Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт Япон улсыг гурав
дахь хөршийн хэмжээнд хүлээн зөвшөөрч олон талын дэмжлэг туслалцаа авч
байгаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны долдугаар сарын
21-24-ний өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийж, Ерөнхий сайд Шинзо
Абэтай хийсэн хэлэлцээний үеэр талууд хоёр орны хооронд Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн байдаг. Япон
улстай энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн хоёр орны чөлөөт
худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх төдийгүй Ази,
Номхон далайн орнуудтай Япон улс байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо,
аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломжийг нээж байгаа нь айлчлалын
онцлог, давуу тал болсон гэж Гадаад харилцааны яамнаас үнэлсэн байна.
2011 оны найдугаар сард Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахад Хятадын "Шиньхуа" 40, АНУ-ын"Пибоди" 24, ОХУ-ын консерциум болон Монголын тал тус бүр 18 хувийг эзэмшихээр шийдвэр гарч, хэвлэл мэдээллээр цацсан нь японуудыг эмзэглүүлж, Японы Элчин сайдын яамнаас "гараанаас гарсан морь барианд орж ирсэнгүй" хэмээн тайлбар ирүүлж байсан билээ. Үүнийг шийдлийн Засгийн газар дахин сонгон шалгаруулалт явуулах журмаар залруулж, Тавантолгойн төсөлд Японы "Сумитомо"-г багтааснаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нүүр бардам айлчилж, нэлээд ажил амжуулж байгаа аж.
Тухайлбал, айлчлалын гол баримт бичиг болох Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эцэслэн гарын үсэг зурснаар Япон руу экспортлох Монголын бүтээгдэхүүн гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөж, Японы импортын бүтээгдэхүүнд ердөө дөрвөн хувийн татвар ногдуулах юм байна. Ингэснээр Япон улсаас импортолсон 21 сая ам.доллар (өнгөрсөн оны байдлаар)-ын бүтээгдэхүүн, 288 сая ам.долларын экспорт эрс нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм.
Харин энэ удаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр гурван жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар цахилгаан станц, төмөр зам, төмөрлөг болон зэс хайлуулах үйлдвэр байгуулж, хурдны авто зам, метро барих зэрэг дэд бүтцийн томоохон ажлууд биеллээ олох боломжтой болж байгаа юм. Түүний эхлэл нь Тавантолгойн ордыг ашиглах олон улсын консерциумд Японы "Сумимото" корпорац оролцож байгаа явдал боллоо. Үүний өмнө 2013 оны зургадугаар сард JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, үйлдвэрлэл болон дэд бүтцийн салбарт найман тэрбум иенийн зээл олгохоор болж, энэ ажил амжилттай хэрэгжиж байна. Дээрх хөрөнгө оруулалтын төслүүд хугацаандаа амжилттай хэрэгжвэл дараагийн шатны хөтөлбөрийг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжима илэрхийлжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулахаа мэдэгдэж, энэ төслийг үргэлжлүүлэхэд 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам шинээр нээхийг хүссэн байна.
Эдийн засгийн түншлэлийн анхны гэрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ингэснээр манай улс худалдааныхаа 50, Японы тал 99.4 хувийг гаалийн үнэ тарифаас чөлөөлүүлэхээр боллоо. Үүнд манай улсын хөдөө аж ахуй, эрдэс баялгийн болон үйлдвэрлэлийн 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн, Японы талаас автомашин, эм бэлдмэл зэрэг 5700 нэрийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргаж, оруулах юм байна. Түүнээс гадна Японы Засгийн газраас Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын санхүүжилтэд зориулан 36.8 тэрбум иений зээлийг нэмж олгохоор болжээ. Мөн Монгол Улсын эдийн засгийн дунд болон урт хугацааны зорилтыг тодорхойлж, бодлого хөтөлбөр боловсруулахад туслах мэргэжилтнүүдийг илгээхээр болсон байна.
Олон улсын судлаач шинжээчдийн үзэж байгаагаар Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан нь бүс нутгийн хөгжил, Япон, БНАСАУ-ын хоорондох харилцааг сайжруулахад тус дөхөм болно гэж үнэлж байна. Учир нь, манай улс дээрх хоёр орны газар нутгийн маргаантай асуудлыг зохицуулах, харилцан үл ойлголцох явдлыг даван туулахад багагүй хувь нэмэр оруулж, зуучийн үүргийг нэг бус удаа гүйцэтгэж байсан билээ.
Үүний зэрэгцээ улс орны эдийн засгийг өөд татахад жинтэй үүрэг гүйцэтгэх Тавантолгойн төсөлд оролцож байгаа "Сумитомо" корпорацын ерөнхийлөгч Накамура Ерөнхий сайдад бараалхаж, тус корпорац нь консорциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийн талыг хариуцаж байгаагаа хэлсэн байна. Мөн нүүрс тээвэрлэлтийг хийхэд төмөр замын асуудал чухал болохыг онцлон дурджээ.
Ноён Накамура 1995 оноос хөрөнгө оруулалт хийж, Мобиком компанийг байгуулсан бөгөөд гэрээ нь дуусгавар болж байгаа тул үүрэн холбооны тусгай зөвшөөрлийг нэн даруй шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн байна.
Ямартай ч
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш анх удаа Эдийн
засгийн түншлэлийн гэрээг Япон улстай амжилттай байгууллаа. Энэ нь хоёр
улсын харилцаа харилцан ашигтай шинэ төвшинд гарсны баталгаа бөгөөд хоёр
орны худалдааг нэмэгдүүлэх, Японоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг
шингэсэн экспортын бүтээгдэхүүний тоо төрлийг олшруулах, шинэ ноухау
нэвтрүүлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд
томоохон ач холбогдолтой төдийгүй манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд
чухал алхам боллоо гэж хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэж байгаа юм.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих