Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ хурал ямарваа эцэслэсэн үр дүнд хүрэлгүй завсарлаж, маргааш өдрөө буюу энэ сарын 19-нд үргэлжүүлэн хуралдах байсан юм. Гэвч ирц бүрдэхэд төвөгтэй болсон гэх шалтгаар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Энэ бүх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр тус намаас хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөхөөр болоод байна.
Хэвлэлийн бага хурлыг "Ардчилсан намаас” зохион байгуулна гэж буй боловч энэ нам чухамдаа "түр” удирдлагын багтай, түүнээсээ гадна чухам л арван толгойтой гэмээр олон хэсэг болчихоод байгаа учраас өнөөдрийн мэдээллийг аль тал нь хийх гэж байгаа нь тун ч ойлгомжгүй байна. Нэг орой хуралдаад завсарласан ҮЗХ-ны хурлаараа одоогийн түр үүрэг гүйцэтгэгч дарга нараа жинхлэх гэж нэг хэсэг нь оролдсон боловч амжилтад хүрээгүй. Мөн АН-аа аврах, шинэчлэх зорилготой гурван ч хөдөлгөөн бий болчихоод байгаа. Эдгээр хөдөлгөөнүүд цаашид нэгдэж үйл ажиллагаа явуулах шийдэлд хүрсэн гэх боловч тэднийг хууччуулынх нь зарим нь хүлээн зөвшөөрөхгүй шинжтэй байгаа бол зарим хэсэг нь өмнөө барьж, эрх ашгаа халхавчлахыг хичээж буй нь ажиглагдаж эхэллээ.
Харин олон нийтийн зүгээс Ардчилсан намаас энэ удаад "Арван таван толгойтой атгаалжин мангас”-ыг биш эв нэгдэл, ойлголцлыг хүлээж байгаа юм.
Сонгуульд санаанд оромгүй ялагдсан тус намыг улс төрийн байгууллагын хувьд шинэчлэгдэх ёстой гэж иргэд ч эгэл жирийн гишүүд нь ч дуу нэгтгэн уухайлсан. Юутай ч өнөөдрийн байдлаар үгээ хэлж буй лидерүүдийнх нь үг яриа ихэд "шинэчлэгдчихээд” байна. Бүр зарим нь төрөл арилжсан юм шиг өөр зүйл яриад гараад ирлээ. Үг, үйлдэл нь алд, дэлэм байтугай зөрүүтэй нөхдүүд намаа муухай харагдуулахад хувь нэмэр оруулснаа мартчихаад гэгээн сайхан зүйлс ярих нь үнэмшилгүй харагдаад байгааг хэлэх юун. Тэднээс шинэчлэлийг хүлээх хэрэггүй гэдгийг тэнэг хүн ч ойлгох биз. Харин энэ намын сайн, муу аливаад хошуу, хуруугаа дүрж ч үзээгүй "хүүхдүүд” шинэчлэл яриад, зам мөрийг нь заагаад байгааг зөв, буруу гэж дүгнэх хэцүү ч хуучцуул нь хүлээн зөвшөөрөөд халаагаа өгнө гэдэгт нь бас л итгэмгүй. Ийм л дүр төрхтэй, эв нэгдэл, ойлголцолд хүрэхэд хол байна даа гэж харагдах Ардчилсан нам арван толгойтой болчихоод байгаа нь л зовлонтой.
Үнэндээ ийш тийшээ зүтгэлсэн эв нэгдэлгүй байдлын шалтгаан нь "хэний тал намын даргаа авах вэ” гэдэг амбициэс үүдэлтэй гэхэд болно. ҮЗХ-гоо ирц бүрдүүлэн хуралдуулахыг хичээхээсээ илүүтэй энэ хооронд хугацаа хожиж, "хор” найруулах гэсэн хүмүүс л олон байгаа бололтой. Ямар ч улс төрийн нам дотор ийм асуудал аль ч цаг үед байдаг л байх.
Найман жилийн турш намын Их хурлаа ч хуралдуулж амжихгүй Засгийн ажил хийгээд завгүй явсан тэдэнд одоо л намынхаа асуудлыг цэгцлэх зав гарч байгаа нь энэ. Тэдэнд үүнээс өөр хийх ажил үнэндээ үлдээ ч үгүй байх. Дараагийн сонгууль хүртэл зай ч байна, лай ч байна.
Гэхдээ АН-д ая эвээ олоход дөрвөн жил хангалтгүй байж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа ч тэдний өмнө хамгийн ойрын сорилт нь дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгууль юм. Намын дарга хэн болох вэ гэх асуултаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэх чухал асуулт нөхцөл байдлыг нь бүр ч хурцатгаж байж мэднэ. Намаа удирдаад явчих байх гэж харагддаг хэдэн лидерүүд нь бүгд л 2017 оны сонгуулийг тооцоолчихоод нүүдлээ хийж яваа нь нууц биш. Үнэндээ намын фонгүйгээр ямар ч мундаг лидер, ямар ч мундаг нэр дэвшигчид ялах магадлал бага гэдгийг саяын сонгууль харуулсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий сайд асан бүх л лидерүүд нь салхинд хийсчихснийг санах л учиртай. Тэгэхээр хаа холын хожоогоо тооцохоос өмнө хаяа хатавчаа тордож, шал дээр унасан намынхаа нэр хүндийг аврах ажлаа нэгдүгээр тавих ёстойгоо мэдэж байгаа гэж найдья.
АН-ын дорвитой шинэчлэл ирээдүйд улс оронд хэрэг болох шинэчлэлт байж магад... гэсэн найдвар олон хүнд бий. Харин энэхүү найдварыг хэн нь, хэрхэн биелүүлэх юм бол доо?
Ер нь ямар ч байгууллагыг дарга нь биш дүрэм журам нь удирддаг. Намын дарга нь хэн болохоос илүүтэй дүрэм нь ямар байх, дүрмээ яаж биелүүлэх нь л олон нийтийн санаа тавьж буй асуудал. Дүрмээ шинэчлэхээс шинэчлэлийг эхлүүлье гэж үзэж байгаа залуусын хэд хэдэн хөдөлгөөн хоорондоо нэлээдгүй зүйл дээр ойлголтын зөрүүтэй байгаа юм билээ. Тэд хэр амжилтад хүрэх нь бас л эргэлзээтэй гэсэн үг. Муу ч, сайн ч өнөөдөр хүчин төгөлдөр байгаа дүрмээ зөрчсөөр ирсэн, дүрмээс гадуур шийдвэр гаргаж ирсэн ҮЗХ-ны болон УИХ-ын гишүүдээ хөөж байж цэвэршинэ гэсэн "шинэчлэгчид” ч тус намд байгаа. Юутай ч хурлаа хийж, хэрэлдэж хэлэлцээд ч болсон асуудлаа дүрмийн хүрээ рүү чирч оруулж байж л арван толгойтой Ардчилсан нам нэг толгойтой болох байх. Харин өнөөдрийнх хурлаасаа тойрч зугтаад хор найруулсаар асуудлаа шийднэ гэвэл ахиад л "атгаалжин хар мангас” хэвээрээ үлдэх вий.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих