Хэрвээ үнэхээр ийм зүйл тохиолдоод цаашдын өрнөл нь Ноён уулынх шиг
үргэлжилбэл яах бол. Өнөөгийн үйл явдалтай холбож ойлговол тэнд уул
уурхайн хүчирхэг техник дуугарахгүй гэх баталгаа алга. Алтан Овоо бол
Дарьгангын байгалийн цогцолборт газарт ордог тусгай хамгаалалттай уул.
Тэнд ашигт малтмал олборлож, хайж болохгүй. Хуулиар хориотой. Ноён
ууланд байх Гацууртын орд бол "Урт нэртэй" хуулиар алт ухаж болохгүй
газрын нэг. Бас тэнд Хүннүгийн хаадын булш, бунхан байдаг тул хөндөж
болохгүй гэж судлаачид хэлдэг. Гэвч Стратегийн ордод оруулж ухуулах нь
зүйтэй гэж төрийн түшээд кноп дарсан билээ. Хорвоогийн бүх зүйл гэрэл,
сүүдэртэй байдаг хойно Ноён уулын хэрэг явдал манай эрх баригчдын хэн нь
хэн бэ, Монголын төр хэрхэн сульдаад байгааг харуулж өгсөн сайн талтай
байв.
Энэ асуудал УИХ-аар орох гэж байхад амаа тас жимийсэн
Ерөнхийлөгч олны шахалтаар аргагүй эрхэнд дуугарав. Тэрээр "Орон нутгийн
иргэдтэй хэлэлцэж тохироогүй бол энд ашиглалт явуулж болохгүй. Өвөг
дээдсийн өв онгоныг хөндөхөөр бол тэнд олборлолт явуулахгүй. Байгаль
орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол тэнд ашиглалт байхгүй." гэж хэлэв.
Төрийн тэргүүн хэн ч байсан хэлэх ёстой үгийг тэр онцолжээ. Даанч бүх зүйл шийдэгдсэн, Ноён уулыг хөндөх нь тодорхой болсон үед түүний үг ямар ч амтгүй зөвхөн өөрийгөө хамгаалсан нь илт байв. Бас болоогүй, Ноён уулыг ухуулахгүй байж болох юм байна гэсэн горьдлогыг олонд тараачихсан юм. Ерөнхийлөгч ингээд хэлчихээр шүүмжлэлийн гал Засгийн газар дээр ирэв. Тэд ч өөрсдийгөө чичлүүлэхийг хүссэнгүй. Жагсаалд оролцоогүй ч Ноён уулыг ухуулах нь буруу гэж дотроо "шатаж" яваа олон мянган хүний эргэлзээг тайлах зорилгоор ордын нөлөөллийг судлах ажлын хэсэг байгуулсан юм. Энэ нь логик талаасаа зөв байсан ч хэрэгжүүлэх арга нь эргээд эргэлзээний уяаг улам чангалчихлаа. Уг нь аливаа судалгааг явуулахдаа ашиг сонирхлын зерчил гаргахгүй гэж хөндлөнгийн шинжээчдээр хийлгэдэг. Дэлхий нийтийн жишиг нь өөрөө ийм. Гэтэл дүгнэлт өгөх ажлын хэсгийг дэд сайд ахалж гишүүдэд нь эрдэмтдээс гадна яамны дарга, мэргэжилтнүүд орсон байх юм. Багш шалгалт авчихаад өөрсдөөр нь дүн тавиулдаггүй шүү дээ уг нь.
Гацууртыг стратегийн ордод оруулаад хоёр сар боллоо. Энэ хооронд нэг хэсэг нь тэнд хүннүгийн булш байгаа нөгөө нь үйлдвэрээс тэдэн метрийн зайтай тул ухахад асуудалгүй гэдгийг л ярьсаар маргалдсаар сууна. Уг нь энэ бол Ноён уул тойрсон үйл явдлын зөвхөн өнгөц байдал. Тэнд хүннүгийн булш байгаа эсэх нь сонин биш. Тэр бол тусдаа өөр асуудал. Хамгийн гол нь, нэг хуулийг нөгөөгөөр нь "цохиж унагаж" болдог буруу жишгийн хаалгыг тэр өдөр УИХ-ын гишүүд нээчихлээ гэдгийг ярьж байгаа, засах гэж оролдсон хүн алга. Бүгд таг чиг.
Хэрвээ одоо алтны нэг компани "Урт нэртэй" хуулиар гацчихаад байгаа орд газраа Стратегийн ордод оруулж ашиглая гэвэл яах вэ. "Та нар мөнгө хэрэгтэй гээд гаднын компанийг дэмжсэн юм чинь Монголынхоо компанийг алагчилж үзэхгүй биз дээ" гэхэд татгалзах шалтгаан Засгийн газарт лав олдохгүй байх. Хэрвээ үгүй гэвэл хардлага зүй ёсоор гарна. Канадын компанид өгсөн хөнгөлөлт "Урт нэртэй" хуулийг Монголын парламент өөрөө үгүйсгэж цааш өрнөх эцэс төгсгөлгүй маргааныг эхлүүлээд байна.
Бас нэг жишээ. Дарьгангын Алтан Овооноос санамсаргүй тохиолдлоор алт илэрчээ гэж бодъё. Гэтэл нэг компани тэнд хайгуул хийхийн тулд Алтан Овоог тусгай хамгаалалтаас гаргах санал гаргаж үүнийг нь Засгийн газар яг саяных шиг мөнгө хэрэгтэй байна гэж дэмжээд УИХ-д оруулвал яах вэ. Өмнө нь болж байсан юм гээд гишүүд дахиад дэмжих үү. Ноён уулаас эхтэй буруу жишгээс харахад тэгэхгүй гэх баталгаа алга. Монголчууд юу гэж шүтээн уулаа ухуулахав тийм явдал болохгүй гэж олон хүн бодох байх. Тэгвэл Ноён уул, Дарьгангын Алтан Овоо хоёр юугаараа ялгаатай гэж. Нэг нь олон мянган жилийн өмнө Монгол нутагт төрт улсаа байгуулсан хүннүчүүдийг онголсон газар нөгөөг нь одоо илүүтэй шүтдэг гэдэггүй юм бол адилхан л монголчуудын шүтээн хайрлаж, хамгаалж байх ёстой нутаг. Үнэ цэнийн хувьд яг адилхан. Ийм байхад л гишүүд ух гээд зөвшөөрчихсөн шүү дээ.
Монгол бол өөрийн гэсэн хууль дүрэмтэй, тусгаар тогтносон улс. Ноён уул тойрсон шийдэл энэ бүхнийг үгүйсгэсэн шинжтэй монгол төрийн үнэ цэнийг алдагдуулж байгаа нь даанч харамсалтай. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулалтад яаж хандах ёстойгоо эргэж харах хэрэгтэй болжээ.
Оюутолгой.Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон төслүүд үнэндээ гадныхны хүссэн сценариар явж байна. Тэд авъя гэснээ авч чадаж байна бид хүссэнийг нь өгч буулт хийсээр.
Гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хэн ч маргахгүй. Харин монгол төрийн бодлогыг хуулийг тэд үгүйсгэж хүссэнээрээ тоглож чадаж байгаа нь өнөөдөр яах аргагүй бидний анхаарах асуудал болоод байна. Үүнд гадаадын компаниуд буруугүй. Тэд ашиг олох гэж Монголд ирсэн. Ашгаа нэмэхийн тулд янз бүрийн арга хэрэглэнэ. Харин үүнийг нь зогсоож чадаагүй заримтай нь хөтлөлцөөд явж байгаа бид өөрсдөө буруутай. Хэрвээ төрийн түшээд нь хуулиа ягштал биелүүлдэг улс орноо боддог бол гаднынхан хэзээ ч ингэж даврахгүй. Тэр нь Билл Гейтс байна уу, Капла, Жорж байна уу хамаагүй. Энд байгаа л бол Монгол төрийн хуульд захирагдаж алтан соёмбот далбаан дор бөхийх ёстой. Яагаад гэвэл, Монгол бол олон мянган жилийн бахархам түүхтэй, НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс. Энэ л бидний аминаасаа илүү хайрлах учиртай үнэ цэнэ бахархал. Хэрвээ захын нэг компани монгол төрийн бодлогод шууд нөлөөлж хүссэн шийдвэрээ гаргуулаад байвал тэрхүү үнэ цэнийн талаар яриад ч хэрэггүй. Өнөөдөр яг ийм ээдрээтэй хана төрийн өмнө босчихоод байна.
Тэгвэл одоо яах вэ. Нэг хуулийг нөгөөгөөр нь "цохиж унагах" дараагийн Гацууртыг хүлээгээд сууж болохгүй байх. Ерөөсөө ийм завхралыг үүгээр дуусгая. Алдсан бол засч чаддаг байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний Монгол мөнх оршиг гэж ярьдаг. Үнэхээр тийм байлгахыг хүсч байгаа юм бол ийм гажуудлыг цаг тухайд нь хориг тавиад тас зогсоож байя. Төрийн түшээд нь ч ухаалаг хандаж улсын эрх ашгийг эхэнд нь тавьж байя. Холбогдох хуульд тохирох заалтыг нэмэлтээр оруулсан ч болно. Ингэж зөв жишиг тогтоохгүй бол нэг л өдөр Монгол Улсын газар нутгаас тасдаж авах төсөл УИХ-д ороод ирж мэдэх нь байна шүү.
Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих