Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Тус хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ.
Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байжээ.
АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байсан билээ.
Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үеэр Н.Тавинбэх болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан.
Мөн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байсан талаар мэдээлэл гарч байсан.
Н.Тавинбэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан бөгөөд хоёрдугаар сард уг арга хэмжээг дахин нэг сараар сунгасан.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 2-нд үргэлжилснээр хэргийг шүүхээр хэлэлцэх эсэх болон цаашдын процессын асуудлууд тодорхой болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих