Улсын арслан Жалбуугийн Чойжилсүрэн хэмээх тэнгэрлэг сайхан бөх тэнгэрийн оронд залраад хэдэн жил болсон авч дотнын анд нөхдийнхөө сэтгэл зүрхэнд мөнхөрч үлджээ. Ж. Чойжилсүрэн арслан учраа бөхөө хавсарчихаад дэвээд явчихыг бөхийн хорхойтон би бээр олонтаа харж биширч байж билээ. Эр хүний нандин чанар бүхнийг биедээ шингээсэн эрхэм анд улсын арслан Ж. Чойжилсүрэнгийнхээ уран хурц барилдаан, хүн чанарынх нь талаар ярихдаа улсын үнэн хүчит арслан Л. Сосорбарамын нүд сэргээд явчихна. Миний эрхэм дотнын найз Жалбуугийн Чойжилсүрэн шиг хүнлэг сайхан эр хүн ховордоо гэж улсын арслан Л.Сосорбарам ярих дуртай. Тэрбээр эрхэм дотнын андаа сэрүүн тунгалаг байх үед ч бурхны оронд заларсан хойно нь ч Чойжоо найзаа надад хэдэнтээ магтан ярьж билээ. Монгол улсын гавъяат дасгалжуулагч, улсын арслан Л.Сосорбарамтай хийсэн ярилцлагаа толилуулсу.
-Улсын арслан Ж. Чойжилсүрэн та хоёр хөдөө аж ахуйн дээд сургуульд нэг жил хамт элссэн цагаасаа тавь шахам жил гүндүүгүй сайхан нөхөрлөсөн андууд. Бөхчүүд янз бүрийн зан ааштай байдаг. Ж. Чойжилсүрэн агсан улсын арслан цолондоо эрдэж барддаг аархуу бөх байсан уу? Эсвэл даруухан хүн байсан уу?
-Ж. Чойжоо бид хоёр тавь шахам жил үй зайгүй үерхсэн найзууд юмсан. Харамсалтай нь анд маань хэдэн жилийн өмнө тэнгэрт хальж, эрхмийн дээд анд нөхрөө үгүйлж явна даа. Сайн нөхөр маань төрөл арилжсан ч сэтгэлээс ер гарахгүй юм даа. Манай бөхчүүд Ж. Чойжилсүрэнг Чойжоо хэмээн авгайлж, маш их хүндэтгэдэг байлаа шүү дээ. Хүндлэхээс ч яахав. Чойжоо маань улсын арслан цолтой нэртэй том бөх гэхэд ер аархуу ойворгон зангүй маш тайван дөлгөөн зантай, хэзээ ч хэнтэй ч нэг л зангаараа байдаг эгэл даруухан, үг дуу цөөтэй, хүний мөс жудаг сайтай, хүнлэг сайхан сэтгэлтэй хүнсэн. Тиймдээ ч хүн бүхний хайрыг булааж, хүндлүүлж байсан хэрэг. Одоо Чойжоо шиг эгэл даруухан хүний хайлан болсон хүн олдохоо больж дээ. Чойжоо маань Архангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн өөлд хүнсэн. Анд маань би өөлд юм шүү дээ гэж ярих дуртай. Өөлд хүн болж төрсөндөө бахархдагсан. Өлзийт сум Банзар, Дэлэг хэмээх улсын хоёр арслантай байсан бол Ж. Чойжилсүрэн улсын заан цолтойдоо Монголын бүх ард түмний спартакиадад аймаг, хотоос шалгарсан 28 бөхтэй тойргийн журмаар барилдаж, өвдөг шороодолгүй түрүүлж арслан болсон юм.
-Ж. Чойжилсүрэн та хоёр нэг үеийн бөхчүүд. Та андынхаа бяр чадал, барилдааны арга барилыг сайн мэдэх хүн. Их бяртай бөх байсан уу?
-Чойжоо маань их бяртай ялангуяа бугалганы гурван толгойт булчин нь маш их хөгжсөн цээж, хөлөндөө мөн ч хүчтэйсэн. Цээж, хоёр шуундаа их бяртайнх биз учраа бөхийнхөө цээжнээс цус амтагдтал халдагсан. Барьцтай барьцгүй аль ч талаараа цохидог дархан мэхтэйсэн. Чойжоо учраа бөхөө хавсарчихаад дэвээд явчихдагсан. Дэвж холдоод эргээд харахад учраа нь дээр гэгч хөөрч хар сээрээрээ ойчсон байдагсан. Чойжоо маань 1960 онд улсын аварга шалгаруулах барилдаанд Д. Дамдин аваргатай таарахдаа барьцгүй хавирчихаад дэвээд явчихлаа. Д. Дамдин аварга гишгэдэл сайтай асар хүчтэй бөх тулдаа баахан ухарч, ухарч уналгүй босоод ирж билээ.
Нэгэн удаа би "Чи яасан биеэ тоосон их зантай амьтан бэ? Хавсарчихаад дэвээд явчихын оронд хараад зогсож байж болдоггүй юм уу? гэж зэмлэхэд "Сооёо минь чи миний зовлон мэдэхгүй байна. Хавсарчихаад бушуухан зайлахгүй бол хөл нь ирж шанаа, эрүү хугалчих гээд байдаг гэж учирлаж билээ. Хавсруулсан бөхийн хөл гозойж дээр хөөрч унахдаа хөлөөрөө тийрчих гээд байдаг болохоор дэвээд холдчихдог байсан юм билээ. Чойжоод хавсруулаад Д. Дамдин аваргаас өөр тэсэж тогтсон бөх байдаггүй юм. Ер нь дархан хавсраа мөн ч олон наадамд түүнд хэрэг болсон доо. Тэрбээр хавсрахаас гадна хөнтөрч юм уу харваж суйлахдаа гаргууд. Бас шуудагдаж хавирах, дагуулж тонгорох, хий мурих, зайлж бусгах, өсгийлдэх мэхтэй, мэхэндээ даацтайсан. Ер нь дархан хавсраа болон олон угсраа мэхээрээ бусад бөхчүүдээс гоц ялгардаг байлаа. Би Ж. Чойжилсүрэнгийн уран барилдааны талаар ганц жишээ хэлье. 1958 онд улсын аварга шалгаруулах барилдаанд улсын заан Дугарсүрэн Чойжоогийн хөлд давхар хамаад ороход биеэ суллаад ачиж орхитол шалан дээр дэвссэн хивсний захад хар сээрээрээ газар шааж, маш хүчтэй ойчиж билээ. Чойжоо маань дагуулж мэх хийхдээ гаргууд байлаа шүү дээ.
-Харьшүй хүчит дархан аварга Дарийн Дамдин гуай улсын арслан Ж. Чойжилсүрэнгээс их бэргэдэг байсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?
-Тийм шүү. Тэр яах аргагүй үнэн. Улсын баяр наадам дөхөөд ирэхэд Д. Дамдин аварга энэ жилийн наадамд Ж. Чойжилсүрэн бид хоёр үлдэнэ гэж ярьж явдаг байлаа. Д. Дамдин аварга ямар ч бөхөөс эмээдэггүй хэрнээ гэнэ алдаад Чойжоод дархан хавсруулаад уначих вий гэж үнэхээр их болгоомжилдог байсан юм. Ингээд бодохлоор Чойжоо маань дархан аваргын зүрхэнд шар ус хуруулж явсан байгаа юм. Монголын бүх ард түмний болон оюутан залуучуудын спартакиад улсын аварга шалгаруулах барилдаан төрийн их наадамд олон жил дээгүүр барилдаж шөвгөрөн бөхийн хорхойтнуудыг баярлуулж явсан үнэн хүчтэй, уран хурц барилдаантай арслан байлаа даа.
Түүнтэй таарсан бөхчүүд зодогных нь сэнжигнээс барьж чадалгүй барьцгүй цохиулчих вий гэж бэргэж байгаад олигтой барьцанд хүрч чадалгүй биеэ барьж байгаад хийтэй бөмбөг шиг дээр хөөрч ойчдогсон. Одоо ийм дархан мэхтэй бөх гараагүй л байна.
-Та хоёр нэг сургуулийн оюутан ганцхан насны зөрөөтэй адилхан улсын арслан цолтой бөхчүүд. Улсын наадамд хоорондоо олон таарч барилдсан уу?
-Бид хоёр нэг сургуулийн бөх болохоор улсын аварга, хот, дүүрэг, сургуулийн аварга шалгаруулах барилдаанд бишгүй таарч барилдсан. Чойжоо гайхалтай барилдаанч бөх байсных ч юм уу бид хоёрыг нэг сургуулийн бөх янз бүрийн тэмцээнд зэрэг оролцуулдаггүй Чойжоо л голцуу шалгарч оролцдог байлаа. Бид хоёр улсын наадамд ганцхан удаа таарч барилдсан юм даг. 1962 оны улсын наадмын наймын даваанд би Ж. Чойжилсүрэнтэй тунаж барилдаад өвдөг шороодож, Д. Жамц түрүүлж улсын арслан цол хүртэж билээ. Тэр жил Ж. Чойжилсүрэн, Д. Жамц бид гурав нэг гал болж, наадмын бэлтгэл хийсэн байсан. Тэр жил Чойжоо маань дэндүү сайн байсан юм. Бэлтгэлийн үед мань эр Д. Жамцыг дураараа хаяхыг бахдан харж " Чойжоо маань энэ жил улсад түрүүлж аварга болох нь ээ " гэж баярладагсан. Гэтэл найм, есийн даваанд хоёул Жамцыг яаж ч чадалгүй унацгааж билээ. Наадмын од нь орсон бөх ямар ч бөхөд дийлдэхгүй түрүүлдгийн жишээ энэ юм даа. Чойжоо маань аваргын энтэй арслан байлаа шүү дээ. Андаа дурсаж суух сайхан байна. Ахмад үеийн олон бөх Чойжоог над шиг бахархан дурсдаг юм шүү дээ.
-Ж. Чойжилсүрэн арслан хэдэн наснаасаа эхэлж барилдсан юм бол? Танд энэ тухайгаа ярьж байсан байлгүй.
-Бид хоёр арван хэдхэнтэйдээ бөх болох замаа эхэлсэн улс. Чойжоо маань 16 настайдаа Өлзийт сумынхаа наадамд зодоглож, даага авах гэж ногт ганзагалж ирсэн аймаг, сумын цолтой сайн бөхчүүдийг цувуулж хаян түрүүлж, сумын заан цол хүртэж бөхийн гараагаа эхэлсэн юм билээ. Ж.Чойжилсүрэн үнэн хүчтэй төрмөл бяртай сайн бөх. Тийм дээ ч арван зургаахан настайдаа сумандаа түрүүлэхгүй юу. Ж. Чойжилсүрэн 1950-иад оны сүүлч 1960- аад онд бөхийн зүлэг ногоон дэвжээнд хүч түрэн орж ирсэн алдартай бөх. Тэрбээр уран барилдаантай бяр чадал сайтай ч гэсэн улсын наадамд дөрвөн удаа дөрөв давж, тавын даваанд өвдөг шороодож байж, улсын цолонд хүрсэн юм шүү дээ. Улсын наадамд хоёр удаа үзүүрлэсэн тухай нь цухас яръя. 1958 онд 23-тайдаа улсын наадамд тав дахь удаагаа зодоглож, 3-8-ын даваанд улсын арслан Самбуу, улсын начин Бордух, Гүрбадам, улсын арслан Чүлтэмсүрэн, Г.Цоодол, дархан аварга Б.Түвдэндорж нарыг давж, улсын заан гэдэг эрхэм хүндтэй цол хүртсэн юм. 1962 онд ардын хувьсгалын 41 жилийн ойгоор улсын начин, заан, арслан цолтой сайн бөхчүүдийг өвдөг шороодуулж, найм даваад есын даваанд улсын начин Д. Жамцад унаж үзүүрлэсэн юмдаг. Үнэн хүчит арслан Ж. Чойжилсүрэн улсын их баяр наадамд арваад удаа шөвгөрсөн билээ.
Сан.ПҮРЭВ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих