Канадын нэрт дуучин Селин Дион зургаан жилийн завсарлагааны дараа эргэн ирж, Парис хотын "Plénitude Arena"-д тусгай цуврал тоглолтоо толилуулж буй билээ. Тэрбээр нийт 26 удаагийн тоглолтыг шүтэн бишрэгчиддээ сонордуулах бөгөөд аравдугаар сарын 7-нд 11 дэх тоглолт нь болсон байна. Өнгөрсөн сараас эхэлсэн цуврал тоглолт ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж.
11 дэх тоглолтын үеэр Селин Дион тайз дээр бүдэрч унасан, дууныхаа үгийг мартсан зэргээр шүтэн бишрэгчдийнхээ санааг зовоожээ.
Тодруулбал, Селин Дион 1998 оны “In Another World” дуугаа дуулж байхдаа өмдний шуумагтаа тээгэлдэн, улмаар тэнцвэр алдаж унажээ. Селин Дион тэр дороо босч ирээд, үзэгчид рүү эрхий хуруугаа гозойлгон бүх зүйл зүгээр гэдэг дохио өгсөн байна. Босч ирснийхээ дараа юу ч болоогүй мэт тоглолтоо үргэлжлүүлсэн ч гэлээ шүтэн бишрэгчид түүний эрүүл мэндэд санаа зовнижээ. Нэгэн шүтэн бишрэгч нь түүнийг харин ч дэгжин унасан гэж цахим сүлжээнд өмөөрсөн байна.
Түүний хоёр дахь бүтэлгүйтэл нь 1995 оны хит "So That You Love Me Again" дуугаа дуулах үедээ үгээ мартжээ. Тэрбээр дууны дундуур толгойгоо барьж, үгээ мартчихлаа гэж хэлэх аж. Үзэгчид дууг үргэлжлүүлэн дуулснаар Селин хэдэн мөрийн дараачаас эргэн хэмнэлдээ оржээ. Мөн үзэгчдэдээ хандан "Энд байгаад чинь баярлалаа. Уучлаарай" гэж хэлжээ.
Түүнд санаа зовсон шүтэн бишрэгчид "Селин, ингэх хэрэггүй. Хөөрхий минь, маргааш сэрээд л өвдөлтүүдээ мэдрэх байх даа", "Би Селин Дионыг хайрладаг. Гэхдээ энэ тоглолтуудаа зогсоох хэрэгтэй", "Бие болон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, тайван амьдрах хэрэгтэй. Үнэндээ энэ бүхнийг заавал хийх шаардлагагүй шүү дээ", "Тэр маш сайхан зохицуулж чадлаа. Сайн байна" зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад, Селин Дион 2022 оны арванхоёрдугаар сард өөрийгөө булчин хөших хам шинж буюу "Stiff Person Syndrome" гэх эмгэгээр оношлогдсоноо зарласан. Үүнээс хойш тэр зургаан жилийн турш тайзнаа амьд тоглолт хийгээгүй юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих