"Биднийг хөдөө очиж амрах нь гэсэн яриа гарсан. Тийм зүйл байхгүй ээ,
дандаа юм завхруулж гуйвуулж байдаг хүмүүсийн ажил л даа. Тэгж хэллээ
гээд Засгийн газар хөдөө хуралдахаа болихгүй. Бид энэ сарын 31-нд
Хөвсгөлд хуралдана. Яагаад тийшээ явж хуралдах гээд байна гэхээр
Хөвсгөлийн замыг барьж дуусгалгүй их олон жил болж байгаа. Өнгөрсөн жил
ашиглалтад өгнө гэсэн ч чадаагүй. Энэ замын ажилтай танилцмаар байна"
хэмээн өнгөрсөн баасан гаригт болсон "Хариуцлага, хяналт, хэрэгжилт"
цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтануяг мэдэгдсэн. Тэр ч утгаараа
өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуралдаж
"дуншсан" замын ажлыг даруйхан гүйцэтгүүлэхийн тулд ийнхүү Н.Алтанхуяг
танхимаа "нүүлгэж" байгаа юм.
Угтаа бол гүйцэтгэх засаглалынхан замын ажлыг эрчимжүүлэхийн оронд элэг дөрвөөрөө хэвтсэн эдийн засгаа аврах гарцаа хайх ёстой. Ам.долларын ханшийг 1384 төгрөг рүү буулгах амлалт аван, Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ-аар батлуулсан тэд эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн 100" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч энэ гээд харуулчих ажилгүй атлаа мөнгө зарах ажил зохион байгуулж байгаа нь гайхмаар. Төсвийн орлого нь тасарч, хэмнэлтийн горимд шилжиж, ард түмнээ бүсээ чангалахыг уриалсан атал 18 сайдыг албатуудтай нь хамт дагуулаад Хөвсгөл нутгийг зорьж байгаа нь хэмнэлт мөн үү.
Шинэчлэлийн Засгийн газар 17 сайдтай, дээрээс нь Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралддаг. Гэхдээ тэд энэ удаад төсөв хэмнэхийн тулд дан ганцаараа явахгүй нь ойлгомжтой. Албатууд болох хар шил зүүсэн хамгаалалтын албанаас авхуулаад ажлын алба болон туслах, зөвлөхөө дагуулна. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй Засгийн газрын хуралдаанд хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах нь тодорхой. Улсын ажил тул улсын төсвөөс л гарна. Түүнээс биш Ерөнхий сайдын халааснаас гарах хөрөнгө мөнгө биш. Дээр нь очсон аймгаа хүндрүүлнэ гээд чамгүй их чирэгдэл учруулж байгаа. Засгийн хуралдаанаа Хөвсгөлд хийчихээд буцах замаараа Булганаар дайрах тул аймгийн удирдлагууд өчигдөр шуурхай хуралдсан сурагтай. Энэ мэтчилэн Н.Алтанхуягийн танхим орон нутагт хуралдахын тулд хоёр ч аймгийг хөдөлгөөнд оруулж, хөрөнгө мөнгийг их хэмжээгээр "уух нь".
Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Хөвсгөлд хуралдсанаар замын ажлыг эрчимжүүлэхгүй нь лавтай. Төсөв хөрөнгө саатчихгүй л байвал ажил явдгаараа явна. Тэнд энд хуралдах нь зарчмын ялгаагүй ч зардлын ялгаатай. Хэмнэлтийг ард түмнээсээ бус албатуудаа эхлүүлэх ёстой гэдгийг Н.Алтанхуяг сайд яагаад ойлгохгүй байна аа.
Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих