Олон нийтийн гэх тодотголтой, төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн байгууллага бол МҮОНРТ юм. Тус их айл нь үеийн үед улс төр, эдийн засаг, соёл урлаг гээд нийгмийн бүхий л салбарт хүрч, мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалан олон нийтэд үйлчилж ирсэн байгууллага юм. Харин олон жилийн энэхүү уламжлалт байдал эвдэгдсэн шалтгааныг МҮОНРТ-ийн хамт олон тогтоож, Ерөнхий захирал Ц.Оюундарийг огцрохыг шаардсан байна. Ц.Оюундарь нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад шуудхан МҮОНРТ-ийн захирлаар томилогдон очиж, очсон даруйд тус байгууллагыг улстөржүүлэх болсныг ажиллагсад тал талаас хэлж байна. Тус байгууллагын ажилтан алба хаагчдын үзэж байгаагаар бол "Олон нийтийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх, нийтлэл нэвтрүүлгийн бодлого тодорхойлох чадамжгүй болж, нэгэн цагт Ц.Оюундарийн өөрийнх нь тодорхойлж байсан шиг "Живж буй аварга титаник” өнөөдөр бодит биеллээ оллоо” хэмээж байна.
Тиймээс тэд МҮОНРТ-ийн ажиллагсадын түр хороо байгуулан тэмцэл өрнүүлээд байгаа юм. Түүнчлэн өнөөдрөөс түр хороог дэмжигчдийн хүрээ тэлж, нийт ажиллагсад нь Ц.Оюундарийг огцруулахаар гарын үсэг зурцгаасан байна. Дашрамд дурдахад татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй олон нийтийн телевизэд үр дүнгүй бүтцийн өөрчлөлт хийж, Монголын мэдээ агентлагийг ямар ч тооцоо судалгаагүйгээр бие даасан суваг болгож, кабелийн телевизүүдээс ч доогуур рейтингтэй, үзэгчгүй, цагаа дүүргэж чаддаггүй, цалингаа тавьж дийлдэггүй, боловсон хүчний нөөцгүй болгон доройтуулсан нь ерөнхий захирал Ц. Оюундарийн бодлогын алдаа гэдгийг ч дурдаж байна лээ.
Тэрбээр нэг жил гаруйхан хугацаанд ММ агентлаг болон Монголын Мэдээ сувгийн захирлыг 4 удаа сольж, МҮОНРТ-ийн дэд захирлыг 3 удаа, MNB 1-р сувгийн захирлыг 3 удаа тус тус сольсноор телевизийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого бүрэн алдагдах үндэс суурийг тавьсан. Мөн данхар бүтцийг цомхотгох нэрээр уран бүтээлчдээс 80 гаруй хүн халж, оронд нь 100 гаруй хүн шинээр ажилд авсан байдаг. Ийнхүү халаа сэлгээгээр хамт олныг айлгаж, сүрдүүлснээр жирийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид айдас хүйдэст автаж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх ашиг нь зөрчигдсөөр ирлээ гэх зэргээр тэд тэмцэл өрнүүлж байна.
Сардаа гурван сая төгрөгийн цалин авахын зэрэгцээ ур чадварын урамшуулал, гар утасын төлбөр гээд чамгүй мөнгө авчихдаг Ц.Оюундарь захирал телевизийн зарим байрыг түрээслэх нэрээр өөрсдийнхөө танил талыг өөд нь татаж харин уран бүтээлчдийг булан тоход шахдаг тухай ч гомдол бий. Энэ бүхий л асуудлыг цэгцлэхээр МҮОНРТ тэр чигтээ дайнд мордоод байна.





Unen.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих