Хэвлэлийн хүрээлэнд Их хэлмэгдүүлэлтийн 80 жилтэй холбогдуулан цаазлагдсан иргэдийн үр хүүхдүүд мэдэгдэл хийлээ. 1937-1939 оны хооронд үргэлжилсэн хэлмэгдүүлэлтэд Монгол Улс насанд хүрсэн эрчүүдийнхээ 15 хувийг алджээ.
Өнөөдөр тэдний үр хүүхдээс цөөн хүн амьд байна. Тэд "Эцгээ цаазлуулсан хүний хүүхдүүд" хэмээх ТББ байгуулжээ. Улс орон даяар бүртгэл явуулахад 200 орчим хүн одоо ч төрөөс нөхөн олговор аваагүй байгааг тогтоожээ.
Тэд дараах шаардлагыг төр засагт хандан тавив.
- Дорнод аймгийн төвийг Чойбалсан гэж нэрлэдэг. Энэ нэрийг өөрчлөн, хуучин нэрээр нь буюу Хэрлэн сум гэж нэрлэх,
- Дорнод аймагт байгаа Х.Чойбалсангийн хөшөөг буулгах,
- Дорнод аймаг дахь Х.Чойбалсангийн нэрэмжит дунд сургуулийг Баянтүмэний сургууль болгон, хуучин нэрийг сэргээх,
- Эцгээ буудуулан алдсан, их хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон үр хүүхдүүдэд нь нөхөн олговор олгох.
Хэвлэлийн хурал зохион байгуулсан иргэд "Өнөө үед Сталины хөшөө хаана ч алга. Гитлер, Муссолинигийн нэрэмжит сургууль гэж байхгүй. Гэтэл манай улсад коммунистууд хэлмэгдүүлэлтийг зөвтгөн ярих боллоо. Хэлмэгдүүлэлтийн үр ачаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан мэтээр түүхийг мушгин гуйвуулж байна. Х.Чойбалсанг өмөөрч болохгүй. Гэтэл түүнийг бүр өргөмжлөх болов. 1930-1940 оны хооронд Сталины заавар, Х.Чойбалсангийн удирдлага дор хэлмэгдүүлэлт болсон. Олон мянган хүнээ лам, феодал, Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэж буруутгасан" хэмээн ярилаа.
Мөн хэлмэгдүүлэлтэд нийт 40 мянган өрх өртөн, бүх эд хөрөнгө, малаа хураалгасныг дурдаад, бид эд хөрөнгөө биш, эцгийнхээ амийг л үнэлүүлэх хүсэлтэй байна гэв.
"Эцгээ цаазлуулсан хүний хүүхдүүд" ТББ-ынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Цагаатгах комиссын дарга н.Нарандалай нартай уулзан, учир байдлаа тайлбарлажээ. Гэвч сүүлийн гурван жилд төрөөс эдгээр иргэдийг огт хайхраагүй тул
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах болсноо мэдэгдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих