвшинд байсны бодит
жишээ энэ юм.
Дашрамд АНУ-д болсон нэгэн үйл явдлын тухай хэвлэлээс үзсэнээ уншигч Танаа хүргэе
Украины Харьковын ВУЗ төгссөн инженер Алексей Северинский тэртээ 1978
онд АНУ-д цагаачлан иржээ. Тэрээр амьдын диваажингаар төсөөлсөн Амеркид
ирсэн ч ажил олсонгүй тул гэртээ эхнэртээ үглүүлэн суухдаа хийсэн нэг
зүйл нь түүний гэр бүлийг баячуудын эгнээнд оруулсан гэдэг.
Северинский 1994 онд бензин, цахилгаан аль, алинаар нь ажиллах
боломжтой автомашины хөдөлгүүр санаачилсан боловч үйлдвэрлэх газар
олдоогүй тул зөвхөн зохиогчийн эрхээ хамгаалаад л орхисон байна. Үүний
дараа эл хөдөлгүүрийг японы Тоёота компанийн инженерүүд санаачлан АНУ
болон гадаад орнуудад гаргадаг суудлын олон автомашинд, ялангуяа Тоёота
Приус автомашинд тавьсан нь үр дүнтэй болж, шатахуун бага хэрэглэх,
байгаль орчны нөхцлөөрөө хэрэглэгчдийн анхааралд өртжээ. А.Северинский
болон түүний өмгөөлөгч нар энэ тухай мэдэж АНУ-ын Холбооны шүүхэд хандаж
нэхэмжлэл гаргав. Шүүх түүний гомдлыг хүлээн авч Тоёота компани, АНУ-д
худалдсан ийм төрлийн автомашин бүрээс 25 ам. доллар Северинскийд төлж
байхаар шийдвэрлэсэн боловч тэрээр үүнийг зөвшөөрсөнгүй, автомашин
бүрээс 98 ам доллар нэхэмжлэн Олон улсын худалдааны төв комисст давж
заалдсаар байлаа.
Жилийн дараа шүүх хурал болохын өмнөхөн Тоёота компани уг мөнгийг
төлөхөөр шийдсэн тул Северинский өргөдлөө буцааж авсан байна. Тэрээр
зохиогчийн эрхийн гэрээ дуусах 2019 он хүртэл сар бүр 1,4 сая ам доллар
Тоёота компаниас авахаар болжээ. Анх 2010 оны эхний 6 сард АНУ-д нийт 15
мянган гибрид автомашин зарагдсан ба үүнээс хойш дахин хэдэн арав дахин
өссөн тухай мэдээллийн хэрэгслээр дурьдаж байсан. Ингэж Северинский
шинэ нээлтээ мөнгө болгож чадээ. Өнөөдөр тоёота камры, сивик, лексус
зэрэг бусад олон автомашинд иймэрхүү хөдөлгүүр тавигдаж улмаар дэлхийн
хэмжээнд нэвтэрчээ. Тэр дунд замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй
Монгол улсад буруу талдаа жолоотой ийм Приус автомашиныг өргөн хэрэглэж
байгаа. Зохиогчийн эрхийг дэлхийн улс оронд ингэж хамгаалдаг юм байна.
Манайд ч гэсэн эрдэмтэд монгол инженерүүдийн шинээр санаачилсан, эрчим
хүч хэрэглэгчидэд хүргэх замд алддаг трансформаторын болон шугамын
алдагдлыг багасгах, эрчим хүчний эх үүсвэрийн олон хувилбар, ашигтай
санаачлага байдаг юм билээ Хэрэв бид энэ бүхнийг нэвтрүүлж чадвал,
байнга алдагдалтай ажиллаж хэвшсэн зардлаа нөхөж салбарынхаа ачааллыг
ядаж жижиг хэрэглэгчдийн түвшинд нь хөнгөлж болох бусуу. Одоо эрчим
хүчнийхэн алдагдлаа үнэ тарифаа нэмэгдүүлэх замаар нөхөх болж байна.
Бид өөрсдөө бүтээх боломжтой ч жил бүр эрчим хүч, шатахуун, мал
эрүүлжүүлэх болон бага насны хүүхдүүдээ ханиад томуу бусад халдварт
өвчнөөс хамгаалах тарилга гадаадаас авдаг. Гэсэнч эдгээр халдварт өвчин
байнга гарч, хорио цээр тавих, жинхэнэ эсэх нь үл мэдэгдэх вакцин байж
болох тохиолдол бүрд ч төсвөөсөө асар их хэмээний хөрөнгө мөнгө
зарцуулсаар байгаа. Вакцин олдмогц иргэд хүүхдүүддээ улсын эмнэлэгт
тарилга хийлгэх гэж хороо хориноороо дугаарлан эцэг эхчүүд бүтэн өдрийн
ажлаа алддаг.
Аймгуудад өмнө гарсан шүлхий өвчний өртөг, жил бүрийн гал түймрийн
уршиг өнөөг хүртэл арилаагүй байна. Өнөөдөр урьдчилан сэргийлэх тарилга
өндөр үнэтэй, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээгүй, ядуу дорой байдлаас
иргэд, нялхас олноор эндэж байна. Үүн дээр галын аюул, авто зам,
барилгад гарч буй осол болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас хордсон
газар орон, мал энэ бүхнийг нэмвэл ардчилсан Монгол оронд хүний амь нас
болон ам зуулагын маань гол хэрэглүүр болсон мал сүрэг өндөр эрсдэлд
өртөж үй олноор үхэж үрэгдэх нь ердийн үзэгдэл боллоо. Энэ жилийнх Матад
сумаас эхэлж байна.
Бид мэдсээр байж гарч болзошгүй аюулын өмнө санаачлага, зохион
байгуулалтгүй, алийн болгон гар хумхин суух вэ дээ. Өөрсдөө санаачилж
бүтээх, урьдчилан харах аригтай, дарга нар нь ажил үүргээ хариуцан учирч
болзошгүй гамшгийн өмнө бэлтгэлтэй байж, орон нутагтаа эрхэлсэн ажилдаа
эзэн нь болмоор юм. Энэ бол Та бүхний анхнаасаа амлан тангараг өргөж
төрд орсон боловч одоогоор сайн санахгүй байгаа ажил хариуцах, бодит
ойлголт, жинхэнэ хийх ёстой үүрэгт ажил юм шүү дээ. Ноёд оо. Зохион
байгуулж, хариуцах ёстой үүргээ гүйцэтгэснийхээ төлөө би ингэж ч хийлээ,
тэгж ч давлаа гээд мэдээллийн хэрэгслээр талархал бичүүлээд байх нь ч
зохимжгүй. Нэр төрийн төлөө бус нэртэй төртөй байцгаая. Харин ажил
үүргээ умартаж орхигдуулсан тохиолдолд төрийн өмнө хариуцлага хүлээж
байх учиртай юм. Нээлттэй нийгэмд ийм л зарчим үйлчилдэг.
Юм хийх бүтээх хүсэлтэй, мэдлэг, чадвартай хүмүүсээ дэмжих төрийн
бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэй болжээ. Бүхнийг бид өөрсдөө хийх боломжгүй
бол ядаж нэгийг нь ч гэсэн өөрсдөө хийж, болзошгүй аюулын өмнө дороо
суурьтай, дотроо ухаантай байцгаая. Тэр тусмаа вакцин валютаар авч,
галын гарз амь зуулгын өртгөөс давж байгаа өнөө үед. Ингэж нуршихын
учир гэвээс шүлхий, түймэр хоёр эргээд ирэхэд иргэд, орон нутгийн болон
онцгой байдлын дарга нар маань бүү цочирдоосой гэсэн дээ л тэр юм шүү.
Н.Бадарч
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15783
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих