Японы
мэргэжлийн сүмогийн оны эхний тэмцээн их дуулиантайхан өндөрлөв.
Тэрний гол нь Хакүхо их аварга сүмогийн хамгийн дээд амжилтад хүрсэн
явдал байлаа. Өнгөрсөн оны сүүлчийн башёд 32 дахиа түрүүлж домогт их
аварга Тайхогийн амжилтад хүрсэн Монголын хүчтэн Хакүхо М.Даваажаргал
сая 33 дахь түрүүгээ авч аугаа амжилт үзүүлж шинэ замаа заслаа. Тэр
ярихдаа:
-Би энэ түрүүг авснаар өөрийн шүтээн Тайхо аваргынхаа ачийг хариуллаа гэж хэлсэн. Энэ үг би онц содон хүн боллоо гэсэн үг ердөө ч биш xүн зорилготой амьдрахын ухааныг өгүүлсэн хэрэг юм. Ингэснээр Хакүхо их домгийн амьд эзэн болов. Энэ тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн болохоор өөр олныг нурших нь илүүц болов уу. Ер нь Японы сүмогийн нүүр царайг монгол сүмочид л тодорхойлж байна шүү дээ. Гурван аварга нь монгол. Кисеносатог эс тооцвол монголчуудын хооронд л үзүүр, түрүүний төлөө барилдаан болж байна. Аваргуудын араас гарч ирэх боломжтой бөхчүүд ч монгол сүмочид байгаа.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ гэж сайхан бөх гарч ирлээ. Их явнаа даа энэ залуу. Тэр тэмцээний сүүлчийн өдөр тавин хувиа хийж дайчин барилдааны шагнал хүртэв. Цолонд ч хүрэх байх. Арван даваатай эх орон нэгт Тамавашитай хэцүүхэн "тулаан” хийж ялсан нь ирээдүй нь ойрхон бөх гэдгээ харуулав. Бас Ичиножёо Ичинноров байна. Хэдийгээр зургаахан даваатайгаар цолоо хураалгах болсон ч тэр сүмогийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд багтсаар байгаа. Хэнтэй яаж барилдахаа мэдэхгүйгээс ерөнхий барилдаантай байгаа нь түүний гол алдаа юм. Бас босох, золгох дээр алдаж байгаа нь ч олон. Залуу хүн тэр бүхнээ ухаарч засч чадвал дээд зиндаанд анх 13 давсан шигээ барилдах үеэ эргүүлж авчрах байх л даа. Тийм итгэл найдварыг сүмо сонирхогчид хэлж байдаг юм. Түүний давааны тоо уруудаж ирлээ. Гэвч өгсөх цаг ирнэ биз ээ.
Ёкозүна Харүмафүжи гэнэгүй сайхан барилдаж 11, Какирюү 10 даваатай тэмцээн дуусгав. Аваргууд өөр юмаа гэж хэлж болохоор доо. Бас Тамаваши Б.Мөнх-Оргилыг магтахгүй байхын аргагүй ээ. Тун сайхан барилдаж анх удаа 10 даваа авав. Бас л цахиур хагалах сүмоч доо. Нэг үе жюүрёод унаж буцаж ирсэн Токитэнкү Хүчитбаатар ес давлаа. Зарим давчихаар бөхөд уначихаагүй бол цолд ойрхон очсон. Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар чимээгүйхэн сайн барилдаж тавин хувиа хийлээ. Араваши Дөлгөөн, Кагамио Нанжид нарт тавин хувиа хийхэд нэг нэг даваа дутав. Тэдний хувьд дээд зиндааны шинэхэн цэргүүд гэхэд боломжийн хэрэг шүү дээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням тавхан давав. Түүнээс одоо илүү даваа нэхэх нь илүүц болов уу. Японы сүмочдоос Кисеносато үнэхээр сайн бөх. Аваргуудтай тэр л дөмөг үзэлцдэг. Хакүхо их аваргыг ганц хазайлгасан хүн. Аваргатай дахин барилдсан бөх ч мөн л тэр. Кодабан болж барилдсан Котошогикү (9), Гоэйдо (8) нар арай л гэж озеки цолоо хамгаалав даа.
Миеогирюү, Саданоүми нар ес давж. Дөнгүүр барилддаг бөхчүүд дээ. Энд бас нэг тэмдэглүүштэй юм Хацү башё тэр чигээрээ сонирхолтой байсан гэж болно. Арван таван өдрийн бүх тасалбар борлогдож заал дундуур өдөр байгаагүй гэсэн үг. Бас сүмод нэгэн жишиг тогтоосноор бооцооны тоог дээд тал нь 50 гэсэн байсан бол энэ удаа 60-д хүргэж өсгөсөн байлаа. Барилдааны чансаа туйлын өндөр байхаар л тэр байх. Сүмогийн холбооноос дахин нэг барилдаанд тийм олон шагналын мөнгө авах эсэхийг хуралдаж байж шийдэхээр болсон байна. Хамгийн сүүлчийн Какирюүтэй хийсэн барилдаанд ялсан их аварга Хакүхо 1.830.000 иен авсан ажээ. Жюүрёо, макүшита, санданмэ зиндаанд барилдсан монгол сүмочид энэ удаа тун тааруухан барилдав. Дараагийн Харү башёгийн банцүкэ хоёрдугаар сарын 23-нд гарах тухай Сүмогийн холбоо мэдээлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих