Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцож зам тээврийн салбарт хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Монгол Улс, БНХАУ-ын хооронд шинээр агаарын хаалга нээж, Хятадын дотоодын нислэгүүдийг Монголын агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх талаар тохиролцсон. Энэ нь манай улсын агаарын навигацийн үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагаа олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг илтгэх үзүүлэлт төдийгүй өнгөрөлтийн нислэгийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж байгаа нэг шинэ ажил МИАТ ХК болон "Аэромонголиа” ХХК-иуд хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд Боинг 737-800 маркийн онгоцоор нислэг үйлдэх болсон явдал. Ховдод Боинг-оор очсон зорчигчдыг Фоккер-50 онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарч, үйлчилгээний чанар дээшлэх давуу талтай. 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулж найман жил гацаж байгаа Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгын ажлыг дуусгаж наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө" гэлээ.
Төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замыг суурь бүтэц, бусад барилга байгууламжийн хамт Монголчууд өөрсдөө барьж, анхны ачаа тээврийн эхлүүлснийг сайд онцоллоо. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр вамын бүтээн байгууллатын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэлээ.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх хэлэлцээрийн төслийг талууд эцэслэн тохиролцжээ. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн жолооч нарыг тээвэрт гарахаас нь өмнө эмчийн үзлэгт хамруулахаар бэлтгэж байгаа аж. Автозамын салбарт 2016 онд 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барина. Улсын хэмжээнд зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 18-нд нэгэн зэрэг эхлүүлэх юм байна.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулсан юм.
-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарлаа. Санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын хэлэлцээр амжилттай явж байгаа. Санхүүжилтийн хувьд асуудалгүй. Хамгийн гол нь БНХАУ-тай огтолцлолын цэгээ тогтох, ТЭЗҮ-г нарийвчилж боловсруулах ажлууд байна.
-Цариг дээр нэлээд хэдэн жил маргалдсан шүү дээ. Гэтэл одоо нарийн цариг дээр тогтож байгааг та дэмжиж байна уу?
-Царигийн асуудлыг шийддэг хүн нь би биш. Манай яам ч биш. Энэ асуудлыг УИХ-аар тогтоогоод шийдвэр гаргаж баталсан.
-АСЕМ-ын зочдод үйлчлэх машин бэлэн болсон уу?
-Үнэ тарифтай холбоотой хэл ам гарсан. Гэтэл 4,5-хан төрийн тэргүүнд зориулсан аюулгүй байдлыг сахин хамгаалах, сум нэвтрэхгүй машин авсан. Дээр нь цагдаагийн байгууллагад 50 приус машин аваад байна. Өндөр түвшний зочдод төрийн үйлчилгээний унаа тэргээр үйлчилнэ. Мөн манай зарим залуучууд өөрсдийн машинаа үйлчилгээнд явуулах санал гаргасан. Тиймээс монголчууд АСЕМ-ыг зохион байгуулахдаа үр дүнгүй зардал гаргахгүй байгаа шүү.
-Хөшигийн хөндийг ашиглах боломжгүй байгаа юу?
-Анхнаасаа ашиглах төлөвлөгөөгүй байсан. Тиймээс Буянт-Ухаа онгоцны буудалд бууж, хөөрөх замыг чангатгах онгоцны зогсоолыг өргөтгөх гээд маш олон ажил эхэлсэн. Одоогоор хугацаандаа амжиж дуусаад байна. Хоёрдугаарт, АСЕМ-тай холбогдуулж хоёр хоног дотоодын нислэгийг Буянт-Ухаа онгоцны буудлаас нисгэхгүй. Харин Налайх дүүргийн цаана байрлах Цэргийн онгоцны буудал дээрээс нисгэж буулгахаар төлөвлөсөн.
itoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих