Н.Дамдинсүрэн 1981 онд АУИС төгсөж Сүхбаатар дүүргийн АЦС, Булган
аймгийн АЦС-ын ерөнхий эмчээр ажиллаж байгаад 1992 онд гавьяаныхаа
амралтанд гарчээ. Оюутан байхаасаа шүлэг, яруу найраг бичдэг байсан
тэрбээр телевизийн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр нэрт
сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаагийн тухай
өгүүлэхийг үзээд бичсэн шүлгээ манай редакцид ирүүлсэн юм.
Аяа, сэтгүүлч олон чиг Амбаа шиг нь ховор...
Эм хүн зөндөөчиг эрчтэй зоригтой нь ховор...
Харах ухаан зөндөөчиг хатан ухаантай нь ховор...
Эрдэмлэг, гоёлог зөндөөчиг зүтгэлтэй нь ховор...
Аяа, сэтгүүлч олон чиг Амбаа шиг нь ховор...
Гутрал хургасан зүрхэнд минь
Гурван гурав есөнтөө сэтгэл сэмэрнэ...
Гунигтайхан дуу аялахад чинь
Гурван гурав есөнтөө сэтгэл дэвтэнэ...
Цээжээ онгойтол сэтгэлээ юүлэхэд чинь
Цэнхэр нулимс минь аньсганд дүүрнэ...
Зүйрлэвэл ялгалгүй амьдрал шиг
Зүрх чимчигнүүлэн зовлон өрөвдөл ивлэнэ...
Зүүн баруун хоёр уул нүүхгүй шиг
Зүмбэр жаазанд дурайхгүйг та минь мэднэ...
Зүйрлэвэл ялгалгүй хачин хорвоогоос
Зүрх сэтгэлд хэсэгхэн боловчиг жаргал өгье...
Монгол хатан ухааны сүмбэр болсон
Морьтон монголчуудын домог болсон
Мохошгүй сэтгэлийн дуулиан болсон
Мойлор мод шиг сайхан нөмөр болсон
Монголжингоо лавай цагаан сэтгэлтэн
Аав, ээжийн өгсөн, ариун биеэ эх орондоо
Алжааж зовон, зүдрэхийг умартан зориулж...
Ажлаараа... Зүтгэлээрээ... Хөдөлмөрөөрөө...
Ард Монголынхоо дунд үеийн үед мөнхрөх
Алдраараа өөрийнхөө цамхагийг та босгожээ...
Амьдралаараа та амьдралыг таньсан хүн юм.
Амьдралаас та авахаасаа илүүтэй өгсөн хүн юм.
Ашиг нэр хөөгөөгүй та өөрийгөө олсон хүн юм.
Алдраа даруулсанчиг, та давааг нь давсан хүн юм.
Ард түмнийхээ хайртай баатарлаг эмэгтэй юм.
Хувьсгалт нам, социализмын шуурганд өртөж
Хувьхан заяаны гашуун амтыг амсаж явсан чиг...
Хугараагүй... Нугараагүй... Шантраагүй...
Хугацааны боол болж сөхрөөгүй Та хүн судар юм.
Хуурамгүй үнэний бүлээн урсгал Завхан гол юм.
Ядарч зүдэрч, хэлмэгдлийн хар сүүдэрт
Яндаж гундаж, гуниж гутрахыг үзэвчиг...
Ижилгүй сэтгэл, хүн чанарын ноён нуруу
Итгэл зүтгэлээсээ урваж няцаж байсангүй...
Их замын дундаас ухарч бохирч явсангүй...
Сэндэр охин шиг халуун залуу насандаа
Сэтгэл дүүрэн амьдарч чадаагүйчиг гэсэн...
Ирээдүй хойчийн өмнө нүүр бардам зогсох
Ижийн зүстэй охин танаар би бахаднам...
Их амьдралын түүх танаар би бахарханам...
Насны намар нигүүлсэлгүйгээр тосон ирэхүйд
Налайтал сэтгэлээ уудлан сайхан ярьмаарчиг
Намрын шувуу шиг үеийхэн бараа тасран одно л...
Аятай цагтаа чөлөөтэй сайхан хөөрөлдмөөрчиг
Анд нөхөд гэж тэр бүр хаана таарахсан билээл...
Амьтай бүхнийг дүүрсэн, алаг хорвоогийн
Адармаатай хүнд хэцүү амьдралын дундуур
Арга мухардам олон бэрхшээлтэй тулавчиг
Амин хувийнхаа төлөө нэр ашиг хөөсөнгүй
Аль ч цагт амсахуйяа бэрхээс шантарсангүй...
Хоёр нийгмийн зөрчлийг даван туулахдаа
Ховсорч, хордож явсан удаа байсангүй...
Хотол түмнээсээ холдож салж явсангүй...
Холын ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэж
Хоёргүй сэтгэлээр энэ биеэ элтэл зүтгэсээр...
Морь, машин, илжиг таарсан уналгаар
Монгол эх орныхоо өргөн уудам нутгаар
Төрийн мэдээллийн нэр хүндийг үүрэн
Түвдэлгүй гунигтайхан дуу аялсхийсээр
Түмний гүүр байж чадсан эрхэм хүн тa билээ...
Сэмэрсэн самбай шиг сэтгэл минь уяравчиг
Сэрүүн хорвоогийн хүндийг туулаж би гарах л биз...
Сэтгэлийн эрх чөлөө хэнд минь ч байдаг болохоор
Сэтгүүлч баатар яагаад байж болохгүй гэж би бодно...
Сэтгэлдээ нөр их хөдөлмөрийг чинь үнэлээсэй гэж хүснэм...
Зүтгэл... Зориг хоёрыг чинь бодох тоолон
Зүрх сэтгэлд баярлал бахархал минь төрнөм...
Зүүд биш, үнэн шиг үнэн юм болохоор
Зүйрлэхийн аргагүй сонгомол болохоор
Зүтгэл... Зориг хоёрыг чинь бодох тоолон
Зүрх сэтгэлд баярлал бахархал минь төрнөм...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих