Номын захиалга гэж нэг сонин зүйл Зөвлөлтөд байлаа. Тэр нь юу вэ гэвэл, чухал ном хэвлэгдэж байх явцад зарим том дэлгүүр урьдчилаад захиалга авна. Нэг дүүрэгт захиалга авах эрхтэй номын дэлгүүр 1-2 л байна. Тухайн онд хэвлэгдэж гарах номын жагсаалт нийтлэгдмэгц тэдгээр дэлгүүрт яг ийм дараалал үүснэ. Ямар ч мөнгө төлөхгүй, бэлэн маягт бөглөж, хаягаа бичээд л гүйцээ.
Ном гармагц дэлгүүртээ очоод шинэ номоо авахдаа л төлбөрөө хийнэ. Би Стендалийн 5 ботийн маш гоё хэвлэлийг, бас Прүстийн "Алдагдсан цагийн эрэлд”-ийн 7 ботийг захиалж авч байсан. Прүст Ю.Любимовын маш сайн орчуулгааар сэтгүүлд эхэлж хэсэгчлэн нийтлэгдээд, ном нь захиалгад зарлагдсан юм л даа. Гэхдээ ботиудын эхний 3 нь цугтаа ирсэн, 4, 5 дахь нь жилийн зайтай, тус тусдаа гарсан тул надад эхний 3 нь хөх хавтастай, 4 дэх нь хар хавтастай, 5 нь бүр хачин бор хавтастай ирсэн юм даг. Гомдоллох боломжгүй, дамчид гадуур боть тус бүрийг нь 50 рублиэр зарж байхад би 5-аар авч байгаа юм чинь.
Яагаад ийм сүртэй дараалал үүсдэгийн учир ч мөнөөх дамчидтай холбоотой. Шинэ номын захиалга гэдэг бол тэдний далд бизнесийг бага ч гэсэн таслан зогсоох арга хэмжээ байсан юм билээ. Бүр "номын мафи” гэдэг нэр томьёо ч байв. Захиалгыг эхлээд том дарга нараас аваад, яамны түшмэд дараа нь гэх маягаар эрэмбэлдэг тул тодорхой тоон хязгаартай, дүүргийн номын дэлгүүрийн захиалга алалцаан болохоос ч аргагүй. Ямар сайндаа л манай сургуулийн оюутан, яруу найрагч Сеня Конецкий надаас Прүстийн бүрэн ботиудын захиалгын баримтыг 35 рублиэр авъя гэж гуйж байх вэ дээ.
Ном авахын тулд улсаас тогтоосон үнийг нь нугалж төлнө гэдэг ядуу оюутанд ч хайран биш байсан хэрэг.
Ном ийм л үнэ цэнтэй асан цаг үед залуу нас минь өнгөрсөн юм даа...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих