"Рио-2016” Олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хороо, "АПУ” компанийн тамирчин Д.Отгондалай оны өмнөхөн Монгол Улсын Гавъяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Түүнтэй ярилцсанаа толилуулж байна.
ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЛУУ ҮЕДЭЭ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ ЁСТОЙ
-Юун түрүүнд Монгол Улсын Гавъяат тамирчин хэмээх өндөр алдрын эзэн болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Гавъяатын найраа саяхан хийлээ. Танд баяр хүргэж хамгийн сайхан үгийг хэн хэлсэн бол?
-Миний анхны дасгалжуулагч Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багш маань маш сайхан үг аминчилж хэлсэн. Багшийнхаа үгийг үргэлж санаж явна. Гаргасан амжилтдаа ханаж, мохолгүй улам бататгаж, ахиулж явна гэж бодож байгаа. Бас Боксын холбооныхон, "АПУ” ХК-ийн хамт олон маань, Хил хамгаалах газрын удирдлагуудаас хүрэлцэн ирж сайхан үг хэллээ. Алс хол Дорнод, Сүхбаатар аймгаас миний хамаатан садан маань бас ирж найранд оролцлоо. Энэ дашрамд намайг хүндэтгэж найранд минь ирсэн 300 гаруй хүнд бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
-Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар асуухгүй байж чадахгүй нь. Олон жил жиндээ аваргалсан та энэ жил яагаад ялагдав. Бэлтгэл дутуу байв уу?
-2017 оны насанд хүрэгчдийн боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Аваргын төлөө "Рио-2016” Олимпийн тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар дүүтэйгээ тоглож, 3:2 харьцаагаар хожигдлоо. Яахав тамирчин хүнд ялж ялагдах өчнөөн олон үе бий. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг шалтаг мэдээж мундахгүй. Яагаад ялагдсанаа хүн болгонд тоочоод ч хэрэггүй байх. Ялагдчихаад олон юм ярилаа гэж хүмүүс муу хэлнэ шүү дээ. Ямар ч байсан сайхан тулаан болсон.
-Нэлээд ширүүн, цус урссан тулаан болсон зураг үзсэн?
-Монголын боксын дэвжээн дээр бараг тийм тулаан гарч байгаагүй байх шүү. Тийм ширүүн тулааныг Э.Цэндбаатар дүүтэйгээ хийж, сайхан өрсөлдлөө.
-Та 2014 онд Инчёны наадам буюу Азийн наадамд түрүүлж, 2015 онд бас чамгүй амжилт үзүүлж улмаар өнгөрсөн онд Олимпоос медаль хүртсэн. Таны оргил амжилтыг Инчёны наадмаас эхлэлтэй гэж хэлж болох уу?
-Инчёны наадам 2014 онд Солонгос улсад болсон. Монголын боксчид 1974 оноос хойш Азийн наадмаас алтан медаль хүртээгүй байсан. Тэгээд Инчёны наадамд ялъя, түрүүлье гэсэн зорилготой явсан. Тэр жилийн Азийн наадамд манай тамирчид олон медаль авах боломж байсан. Гэхдээ би аварга болж, эмэгтэй нэг тамирчин маань хүрэл медаль авсан. Миний тэр ялалт бол Монголын боксын 66 жилийн түүхэн дэх Азийн наадмын анхны алтан медаль гэдгээрээ онцлог. Бас 2015 онд Ази тивийн аваргад түрүүлсэн. Улмаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод медалийн төлөө тоглож, шагналт тавдугаар байрт орсон. Үүнээс хойш маш урам зоригтойгоор Олимпийн эрх авах тэмцээнүүддээ гол анхаарлаа төвлөрүүлж бэлдсэн.

-Энэ жил ямар тэмцээнүүдэд хүч үзэх вэ?
-Тэмцээнүүдийн хуваарь ерөнхийдөө гарчихсан байгаа. Гэхдээ манай улсын тамирчид тэмцээн уралдаанд явах төлөвлөгөө нь бол хараахан гараагүй байна. Шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Энэ жил Ази тивийн аварга, ДАШТ болно. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Индонезид болох бол ДАШТ Германд болохоор тов нь гарчихсан.
Сая Улсын аваргад таныг ялдаг Э.Цэндбаатарыг та чамгүй үнэлдэг юм шиг байна. Насаар дүү, дараа үеийн тамирчиддаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Тэгэлгүй яахав, би одоо 30 хүрч байна. Спортод бол залуу нас биш. Харин бокс бол залуу хүний спорт. Чадахгүй бол залуу үедээ зайгаа тавьж өгөх ёстой. Залуус маань надтай эн тэнцүү тоглоод гарч ирж байгаад би маш их баяртай байна. Ингэж л гарч ирэх нь тамирчин хүний замнал. Сая 56 кг-д шинэ аварга болсон Б.Мишээлт гээд 21-тэй сайхан залуу байна. Би түүнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Яваандаа 60 кг-д үзэх чадвартай, материалтай хүүхэд. Сая намайг ялсан Э.Цэндбаатар байна. Бас Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг гээд залуу тамирчид маань маш мундаг байгаа. Зодог тайлвал энэ хэдийгээ харж найдлага тавьж явна гэж боддог.
-Та боксоор хичээллээд 10 гаруй жил болж байна. Өнгөрснөө эргэн харахад ямар бодол, мэдрэмж төрдөг вэ?
-Рингэн дээр гараад 14 жил болсон байна. Энэ хугацаанд өөртөө бол чамгүй сайхан амжилт үзүүллээ. Монгол Улсын аваргадаа 11 жил финалдлаа. Долоон удаа Улсын аварга боллоо. Гурван мөнгө, нэг хүрэл медаль авсан. Азийн наадмын алтан медаль, Ази тивийн аварга, Боксын төрлөөр Монголдоо Олимпийн 7 дахь медалийг авчирлаа. Сэтгэл хангалуун л байлгүй яахав.
-Таныг нэг жиндээ ноёрхож байгаа гэдэг?
-Тийм ээ, яг нэг жиндээ үзэж байна. 60 кг-ийн жинг бараг 10-аад жил барьж байна. Тэгэхээр энэ нь миний нэг давуу тал байсан юм уу даа гэж бодогддог.
-Нэг жин удаан барина гэдэг маш их бэлтгэл, хөдөлмөр дээр нь зөв дэглэм, зөв зуршил шаарддаг уу?
-Тамирчин хүн нэг тэмцээнд явж ирээд эргээд жингээ тавина. Би чинь 66 кг-аас зургаан кг хасаж тэмцээн уралдаанд оролцдог. Тэгээд яг жингээ бариад явна. Жингээ барина гэдэг тамирчин хүний хувьд нэг бодлын жаргал. Гэхдээ бас нэг бодлын хэцүү. Яагаад гэвэл, өдөр бүр жингээ үзүүлнэ, жиндээ орохын тулд 14 хоногийн өмнөөс хасаж эхэлнэ. Тэмцээн маань долоо хоног үргэлжилнэ. Тийм болохоор нэг сар бараг өлөн зэлмүүн явж байж тэмцээндээ оролцдог.
ШҮҮЛТ ШУДАРГА БАЙВАЛ ХОЙЧ ҮЕ, ЗАЛУУСТ МААНЬ Л ХЭРЭГТЭЙ
-Таны өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө хүмүүсийг босохоос өмнө бэлтгэлээ хийнэ. Жаахан амарч байгаад эргээд 11.00 цагаас бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Тэгээд өдрийн хоол ундаа идчихээд эргээд 16.00 цагаас бэлтгэлдээ орно. Яг тэмцээний хувьд ингэж бэлтгэл сургуулилтаа хийж байж амжилт гаргана. Амралтын үе буюу тамирчид бол сэргэлтийн үе гэж ярьдаг. Яг тийм сэргэлтийн үедээ бол өдрийн нэг бэлтгэлтэй. Гэртээ сайхан үр хүүхдээ хараад амарч байгаад 16.00 цагийн бэлтгэлээ хийчихээд эргэж ирнэ. Энэ мэтээр олон жил явж ирсэн.
-Олимпийн боксын шүүлт одоо болтол маргаан дагуулсаар байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүн шүүж байгаа цагт булхай үргэлжилсээр л байна. Гэхдээ энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шударга шүүлттэй байх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл Риогийн олимпийн дараах тэр их шуугиан, маргааны дараа ДАШТ-ий шүүлт булхайтай болвол бүр ч хүнд асуудал үүснэ шүү дээ.
-Өнгөрсөн 12-р сард Японд болсон хөлбөмбөгийн томоохон тэмцээний үеэр шүүгч камерын бичлэг үзэж байгаад шийдвэрээ гаргасан. Хөлбөмбөг хүртэл шүүгчийн алдаанаас зайлсхийж байна гэж спортын хэвлэлүүд бичиж байсан. Яаж бокст шударга шүүлт нэвтрүүлэх вэ?
-Бичлэг үзээд ялалтыг нь буцаачих тохиолдол өмнө нь байсан. Одоо бол тийм гомдол санал бүр авахаа больчихоод байгаа. Шүүлт булхайтай болж байгаагийн ард мэдээж мөнгө эргэлдэж байгаа тухай ярьдаг л даа. Ер нь бол шүүлт шударга байвал хойч үе, залууст маань л хэрэгтэй. Олимпийн шүүлтийн булхай биднээр дуусаасай л гэж хүсэж байна.
-Та Дорнод аймгаас төрсөн алдартнуудын нэг. Нутгийнхаа тухай ярих уу?
-Аав, ээж хоёр маань Сүхбаатар аймгийн харьяат. Миний дээд талын ах бид хоёр Дорнодод төрсөн. Тэнд төрж, сурч, сургуулиа төгсөж, боксоор анх хичээллэж байлаа.
-Яагаад ингэж асуув гэхээр та зодог тайлаад нутагтаа ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэж ярьсан байсан. Энэ бодол тань хэвээрээ юу?
-Мэдээж би байнга тамирчин явахгүй. Одоо бол Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, 0168 дугаар ангийн тамирчин гэж явдаг. Энэ чиглэлээрээ мэдээж нэг газар томилолт аваад ажиллах байх. Сургуулийг нь төгссөн хүн чинь мэргэжлээрээ ажиллах нь зүйн хэрэг. Манай Хилийн цэрэг бол ямар ч тамирчныг зодог тайллаа гээд хаядаггүй буянтай сайхан газар.
-Аймаг орон нутгийнхаа ажилд хэр оролцдог вэ?
-Би одоо Дорнод аймгийн Залуучуудын холбооны урлаг, соёл спорт хариуцсан гишүүн нь. Тийм болохоор спортоор хичээллэдэг, авъяастай хөдөлмөрч дүү нартаа тусалж дэмжихийг бодож явдаг. Боломжтой үедээ тамирчин залуус дүү нартаа нэг удаагийн витаминыг нь ч болов авч өгдөг. Бас нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутгийн ажил, аймгийн асрамжийн газрын хүүхдүүдэд бага ч атугай тусламж дэмжлэг үзүүлье гээд нутгийнхантайгаа гар нийлж ажилладаг.
-"АПУ" компанитай холбогдсон тухайгаа дурсвал?
-2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээны дараа "АПУ" компанид ажилд орсон. Тухайн үед "АПУ" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг манай Боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэр жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ц.Эрдэнэбилэг захирал үзээд намайг компанийнхаа тамирчин болгосон. Тэгээд 2014 оны нэгдүгээр сараас ажилдаа орж байлаа. Өдийг хүртэл "АПУ"-ийн нэр дээр тамирчин гээд явж байна. Инчёны Азийн наадам, Олимпоос медаль хүртэхэд "АПУ" компани тухай бүрт нь урамшуулсанд баярлаж явдаг. Би чинь бас цалин аваад явж байгаа хүн шүү дээ. Олимпоос ирэхэд "АПУ" компани намайг хүлээн авч хоёр өрөө байраар шагнасан. Үүнд манай гэр бүл маш их талархаж явдаг.
-Та гааль, худалдааны чиглэлийн мэргэжилтэй юм билээ. Энэ чиглэлээрээ цаашид сурах уу ?
-Хилийн цэрэгт ажиллаж байгаа минь эзэмшсэн мэргэжилтэй минь хамааралтай. Хилийн цэргийн тамирчин учраас Гадаад худалдаа, гаалийн чиглэлээр сурсан гэх үү дээ. Үүгээрээ бас магистрт сурч байна. Зодог тайлсныхаа дараа гадагшаа сургуульд явж ирэх бодол байгаа. Тэгээд сурч ирээд сайхан залуу боловсон хүчин Хилийн цэрэгтээ ажиллана гэж боддог.
-Спортоор дамжуулж та олон сайхан газар орон үзсэн байх. Аль улсад очиж суралцъя гэж боддог вэ?
-Хаашаа явахаа хараахан шийдээгүй байна. Мэдээж гэр бүлээрээ, эхнэр хоёр хүүхэдтэйгээ хамт явна. Сурах гэж байгаа хүн чинь 3-4 жил тогтвор суурьшилтай тэндээ байж, сайн сурах хэрэгтэй. Одоохондоо ийм л төлөвлөгөөтэй байна. Гэхдээ нөхцөл байдал тухайн үед яаж эргэхийг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Ярилцлагуудыг тань уншихад та их гэр амьтай хүн гэдэг нь харагдсан?
-Тэр үнэн. Аль болохоор гэр бүлээрээ байхыг боддог. Болдогсон бол гадагш явахдаа ч гэр бүлээрээ явахсан гэж хүсдэг. Мэдээж тэр болгон чадахгүй л дээ. Ер нь бол би удаан хугацаанд гэрээсээ хол байхыг хүсдэггүй гэр амьтай хүн гэх үү дээ. Гэхдээ тамирчин хүн бол бэлтгэл сургуулилт гээд гэртээ тогтохгүй. Миний хувьд өнгөрсөн Олимпоос ирснээс хойш л гэртэй нэлээд байлаа. Тэмцээн уралдаанд ч явалгүй байж амарч байгаад, сая улсын аваргадаа орсон. Одоо ер нь ихэнх хугацааг гэр бүлтэйгээ өнгөрөөнө гэж бодож байгаа.
Цагаан сараар хэрхэн баярладаг вэ?
Цагаан сараар хадам аав, ээждээ туслаад жил болгон нутагтаа баярладаг. Өнгөрсөн жил харин Олимпийн эрхийн тэмцээнтэй байсан учраас Найрамдалд бэлтгэлээ хийгээд нутагтаа очиж чадаагүй.
Хэдэн сарын өмнө та залууст лекц уншсан тухай мэдээ харсан. Тэр ямар учиртай уулзалт, лекц байв?
Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулсан уулзалт байсан. Лекц гэх нь хаашаа юм. Зүгээр залуучуудтай уулзаад чөлөөт ярилцлага хийсэн. Ямар хүүхэд байсан, спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн гээд олон зүйл ярьсан.
Манай сайтаар дамжуулж залууст хандаж юу хэлэх вэ?
Зөв шударга, хийж байгаа зүйлдээ үнэнч хандах хэрэгтэй гэж дүү нартаа захидаг. Яагаад гэвэл, зарим нэг авъяастай тамирчид байдаг ч тэд маань залхуу талдаа байдаг. Тийм тамирчдыг харахаар хайран санагддаг юм. Залуу хүн ер нь хийж байгаа юмандаа дуртай, кайф авдаг байх хэрэгтэй. Тэгж байж цаашдаа тухайн салбартаа амжилт үзүүлнэ. Монгол Улс маань залуучуудын орон гэгддэг. Харин залуу насандаа хийх зүйлээ хийчихээд сайхан өвөө эмээ болоод суух сайхан хэрэг шүү дээ. Залуу хүмүүс ер нь үр хүүхэдтэй болохоороо их зүйлийг ойлгодог байх гэж би боддог юм. Үр хүүхдийнхээ төлөө, хэнээс ч дутаахгүй сайхан боловсрол эзэмшүүлье, сайн сайхан өсгөж хүмүүжүүлье гээд зүтгэдэг. Аав маань 1997 онд бурхан болсон. Ээж маань намайг 17 нас хүртэл сайхан өсгөсөн. Түүнээс хойш өөрийнхөөрөө болгож бүтээгээд, амьдралаа босгож ирлээ. Тийм болохоор насаар бага, дөнгөж 20 хүрч буй залуустаа хандаж хэлэхэд тууштай, зүтгэлтэй байгаарай гэдгийг л хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих