-2017 он гарсаар Монгол улс хүлээлтийн байдалд шилжээд байна. Яагаад, юуг хүлээж байна гэж үү?
Тэгвэл Монголчууд бид улсаараа юм юм л хүлээж байна. Хамгийн гол нь эдийн засгийн хямралыг даван туулж, валютын тэр дундаа ам.долларын ханшийг бууруулах хүлээлт байна. Улстөрийн хүрээнд гэхэд АН-ын шинэ даргаар хэн сонгогдох, ирэх хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд аль аль намын хэн хэн нэр дэвшиж хэн нь сонгогдох вэ гээд л.
Тиймээс л манайхан хүлээлттэй байна, тэр нь улстөр, эдийн засгийн асар том хүлээлт юм гээд байгаа хэрэг. Эдгээр том асуудлууд шийдэгдчих юм бол нийгмийн амьдралын бусад асуудлууд дагаад шийдэгдэнэ гэдэг тун ойлгомжтой юм. Тэгвэл улстөрийн болон эдийн засгийн хүлээлтийг багцлан авч үзье л дээ.
Улстөрийн хүлээлт
-АН-ын шинэ дарга болон фракцгүй нам, Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэх бол гэсэн хүлээлтүүд
Ердөө 10 хоногийн дараа манай хоёр том намын нэг АН-ын шинэ дарга тодорно. Энэ бол улстөрийн салбарын анхны хүлээлт. АН-ын дарга хэн болохоос тус нам үндэсний хэмжээний нам хэвээр үлдэх эсэх нь тодрох учиртай. Мөн тус нам шинэ даргатай болоод үнэхээр фракцгүй, хэн нэгний эсэхүл хэсэг бүлгийн бус нийт гишүүдийнхээ нам болж чадах уу гэдэг хүлээлт тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийт монголчуудыг хүлээлтэд оруулж байгаа юм. АН шинэ даргатай фракцгүй олон түмний нам болж шинэчлэгдэх эхэллээ тавьчихлаа гэж үзэхэд тус "шинэ” нам ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн эхний том шалгалтаа өгөх хэрэгтэй болно. Энэ бас л хүлээлт үүсгэнэ. АН хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүлээлтээс эхлээд түүнд нь ялах найдвар байгаа эсэх гээд хүлээлт үргэлжилж таарна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд бодитой нэр дэвшигчид байна уу. Хэн Ерөнхийлөгч болох вэ гэсэн удаах хүлээлт
Монгол улс энэ жил 5 дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Энэ бас хүлээлт үүсгэж буй. УИХ дахь хэт олонхийн бүлэг болох МАН он солигдохын өмнөхөн сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгахаар хуулийн төсөл өргөн барьж он гаргаад хэлэлцэж эхэлсэн ч буцаагаад татахаар болчихлоо. Харин энэ хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд бодитойгоор нэр дэвших хүн намуудад байна уу. УИХ, орон нутгийн сонгуульд ялсан МАН-ын тухайд намын дарга нь нэр дэвших байх гэсэн хүлээлт бий. Гэхдээ улстөрийн хүрээнд болон олон нийтийн дунд түүнээс гадна нэр дэвших хүсэлтэй нөхдүүд цөөнгүй гэлцэж буй. Тухайлахад УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг ийм хүмүүсийн тоонд оруулсаар байгаа. Харин мөрөг хүчин болох АН-д одоогоор бодитой нэр дэвшигч харагдахгүй л байна. Хэдийгээр Н.Алтанхуяг нэр дэвшихийн төлөө өрсөлдөнө гэдгээ зарласан ч одоогоор намын даргын сунгаанд гүйгээд байж байна. АН-ын гишүүдийн дунд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын нэр гарч байгаа ч тэднийг нэр дэвшүүлэх эсэх өнөөдөр тодорхойгүй бас л хүлээлт үүсгээд байна. Харин энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй МАХН-ын хувьд хэн нэгнийг нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр бас л хүлээлт үүсээд байна гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын дарга хэн болох, засгаа хөдөлгөх үү гэдэг бас нэг хүлээлт
Хэрвээ МАН болоод УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөгчтэй ч бай, үгүй ч бай өрсөлдөөд яллаа гэж бодоход дараагийн дарга хэн болох бол. МАН-ынхан болоод олон нийтийн дунд МАН-ын дараагийн даргаар Шадар сайд У.Хүрэлсүх тодрох байх гэлцэж буй. Тэр боллоо гэж бодоход засгаа хөдөлгөх үү гэдэг бас л сонирхол татсан хүлээлт мөн. Ийнхүү Монголын улстөрийн амьдрал хүлээлт дүүрэн байна.
Тэгвэл эдийн засгийн хүлээлтүүд ямар байна вэ.
-ОУВС-гийн "Стэнд бай”-д орох хүлээлт
Бүр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеэс энэхүү хүлээлт эхэлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн үед бас л хүлээгдсээр өнгөрсөн 10 дугаар сард ОУВС-ийн экспертүүд ирж эхний шатны хяналтаа тавиад буцсан. Одоо өнөө маргаашгүй дахин ирэх гэж байна. Манай улс уг хөтөлбөрт багтсанаараа санхүүгийн чанд сахилга баттай болохоос гадна гаднаас зээл авч ам.доллар зах зээлдээ оруулж ирэх боломжтой болно. Тэр цагт эдүгээ 2500-аас буухаа байсан ноён ногооныг номхотгож чадах юм. "Стэнд бай”-г авбал Монгол улсад 450 сая ам.доллар орж ирэх боломжтой гэж буй. Түүнээс гадна уг хөтөлбөрийг авсанаараа Япон зэрэг оронтой зээлийн тухай ярих боломжтой болох тухай ч яриа бий. Мөн БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн асуудал ч хүлээгдсээр л байна. Энэ бүхнийг аль болох монголынхоо хөрсөнд зөв буулгаж чадвал эдийн засгийн хямралыг гэтлэж чадах юм.
-Тавантолгойг ашиглах хүлээлт
Монголчуудыг 200-300 жил тэжээнэ гэгддэг Тавантолгойн нүүрсний ордыг өнөөг хүртэл бид ашигтайгаар ажиллуулж чадахгүй байгаа. Уг нь хөрсөө хуулаад л нүүрсээ гаргаад зөөхөд гадныхны хэрэг үгүй. Гэтэл төр засагт очсон хүмүүсийн хүсэл шуналаас болоод тус ордыг өнөөг хүртэл 10 гаруй жил ашигтай ажиллуулж чадаагүй л байна. Тиймээс гадны болоод хувийн компани оруулж хариуцлагатай болгож байсаж ашиг орлого олох төлөвлөгөө хэдэн ч Засгийн газар дамжив бүү мэд. Энэхүү төслөөс болж олон ч хүн аавын хаалга татаж, зарим нэг нь гацаасныхаа төлөө "ардын баатар” ч болцгоолоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч Тавантолгойг төслийг хэрэгжүүлж байж хямралаас гарна гэдгийг зарласан. Тиймээс уг төслийн хэлэлцээрийг шинээр эхлүүлээд байгаа билээ. Тун удахгүй уг төслийн нарийн ширийн тодорхой болно гэсэн хүлээлт бий.
Эдгээрээс гадна Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны охин "Монголын зэс” хэмээх компани авсны нарийн учир ч тодрох хүлээлт бий. Гэх мэтээр Монголын улстөр, бизнес, эдийн засаг асар их хүлээлттэй байна.
Г.Хуяг
GEREG.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих