Сүүлийн үед бэртэл гэмтэл од тоглогчдыг дайрч, нөгөө хэд нь Бүх Оддын Тоглолтоос нэрээ татахад хүрч, улмаар фэнүүдийн сэтгэл санаа гонсгор байна. Манай гишүүд ч гэсэн "бид юугаа үзэхийн бэ, ямар онцгүй юм бэ, ээ л дээ, яана л даа, арай ч дээ” гээд л ихэр татан уйлж, орилж, гэмшиж байгаа харагдана. Жоохон тайван бай л даа Монголчууд аа! Бүх Оддын Тоглолт гэдэг чинь сагсан бөмбөгийн фэнүүд бидний баярын өдөр. Бэртэл, гэмтэл жил бүр л дайрдаг, асуудал гардаг, тэглээ гээд үзэхгүй өнгөрдөг удаа байхгүйшдээ. Энэ жилийн хувьд ч гэсэн үзэх юм ихтэй, өрсөлдөөн ширүүнтэй, сайхан болно гэдэг би итгэж л байна. Ингээд АЛДАЛГҮЙ ҮЗЭХ АРВАН ШАЛТГААНЫГ хэлье:
10. Нью Йорк – энэ бол Америкийн ч гэлтгүй дэлхийн #1 хот. Тэр утгаараа энэ хотод болж байгаа Бүх Оддын тоглолт их хэмжээний анхаарлыг татах нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийнхэн энд тэндгүй, Холливудынхан хүртэл усны шувууд шиг нүүгээд ирэх биз. Бас анх удаагаа Загварын Шоу болно гэж байгаа. Миний үед Бритни Спиерс банди нарыг шуугиулдаг байсан бол одоо үед Ариана Грандэ орилуулж байгаа юм гэнэ лээ. Half-time-аар тэр охин чинь баллана шүү дээ!
9. Хуучин одод – Тиймээ, Коби, Уэйд, Гриффингүй Бүх Оддын Тоглолт зарим хүмүүст уйтгартай санагдах биз. Арга ч үгүй юм, Коби, Уэйдийн фэнүүд Монголоор дүүрэн, Гриффины тохохыг харах гэж орноосоо сэрдэг хүмүүс цөөнгүй. Гэхдээ ЛеБрон, Мело, Пол, Дюрант, Уэстбрүүк, Хардэн, Бош, Алдриж нь байнаа байна. Жил бүр л 2-3 тоглогч бэртээс болж ордоггүйшдээ, тэглээ тэгээд ертөнц мөхчихгүй, чи үхчихгүй. Энэ гурваас болоод Бүх Оддын Тоглолтыг үзэхгүй ээ гэж байгаа бол ер нь битгий NBA үзээрэй л гэе!
8. Шинэхэн одод – NBA-д нэгэн үе солигдож байгааг бид ухаарах ёстой. Шинэ одод гарч ирж, хуучин хэд нь халаагаа өгдөг нь жам. Кайл Лаури, Клэй Томпсон, ДеМаркус Казинс, Жимми Батлэр, Кайл Корвэр, Жефф Тийг гэсэн тоглогчид анх удаагаа Оддын Чуулганд уригдаж байгаа нь энэ. Нөгөө Коби, Мэло, ЛеБронууд чинь бас л эд нар шиг бацаанууд анх удаа орж байсан үеийг та нар битгий мартаарай. Хүн чинь шууд суперод болоод төрчихдөггүй л байх, тийм үү?
7. Ах, дүү Гасолууд – Испаний ах дүү хоёр NBA-гийн хоёр бүсийг ноёлно гэж хэн мэдлээ. Гэхдээ Пау, Марк хоёр энэ улирал үнэхээр гайхалтай байж, шинэхэн түүхийн эзэд болж, гараанд гарна гэж бодохоор өмнөөс нь баярлах юм. Тэд гараад гоё тохолт хийж, эсвэл кроссовероор биднийг баярлуулахгүй ээ. Хамгийн гол нь бид түүхэн мөчийн гэрч болж байгаа нь сайхан хэрэг.
6. Тим Данкан – Энэ агуу тоглогчийн хамгийн сүүлчийн Бүх Оддын Тоглолт энэ байж болох юм шүү. Дараа жил тэр эргэж ирсэн ч All-Star-д сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Тиймээс агуу Тиммигийн мөч бүхнийг бид анхааралтай ажиглаж, бишрэн шүтэж, дээдлэн хүндэтгэх хэрэгтэй. Түүний даруухан зан биднийг сандлаас босгохгүй ч агуу жилүүдийг нь үнэлж, түүнийг сайхан үдэх хэрэгтэй.
5. Team USA vs Team World – Хамгийн сонирхолтой өөрчлөлт энэ л байх даа. Америкийн шилдэг залуус дэлхийн шилдэг залуустай тулна. Хэдий энэ тоглолтыг Спорт Бокс шууд дамжуулахгүй ч гэсэн давталтаар лав гаргах юм билээ. Stream-ээр ч гэсэн үзчихэд илүүдэхгүй ээ. АНУ-ын шигшээ нь хамгаалагч ихтэй, легонеруудын баг нь харин өндөрүүд ихтэй юм билээ. Гоё ч юм болно доо!
4. MVP хэн бэ? – Энэ асуултын хариулт их л олон янз байх болов уу. Карри, Харден, ЛеБрон гэсэн гурван нэр хамгийн их саналыг авах байх. Гэхдээ энэ удаагийн тоглолтонд ёстой хэн ч цоорч болох юм. Клэй Томпсон, Кайл Корвэр хоёр гурваас буудаад байвал яана? Казинс будагтай талбайг ноёрховол яана? Кайри дахиад MVP болох ч юм билүү? Асуултын хариултыг олно гэдэг маш сонирхолтой.
3. Зак ЛаВин – Уналтанд орж байсан Слэм Данкийн тэмцээнийг тэртээ 2000 онд Винс Картер аварч байсныг өлгийтэй хүүхэд хүртэл мэддэг байх. Тэгвэл энэ жил Зак ЛаВин яг л Картер шиг түүхийг бүтээж болох юм. Түүнд тэсрэлт нь байна, тэмцээн нь уначихсан байна, өрсөлдөгч нь алга. ЛаВины шоуг хүлээсэн хүмүүс их бизээ!
2. 3 Point Contest – Найман шилдэг мэргэн буучдын тулаан бидний сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа. Сонголтоо хий гэх нь хүүхдүүднхээ нэгийг сонго гэж байгаа юм шиг. Найман шидэгч нар бүгдээрээ мэдэгдэл хийхийг бас нууцхан хүсч байгаа байх шүү. Карри түрүүлж чадаагүйдэй харамсдаг гэсэн бол Клэй vs Корвэр тулаан АНУ-ын шигшээгийн бэлтгэл дээр өнгөрсөн зун болж байсан билээ. Тор шатах нь ойлгомжтой!
1. Энэ чинь шоу – Ер нь бодоод байхад NBA-ийн фэнүүд Бүх Оддын Тоглолтыг ШОУ гэдэг утгаар нь хүлээж авч, тэрхэн мөчийг зугаатай л өнгөрүүлдэг. Хэн түрүүлж, аль баг хожих нь үнэндээ хэнд ч хамаагүй зүйл. Утга учир нь бас биш. Оддыг нэг дор цагаа сайхан өнгөрүүлж, фэнүүдийгээ баярлуулж байгааг харах нь өөрөө кайф. Бүх Оддын Тоглолт гэж бодонгууд толгойд шууд орж ирдэг дүр зураг ховор. Харин NBA-ийн Финал гэнгүүт Рэй Аллэний шидэлт, Уэйдийн галзуурал, Кобигийн хатгалт, Спөрсийн ноёрхол сум шиг орж ирээд, нүдэнд харагдаад, санамжийг сэргээдэг шүү дээ. Тиймээс хэн байх нь хамаагүй, Бүх Оддын Тоглолттой гурван өдрийг сайхан зугаацаж, баярлаж өнгөрүүлцгээх хэрэгтэй ![]()
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.















Сэтгэгдэл бичих