УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хууль санаачлан, олонхын хүч түрэн
баталдаг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Одоо бүр байтлаа АН-ынхан
эрх барьж буй боломжит цаг хугацаагаа ашиглан ардчиллынхандаа зориулсан
хуулийн төсөл санаачлан өргөн барьсан байна.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн Ардчилсан
хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүддээ орон
сууц эсхүл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмж олгохоор хуулийн төсөл
санаачилсан.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан, Д.Ганбат
нарын гишүүд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар
авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулан,
Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Хуулийн төслийг УИХ-д
өргөн мэдүүлэхийн өмнө Засгийн газраас санал авах ёстой. Үүний дагуу
Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж.
Хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан анхдагчдад
нэг удаа байр эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, орон
сууцжуулах ажлыг ирэх онд багтаан хэрэгжүүлэхийг тусгасан байна.
Гэвч ийн байр олгох сургаар ардчиллын анхдагчдын тоо хэд дахин
нэмэгдэж, тухайн үед ардчиллыг нухчин дарах гэж байсан хүн хүртэл
өдгөө өөрийгөө "Ардчилагч” хэмээн зарлан тунхаглах болжээ. Мэдээж
дээрх хуулийн төслийн сургаар ардчилсан хувьсгалд залуу халуун насаа
зориулж, нийгмийн задралын төлөө зүтгэж явсан хүмүүс нь баярлахын
зэрэгцээ, арга зальтай иргэдийн хувьд амар аргаар байртай болох нь
хэмээн алгаа үрчин сууж байна.
Энэхүү төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн орон нутагт ардчиллыг эхлүүлж
явсан, анхдагчид талархлын үгээ УИХ-ын гишүүдэд илгээж эхэлсэн бол
үүнтэй зэрэгцэн чухам ямар шалгуураар ардчилагчдыг тодорхойлох вэ
гэдэг асуудал үүсч байгаа юм.
Хэрвээ дээрх хуулийн төсөл дэмжигдвэл байртай болохыг хүссэн хүн
ардчиллын анхдагч байсан хэмээн бичиг цаас цуглуулж эхлэх нь тодорхой.
Яагаад гэхээр өмнө нь 1939, 1945 оны болон Баруун хязгаарын дайнд
оролцсон ахмад дайчдыг орон сууцжуулахаар Монголын ахмадын чөлөөт
холбооны тэргүүн Г.Баасан баахан хөөцөлдөж байж, тоотой хэдхэн хүнийг
нүд анихаас өмнө нь байртай болгож санааг нь амраасан. Гэхдээ зүгээр нэг
бичиг баримтыг нь хараад байр олгоод байсан юм биш.
Монголчууд хэдэн иргэнээ дайнд илгээсэн хийгээд эргэж ирсэн нь хэд
байсан гэх зэрэг тоо баримт тун тааруу байсан төдийгүй 38 жилийн дараа
1939, 1945 баруун хязгаарын дайнд явсан иргэдээ анх бүртгэсэн. Харин
орон сууцжуулах асуудлыг 58 жилийн дараа зохион байгуулж эхэлсэн.
Энэ хугацаанд орон нутгийн зарим иргэн ахмад дайчин гэдэг батламжаа ч
авч чадахгүй байсаар нүд аньсан бол цөөн тооны иргэн өдгөө ч эх орныхоо
төлөө амь бие хайргүй тэмцсэн гэх өөрийнх нь ярианаас өөр гэрчлэх
зүйлгүй суугаа.
Уг нь ардчиллын үндэс суурийг тавьсан ахмадуудаа төрөөс харж хандах гэж
байгаа нь сайшаалтай ч дээрх түүхийг давтаж, ардчилсан хувьсгалын үеэр
амбаар, савныхаа завсар нуугдаж зогссон хүмүүс орон сууц авна гээд сууж
байхыг ч үгүйсгэх аргагүй.
МоАХ-ны архивынхан 12 жилийн өмнө орон даяар явж 1990 оны анхдагчдаа
бүртгэх ажлыг анх зохион байгуулж, батламж олгосон юм билээ. Гэтэл
"Хэдэн онд МоАХ-д элссэн бэ” гэхэд "1976 онд” хэмээн хэнэг ч үгүй
хариулаад зогсож байсан хүн ч бий гэдэг. Үнэн хэрэгтээ ардчилал хэдэн
оноос хөгжсөнийг ч мэдэхгүй яваа хэрэг.
Тэр ч байтугай ахмад дайчин гэдэг үнэмлэхтэй хүний түүхийг сөхөөд,
сонирхоод үзвэл гуравхан настай байхдаа эхний дайнд оролцож явсан
хачирхалтай хийгээд инээдтэй баримтууд ч бий.
Хууль санаачлагчдын үзэж буйгаар Монгол оронд өрнөсөн Ардчилсан
Хувьсгалын их үйл хэрэгт манлайлан оролцож, цаашдын төлөвшил, нийгэмд
эзлэх байр суурийг бататган хамгаалах, олон нийтийг соён гэгээрүүлэх,
хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэн анхны
зүтгэлтнүүдийн дийлэнх хэсэг амьжиргааны дундаж түвшнээс
доогуур, нэн ядуу амьдралтай, насны хувьд 50-иас дээш, хөдөлмөр
эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн
шаардлагад нийцэхгүй мөн давтан сургалтад хамрагдах бололцоогүй болсон
иргэд байгаа аж.
Тиймээс өнөөгийн эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс
суурийг тавилцсан Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг
алдаршуулах, төрөөс нэг удаа буцалтгүй тусламж хэлбэрээр орон сууц
болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зайлшгүй
шаардлагатай гэнэ.
Тэдний энэхүү санааг ашиг хонжоонд дуртай нөхөд бол шүлсээ гоожуулан
хүлээж буй. Монголд ардчиллын суурийг тавихад 40, 50 мянгатын хэдхэн
нөхрийн гар, бие оролцоогүй гэдгийг олон нийт мэдэх ч чухам хаана хэн,
хэн оролцсон бэ гэдгийг гэрчлэх баримт бас тун ховор юм билээ.
Тиймээс 1989 оны арванхоёрдугаар сараас Монгол Улсад эхлүүлсэн
ардчиллын салхийг орон даяар сэвэлзүүлсэн МоАХ, Ардчилсан социалист
хөдөлгөөн, Шинэ дэвшил холбоо, МОХ зэрэг байгууллагын анхны
гишүүд өдгөө архивт үлдсэн түүхийн баримт муутайгаас ардчиллын нэрийг
барьж байр завших хүн мундахгүй гарах вий хэмээн олон нийт хардаж
эхэллээ.
Өөрөөр хэлбэл одоогийн эрх баригчдын эргэн тойронд дулдуйдагчид
энэ хуулиар орон сууц авах магадлал тун өндөр. Тиймээс ардчиллыг
жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр зүтгэж явсан залуус өдгөөгийн ахмадууд
энэ хуулийг дагаж мөрдөх журам зэргийг маш сайн нягт нямбай хийх
учиртай хэмээж байна. Түүгээр ч зогсохгүй 25-30 насны залуус ч
ардчиллын суурийг тавьсан хэмээн цээжээ дэлдэж явахыг үгүйсгэхгүй гэж
байсныг дуулгая.
Б.Төгөлдөр
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих