Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг уржигдар үдэш үндэсний телевизээр орон даяар
ярилцлага өгөхдөө ингэж хэлэв. Төсвийн тодотгол, нийгмийн халамжийн
асуудал, эдийн засгийн хямрал, уул уурхайн төслүүд гэх мэт цаг үеийн
тулгамдсан асуудлаар ярилцахдаа олон нийтэд ойлгуулахыг хүссэн түүний
хамгийн чухал санаа нь энэ байсан гэж болно. Тэрээр төсвийн тодотголыг
"боломжийн” гэж тодорхойлж байгаа гэв. Олон дансаар хийгдэж байсан
төрийн сангийн гүйлгээг нэг болгосон нь төсвийг эмх цэгцтэй болгосон
гэж үзжээ.
УИХ-ын гишүүд хүслийн жагсаалтаа төсөвт тусгахаа больж, яам агентлагийн зардлыг 15 хувиар танасан байна. Бас 80 байгууллагыг 25 болгох, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын цалингийн мөнгийг хасах, зөвхөн сайн сурсан оюутанд тэтгэлэг өгөх гэх мэт асуудлыг шийдэж, хэмнэлт хийж чадсан гэдгийг онцолжээ. Харин цалин нэмэх мөнгө төсөвт үнэхээр алга байхад "60 хувиар нэм” гэж шаардаж байгаа нь хий хоосон популизмаас өөр юу ч биш гэдгийг тодотгов. Алдарт эхийн одонгийн мөнгө гэх мэт нийгмийн зарим төрлийн халамжийг энэ удаад биш ч цаашид хасч цэгцлэхгүй бол өнөөгийн төсвийн бүтцийн 62 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж эзэлж байгаа гэдгийг онцоллоо. Урсгал зардалд 19 хувь нь явж хөрөнгө оруулалтад долоохон хувийг зарж байгаа нь энэ асуудлыг ямар ч байсан шийдэх ёстой гэдгийн дохио гэв. Халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засагтай орон болохгүйгээр хөгжихгүй гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.
Ерөнхий сайд Гацууртын ордыг хөдөлгөх бодолтой байгаагаа энэ ярилцлагаараа дуулгасан. Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлд 21 сургуулиа заавал барих гэнэ.Тэгэхгүй бол олон ээлжээр шөнө болтол хичээллэдэг сурагчид харанхуй шөнө, урдаг нохойтой гудамжаар гэртээ харих болж байна гэлээ. Таван толгойн хэлэлцээрийг эхлүүлсэн, өрийн таазаа шийдсэн явдал нь асуудлыг эхнээс нь шийдэж байгаагийн илрэл гэж үзэж байна. Мөн нийгмийн салбарын хувьчлалд энэ онд анхаарах гэнэ. Өөрөөр хэлбэл төр эзэмшлийн байгууллагуудынхаа менежментээс аль болох хол байхыг хичээх хэрэгтэй гэсэн.Тэрээр "Яам гэдэг байгууллага сүүлийн хэдэн жил томроод, данхайгаад явчихаж. Үүнийг энэ удаа багасгая гээд 15 хувь бууруулсан. Удахгүй Төрийн албаны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Төрийн албаны бүхий л асуудлыг энэ хуулиар цэгцлэх бодолтой байна” гэж ярив.
Ч.Сайханбилэг бизнесийнхнийг бүх талаар эрх чөлөөтэй болгоно гэдгээ зарлалаа. "Бизнесийнхнийг хүсээгүй байхад нь очиж татвар авчихаад баярлалаа гэхгүй мөртлөө дарамт бий болгож болохгүй. Тэд битүү дарамтанд байна. Одоо нурууг нь амраа гэж Мэргэжлийн хяналт,Татварынханд хэлсэн” гэсэн нь эдийн засгийн хямралаас гарах нэгэн гарц нь бизнесийг бүх талаар дэмжих гэж үзэж байгаа бололтой.Мөн биднээс дайжсан гаднын хөрөнгө оруулалтаа татахын тулд бүх талын арга хэмжээ авна гээд эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ гэдэгт хариулт өгөх цаг болсон гэдгийг сануулаад "Ерөнхий сайдын хувьд иргэддээ бидэнд хоёр зам байна гэдгийг хэлмээр байна. Оюутолгой болон бүтэн байгуулалтын том төслөө явуулах, эсвэл хэрэглээгээ багасгаж, эдийн засгаа сахилга батжуулах замыг сонгох уу гэдгээ шийдэх хэрэгтэй боллоо” хэмээв. Ингээд бүгдээрээ хамтдаа гарц хайя, энэ хоёр замын алинаар нь явах вэ гэдгээ ирэх бямба гаригаас эхлэн гурав хоногийн хугацаанд иргэдээс мессеж авч шийднэ гэсэн байна. Ерөнхий сайдын энэхүү ярилцлагаас хамгийн чухал санаа нь "Ямар нэг тоглолт хийлгүй амьдарцгаая” хэмээсэн нь байлаа. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг бодитоор харж, буруу явж байгаа замаа засъя гэх агуулга байв. Эцэст нь популизм хийх нь бүх зүйлийг сүйрүүлж байгааг онцолсон байна.
Д.СОДОН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих