Монгол Улсын иргэд 8 дахь удаагийн ардчилсан сонголтоо хийх гэж байна. Зэрэгцээд яригдах ёстой чухал асуудал бол өнгөрсөн жилүүдэд сонгогчдын боловсрол гэдэг ойлголт манайд хэр нутагшив. Ер нь иргэд сонголтоо хийхдээ юуг чухалчилдаг юм бэ. Үндсэн хуулинд заасан сонгох эрхээ эдлэхдээ ирээдүйн төлөөх зөв төлөвшсөн сонголтыг хийх хэмжээнд сонгогчдын боловсрол хүрсэн үү? гэхчлэн асуултууд гарч ирнэ. Тэгвэл сонгогч гэж ер нь хэн байх ёстой вэ гэдгийг сануулсан сонирхолтой мэдээлэл байна.
Юу гэхээр, эрдэмтэд аливаа нийгэм дотор улстөрийн эрс тэс туйлшрал, ялгарал улам их хүчтэй болсоор байгаад чухам ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ гэдэг асуултыг тавьж энэхүү асуултын хариуг олох судалгааны ажлынхаа хүрээнд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Тус төслийн нэг оролцогч, Колорадын Их сургуулийн Лидскийн бизнес сургуулийн профессор Филипп Фернбах "Макро эдийн засаг, олон улсын байдал эсвэл боловсрол, эрүүл мэнд гэх мэт төвөгтэй салбаруудад хүмүүс ер нь яагаад ийм эрс тэс, эвлэрэшгүй байр сууриудтай байгаа нь бидэнд маш сонирхолтой байсан… Өөрсдийн үзэл бодлыг тэгж их улайран хамгаалж зүтгээд байгаа тэр хүмүүс юуны төлөө маргаад байгаагаа мөн хэний төлөө яагаад саналаа өгөөд байгаагаа маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэхүү "… маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэдэг урьдчилан нөхцөл байдлыг эхлэлийн цэг болгож аваад энэ судлаач эрдэмтэд санал асуулгаа явуулсан ажээ. Энэ санал асуулгад оролцсон олон янзын түвшний хүмүүст улстөр-эдийн засгийн 6 өөр үзэл баримтлалыг үнэлж дүгнэж Та яагаад ингэж дүгнэж байгаа вэ гэдэг асуултанд хариулж сонголтоо үндэслэх ёстой байсан байна. Энэ судалгааны үр дүнд ихэнх хүмүүс тухайн улстөр-эдийн засгийн үзэл баримтлалын тухай аймшигтай доогуур ойлголт ба тун болхи төсөөллүүдтэй байгаа нь илэрхий болсон байна. Өөр нэг сонирхолтой дүгнэлт нь бол энэ санал асуулгад оролцож улстөр-эдийн засгийн хэцүү төвөгтэй сэдвүүдээр өөрсдөө бие даан эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд орсны дараа бол тэдний үзэл бодлууд нь хамаагүй өөр, туйлширсан эрс тэс байхаа больж байсан явдал аж.
Өөрөөр хэлбэл,өөрсдийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах тэгээд өөрийн "тийм ээ” эсвэл "үгүй ээ” гэсэн сонголтуудаа өөрөө бие даан гүнзгий үндэслэж тайлбарлах чадвар нь эргээд тэр хүмүүсийн байр суурь, үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг ажээ. Үүнээс гадна өөрсдийн байр суурь, сонголтыг эргэцүүлэн бодож үндэслэх гэж оролдсны дараа бол тэд нар урьд өмнө нь идэвхитэй дэмждэг байсан улстөрийн хүчнийг үг дуугүй дэмжихэд бэлэн бус болж байсан байна. Ийм учраас өөрийн байр суурь, сонголтыг үндэслэж тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсээр сонголт хийлгэх бол яав ч ардчилал биш, харин харанхуй олонхийн засаглал юм гэж шинжээч үзэж байгаа юм. Хүмүүсийн үйл хөдлөл, сонголтын энэхүү "хачин жигтэй” байдал нь хүн амын хамгийн өргөн давхаргуудыг хамардаг болохыг бас тогтоосон байна. Урьд өмнө нь өөрсдийгөө ямар нэг намыг дэмждэггүй, "эрх чөлөөт, бие даасан хүн” гэж тооцдог байсан хүмүүсээс эхлээд бүүр аль нэг намын улаан фэнүүд хүртэл бүгд харьцангуй ижилхэн түвшинд байсан байна.
Улстөрийн үзэл баримтлал, явуулж байгаа бодлогын мөн чанар, цаад утга учрыг бодитоор – байгаагаар нь ойлгодог биш харин энэ бүхнийг "би өөрийнхөө түвшинд мэддэг, ойлгодог” гэдэг бол чухамдаа хуурамч зэрэглээ бөгөөд энэ нь улстөрийн туйлшралуудын цаад үндсэнд нь байгаа юм байнаа гэдэг дүгнэлтэнд хүргэсэн байна.Энэхүү судалгааны практик ач холбогдол нь дийлэнх хүмүүс улстөр, эдийн засгийн цаад мөн чанар, учир начрыг муу ойлгодог, төсөөлдөг гэдгийг баталсан байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих