Нар аргамжсан тоонноосоо хишгийн хадаг зүүсэн
Настан суух хоймроо буяны олбог зэхсэн
Нялхас наадах гэртээ буман шагай цацсан
Найрын дуутай өргөөндөө морин хуур тахисан
Жаргалын найман хүлгээ жаазанд зурж өлгөсөн
Жавар тогтохгүй өргөөндөө нутгийн уулаа залсан
Жаран жарнаар бөхөхгүй гал голомтоо дээдэлсэн
Жангар гэсэрийн туульсийг сударлан мөнх хадгалсан
Өвөг дээдсийн өвийг бурхантайгаа хамт шүтсэн
Өвөртөлж гарсан чулуугаа шүншиглэж ил залсан
Ариун арцны үнэрээр гэрээ гороолж ариулсан
Адууны хөх хомоолыг хяраас олж уугуулсан
Мэргэдийн алтан сургаалыг тодоор томруулан сийлсэн
Мэлмий тольдох судраар номын өргөөгөө мялаасан
Ахуй Монгол соелоо хадгалж үлдэх гэж чармайсан
Адууны хишигтэй хазаараа ханандаа өлгөж гайхуулсан
Төрсөн өссөн ахуйгаа төөрөгдүүлж мартуулахгүй санаатай
Түмэн элээсэн босгоо мөлийтөл амьдрах хүсэлтэй
Тулсан түшсэн баганаа ганхуулахгүй явах бодолтой
Туурга тусгаар Монголын жирийн нэгэн өрхөө.
Н.Дүгэржав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих