Бүлгийн хуралд намын дарга, Ерөнхий сайд, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга, "Алтан гадас”-ын Н.Алтанхуяг зэрэг сүүлийн үед нийгэмд дуулиан дэгдээсэн үйл явдлын голын хоёр эрэгт байгаа бүх түлхүүр тоглогчид оролцсон. Хуралдааныг хамгийн түрүүнд Н.Алтанхуяг гишүүн орхиж гарсан гэх. "Нөгөө” талтайгаа хэл амаа ололцоогүй бололтой. Өмнөхөн нь нэгдүгээр хүнтэй "ширүүн дайн” зарласанаа олны өмнө тунхаглачихсан болохоор Ерөнхийлөгчийн нөлөө их байгаа намынхантайгаа таарч тохирохгүй шалтгаан ч их байсан биз. Харин МоАХ-ын "эзэн” бусадтайгаа удаан хөөрөлдсөн бололтой. Хөөрөлдөөний нөгөө талд Х.Баттулгын уур хилэнг өөрсөд дээрээ авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Ерөнхийлөгчийн хүмүүс байсан нь тодорхой. Харин тэдний дунд мэдээж хэрэг намын даргын баг гол эвлэрүүлэгч, зуучлагч байх үүргийг гүйцэтгэсэн бололтой. Нэгэнтээ төрийн өндөрлөгүүд бүгд ямар нэг байдлаар үгээ хэлцгээж үүсээд буй асуудлаар талцан хуваагдсанаа илэрхийлчихсэн тул эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй, түүнийгээ ч биелүүлсэн гэгдээд байгаа өнгөрсөн бямба гаригийн АН-ын Бүлгийн хуралд ийм л дүр зураг байсан болов уу. Гэвч эндээс эвлэрэлд хүрсэн гэх мессеж гарсан хэрнээ яагаад Х.Баттулгын хүмүүсийн "оймсыг гозойлгож” Баянгол зочид буудлыг ниргэсэн нь сонин.
Орой нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн телевизэд өгсөн яриагаар бол өглөө төрийн ордонд эхэлсэн намын бүлгийн хурлын эхэнд Х.Баттулга өөрийн туслах бүсгүйг баривчлагдсанаа мэдэж ихэд уурсан хуралдааныг хаяж гарсан байна. Энэ нь тухайн үед цацагдаж байсан мэдээллүүдтэй ч таарна. Тэгэхэд хэвлэлүүдээр дахин нэг туслахыг нь баривчилсанд ихэд бухимдсан Х.Баттулга "нөгөө эвлэрэл чинь энэ үү, МоАХ-ны сайд нараа татаж аваад Засгийн газрыг чинь унагана шүү” хэмээн бухимдсан тухай бичсэн байв. Тэгэхээр эндээс Х.Баттулга сөргөлдөгч талуудтайгаа ямар нэг хэмжээгээр зохицсон хэмээн бодож амралтын хоёр өдрийг дуусгасан гэж ойлгогдохоор. Гэсэн хэдий ч мөн л Л.Эрдэнэчимэг гишүүний хэлсэн "Ерөнхий сайд ЦЕГ-ын даргыг томилдог, хууль хүчний байгууллагын ард 100 хувь улстөрчид байна” хэмээх үгсээр дөрөө хийж өндөлзвөл нөгөө талд байгаа улстөрчид нь Х.Баттулгад ойлголцол үзүүлж хуураад гэнэтхэн "Баянгол” ажиллагааг зохион байгуулсан гэж харагдах.
Харин улс төрийн хардлага, сэжиггүй тунгааж үзвэл төмөр зам тойрсон асуудлуудыг шалгаж буй цагдаа хүчнийхэн хэргийн үзүүр сэжмийг гартаа оруулан улам бүр лавширсаар мөрдөн байцаалтын шат дарааллаа нэгээр ахиулсан гэж л харагдана. ЦЕГ-ын зүгээс олон нийтэд өгсөн мэдээлэлд ч энэ бүх үйл явдал процедурын дагуу өрнөж байгаа, тухайлбал Прокуророос нэгжиж, шалгах зөвшөөрөл авсан, шалгалтын үеэр мөрдөн байцаагч нартай хяналтын прокурор эхнээс нь дуустал нь хамт ажиллаж хяналт тавьсан тухай өгүүлсэн. Тэгэхээр зүсэн зүйлийн улстөрчид болон жүдогийн тамирчид, хэвлэлийнхэн оролцоогүй бол тэгж их дуулиан дэгдээхээргүй мөрдөн байцаалтын шатны ажиллагаа л байж.
Гэвч энэ бүхэн АН-ын парламент дахь гишүүд бүлгийн хуралдаанаа Их тэнгэрт хийж ойлголцол хүссэн, зарим талаараа ойлголцолд хүрсний дараа гэнэт болсноороо онцлог. Тиймээс л Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгсдийн хариу мэхэнд дорхноо орж тусгай хүчнийхнийг хүртэл оролцуулж сүр бараа үзүүлэхэд хүрсэн.
Тэгэхээр "Баянгол” ажиллагааг Х.Баттулга болон түүний нөхөд урьдчилан мэдсэн байж болох нэг гаргалгаа эндээс гарна. Тиймээс л гишүүн нь бүлгийн хурал дээрээ, сайд нар нь танхимдаа, бусад нь Баянголын үүдэнд улс төр хийж дор бүрнээ л "эвлэрэл чинь энэ үү” хэмээн араасаа хутгалуулсан "Цахиур Төмөр”-ийн дүрд тоглоцгоож хариу мэх хийсэн нь яахын аргагүй цэвэр иппон үнэлгээ аваадахлаа. Баянголын үүдэнд цугласан цөөнгүй улстөрчид, УИХ-ын гишүүд, тамирчид, "олон баатрууд” бүгд л ам хэлээ нийлүүлсэн мэт "сошиал медиагаас мэдээлэл аваад ирлээ” хэмээж байгааг анзаарсан ч тэнд хоёр талын тулгаралт болохыг бүгд л мэдэж байсан мэт. Хамгийн гол нь олны нүдэнд хэн хэрхэн харагдах нь л цэвэр үнэлгээ авах байлаа. Х.Баттулгын тойрон хүрээлэгсэд хариу мэхнийхээ тунг нь хэтрүүлж орхисноос биш бусдаараа бол ямар нэгэн оймс гозолзож цагдаа, хүчнийхэн хуйгаараа цуглах нь хэмээсэн битүүхэн айдсыг олон нийтэд хүргэж дөнгөлөө.
politik.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих