Монголын жүдо бөхийн холбооны өчигдөр /2016.09.14/ болсон Их хурал дээр яригдсан гол зүйлийн нэг нь Токиогийн олимпод холбоо ямар бодлогоор тамирчдаа бэлтгэх тухай яриа байв.
Холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр Лондонгоос Рио хүртэлх дөрвөн жилийн хугацаанд холбооны зүгээс эрэгтэй, эмэгтэй бүх жинд олимпийн эрх авах бодлого барьж, олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнд дөрвөн жилийн турш тасралтгүй оролцжээ. Ингэж зүтгэснээрээ хүч тарамдсан байж магадгүй учир Токиогийн олимпод аль жинд түлхүү анхаарал тавьж бэлдэхээ олон талаас нь ярилцъя гэж тэр хэлсэн нь бодол биш бодлогын чанартай үг болов уу. Хүнд жинд олимпийн аваргатай болсон жүдогийн баг хүнд жингийн бөхчүүдээ цаашид яах вэ гэсэн асуудалтай нүүр тулжээ. Риогийн олимпод 13 жинд эрх авч оролцсон энэ баг дараагийн олимпод зөвхөн хөнгөн жингүүдээ хөдөлгөхийг үгүйсгэх аргагүй.
Ганц жүдо гэлтгүй чөлөөт бөхийн төрөлд ч хүнд жинд бөхгүй болж, олимп, дэлхийн аваргад явах болзол хангасан ганц тамирчинд нь бэлтгэл хангагч олдохоо байсан. Доод жингийнхэн нь бэлтгэл хангалцахаар бэртэж гэмтчих гэдэг тул Н.Түвшинбаяр /-100/, Б.Тэмүүлэн /+100/ нартай баргийн хүн барилдахгүй. +100 кг-ын тамирчин Б.Тэмүүлэн сая Риогийн олимпод тракторын дугуйтай ноцолдсоор байгаад явсан гэдэг бол үнэн. Хүнд жингийн бөхчүүд өөдөөс нь тулж болох, өргөж шидэн, ачаалал авч болох хамгийн хүнд гэсэнтэйгээ ноцолдох маягаар ингэж бэлтгэл хийдэг болоод удаж байна.
Жүдогийн холбооны ерөнхийлөгч өчигдрийн хурлын үеэр Риогийн олимпод 5-р байр эзэлсэн Л.Отгонбаатарыг суудлаас нь босгож "Үндэсний бөх рүү явахгүй” гэсэн амлалтыг нь авна лээ. Их спортоор хичээллэж байгаа хүнд жингийн тамирчдаа тогтоож барих гэж нэг ажил. Бэлтгэл хийлгэж, амжилт гаргуулна гэдэг бүр том асуудал болжээ. Хүнд жингийн бөх, тэднийг бэлтгэл хангагчтай болгох нь ганц хоёр холбооны дийлэх зүйл биш болсныг, тэднийг шигшээ багт тогтоох хөшүүрэг бий болгох болсныг Риогийн олимп, түүний дараа хийж буй дүгнэлтүүд харуулж байна.
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн 2013, 2014, 2015 он, 2016 оны олимп хүртэлх хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт тэмцээн, тив, дэлхийн аваргаас бүх насны ангилалд нийт 155 алт, 144 мөнгө, 254 хүрэл медаль хүртжээ. Энэ бол Монголын спортын бүх төрлүүдийн үзүүлсэн амжилтыг тэргүүлэх үзүүлэлт. /Графикаар харуулав/
ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧДЫН 2013-2016 ОНД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ:

Саяхан болсон Рио-2016 олимпийн тайлангийн хурал дээр жүдочид жилийн турш олон тэмцээнд оролцох нь буруу, тамирчид бүрэн утгаараа судлагдаж байна гэсэн санал, шүүмж яригдаж байсан. Спортын бусад төрлүүдтэй харьцуулахад жүдо бөхийн шигшээ багийнхан жилийн хугацаанд, ерөнхийдөө дөрвөн жилийн турш хамгийн олон тэмцээнд оролцдог нь үнэн. Гэхдээ үүнийг багасгалаа гэхэд IJF-ээс тамирчдын амжилтыг барилдаан бүрээр үнэлж, сүүлдээ олимпийн өдөр сугалаанд нөлөөлөх хэмжээнд хүртэл нь уялдуулсан цуврал тэмцээнийг маш сайн тооцоо, судалгаагүйгээр тасалж оролцвол эргээд сөрөг талтай.
IJF олимп, дэлхийн аварга, мастерс, гранд-слам, гран-при тэмцээн бүрт шаталсан оноо өгч, дөрвөн жилийн туршид үзүүлсэн амжилтыг нь харж чансаа тогтоогоод, эхний 20-д жагссан тамирчдад олимпийн эрх өгдөг. Энэ дүрэм өөрөө гарсан цагаасаа жүдочдыг зогсолтгүй бэлтгэл, тасралтгүй тэмцээнээр хангах зорилготой. Тэгэхээр жүдочид ирэх дөрвөн жилд тэмцээн бүрт оролцох уу, тэмцээн түүж очих уу гэдэг бас бодлогын хувьд шийдэх нэг асуудал нь болж байна.
Эцэст нь, Монголын жүдо бөхийн холбооноос гишүүддээ болон хэвлэл мэдээлэлд нээлттэй танилцуулсан санхүүгийн тайланг сонирхуулъя.
Монголын жүдо бөхийн холбооны 2014 оны санхүүгийн тайлан:

Монголын жүдо бөхийн холбооны 2015 оны санхүүгийн тайлан:

Монголын жүдо бөхийн холбооны 2016 оны санхүүгийн тайлан:

Б.БАДМАА
news.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих