1805-1920 он хүртэлх 115 жилийн дотор 13 том аварга шалгаран гарсны долоо нь Сэцэн хан аймгийнх байжээ. Сэцэн хан аймгийн сайн бөхчүүд нь ихэвчлэн цэрвүү барилдааныг голлож байжээ. Сэцэн хан аймаг, одоогийн Дорнод аймгийн Галын голоор нутагтай Гэлэгсэнгэ аварга, Дугар аварга хоёр нь ах дүү бөх юм. Эдний барилдаан цөм цэрвүү байсан бөгөөд ихэвчлэн шувтарч дунгуйлддаг мэхтэй байжээ.
Дашдоной арслан нь одоогийн Халхын гол нутгийнх бөгөөд 1830-аад оны дунд үеэр барилдаж явсан, худагт унасан адууг худгийн амтай нь хамт ховх татан гаргадаг, хунзтай гучин зургаан цайг майхан дээгүүр давуулан шиддэг зэрэг асар их бяр хүчтэй, гар дунгуй мэхийг гайхам сайн хийдэг, халх даяарт алдартай сайхан дэвдэг бөх байсан гэнэ.
Мөн Дамбын Лхамжав гэгч үхэр алаад ширний годыг хутгаар огтлолгүй гараар мушгидаг, ямар ч бод малын чөмөгний ясыг гараар базаад хугалдаг жишээний ихээхэн хүч бяртай, даншигийн заан цолтой бөх байжээ.
Ноён нь Бээжинд жаасаалахаар явахдаа бөх Балсанлхүндэвийг сонгон авч хөсгөө хөтлүүлдэг байж. Нэгэн удаа Жанчхүүгийн давааг давж явтал хөллөгөөний хэрэглэл нь тасарч сүүлчийн ачаатай тэрэг нь үлдэж тэмээ нь хөсөгтэйгөө сул явж байсанд Балсанлхүндэв тэрхүү ачаатай тэргийг өөрөө түрэн даваан дээр авчирчээ.
Халхын голын цаад талд байдаг Ганжуур сүмд болдог найман сарын захын худалдаанд нутгийн хүмүүсийн хамт очоод буцаж явтал хүрз царилтай арваад дээрэмчин ирж заримыг зодож юмыг нь авахыг завдахад Балсанлхүндэв нэг дээрэмчнийг барин авахад нөгөөдүүл нь зугтжээ. Балсанлхүндэв их хурдан бөгөөд зугтаж байгаа дээрэмчдийн сүүлчийн нэг хүнийг барин аваад гүйдэл дундаа нөгөө нэг зугтан буй хүн руу шидсэнд оносон оногдсон хоёулаа газарт унаж байжээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих